Одоо яах вэ?

Эдийн засаг хүндэрч байгаатай холбогдуулан Этүгэн их сургуулийн багш, Монгол улсын гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд “Одоо яах вэ?” хэмээх өгүүлэл бичсэнийг өргөн олон та бүхэнд зориулан нийтэлж байна.

 

ОДОО ЯАХ ВЭ?

НЭГ: Улсын төсвийн алдагдал 2,6 их наяд төгрөг, өрийн хэмжээ 21,7 тэрбум ам.доллар болж, улс орны эдийн засаг хямралын гэхээсээ дампуурлын замд илүүтэй орж, улс үндэстнээрээ орших, эс оршихын заагт тулж ирлээ. Ийм   нөхцөлд улс орныхоо эдийн засгийн өнөөгийн бодит байдлыг эрүүл саруул ухаанаар цэгнэж, хүн арддаа ойлгогдохуйц, үр дүн нь амьдралд мэдрэгдэхүйц эдийн засгийн ул үндэстэй гарц гаргалгаа хийх шаардлагатай боллоо. 
     Өнөөгийн хямралт байдал байгаль цаг уурын эрсдэл эсхүл  эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн аль нэгнээс үүдэлтэй хямрал биш бөгөөд харин төрийн бодлого муутай алхам, гадаад зах зээлдэх голлох экспортын бүтээгдэхүүний үнийн уналт, гадаад өрийн дарамтнаас үүссэн өөрсдөө бий болгосон хямрал юм. Үүнийг засч залруулахад нэгдсэн стандарт жор байж таарахгүй. Харин тухайн үүсэж бий болсон нөхцөлд таарсан зөв хариуг олж, түүнээ зөв менежментээр хэрэгжүүлэх нь чухал. 
     Хүндэрлийг хүн арддаа байгаа үнэнээр нь хэлж элдэв халамж, баяр ёслолоо багасган тансаглалаа бүрэн зогсоож, “Үндэсний хэмнэлт, гамналт”-ын хөтөлбөр яаралтай боловсруулж түүнээ цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Энэ бол миний бодлоор эдийн засгийн хямрал “байгалийн” шалгаралд Монголчууд бидний тэс ч үлдэх эхний гарц юм. 
     Улс орон минь сүүлийн 20 жилд хэмнэлт, гамналтын үндэсний хэмжээний хөтөлбөргүй явлаа. Айл өрхөөсөө авхуулаад төр улсаа хүртэл зээлийг бодлогогүй авч, гадаадаас өндөр хүүтэй зээл авчихсан хойноо юунд оруулахаа урьдаас төлөвлөлгүй тендер нэртэй хувилдаанаар түүнээ зохион байгуулж ирлээ. Өндөр хүүтэй гадаад зээлээр  баруун солгойгүй тоглоцгоолоо. Хотоос жаахан гараа л хөдөөний аль нэг айлын гадаа очвол ашиглалт багатай портер эсхүл ачааны машин, хэд хэдэн нь мотоцикл байх бөгөөд амьдрал ямар байна даа гэж гэрийн эзэгтэй нараас асуухад манайх лизингийн өр зээлтэй гэж хариулна. Зээлээрээ юу авсан бэ? гэвэл диван, халуун сав авсан гэж ярих нэгэнтэй тааралдана. Уг нь лизингийн зээл оёдлын машин, бага оврын трактор зэрэг өөрийн бизнес үйлдвэрлэлээ тэтгэхэд зориулсан зээл гэж үздэг. Зээлийн зориулалтын утгыг нь алдагдтал дээр доргүй их зээлцгээлээ. 
     Юмаараа юм хийдэг эрүүл эдийн засагтай монгол айл өрх энд хамрахгүй л дээ. Даанч тийм нь цөөнхөн.  

     ХОЁР: Бидний дараагийн 2 дахь гарц бүтээмжийн тухай хөндье. 
     Ажилгүйдэл их байгаа учраас бүтээмж дээшилбэл ажилгүйдэл нэмэгдэнэ гэж удирдагчид маань болгоомжлоод байх шиг байна. Онолын томъёолол тийм гаргалгааг бидэнд хэлдэг ч 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай 3 сая хүнтэй, 60 сая малтай газрын баялаг нь бараг хэвээрээ байгаа оронд ажилгүйдэл гарна гэж сонгодог онолын түвшинээр сэтгэж  бодолгүйгээр хүн, мэргэжилтэй  ажиллах хүч дутагдтал нь парагматик байдлаар эдийн засгаа сэргээн босгох хэрэгтэй юм. 
     Бүтээн байгуулалтыг өрнүүлбэл, аж үйлдвэржилтийг жинхэнээр хийж чадвал монголд ажилгүйдэл биш мэргэжилтэй ажиллах хүчин үеийн үед мөнхийн дутагдаж байх хандлагатай орон юм шүү. Монгол хүний чадамж, бүтээмж, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлыг төрийн бодлогын түвшинд гаргаж тавьж чадахгүй байгаа санагдана. 
     Чадамж болоод бүтээмжийг дээшлүүлэхийн цаана боловсролтой байх, шинэ технологи эзэмших тэгэхлээр мэргэжилтэй монгол хүний үнэ цэнийг дээшлүүлэх асуудал байх нь гарцаагүй. Монгол хүн бие биенээ хуулбарлан дуурайх биш инноваци, (техник технологийн төгөлдөршил), энтерпренёр соргог санаа олж хэрэгжүүлэх, хөгжүүлэх түүнд нь төрөөс дэд бүтцээр, татвараар дэмжлэг үзүүлэх явдал өнөөгийн хөгжлийн 2 дахь гарц юм. Энэ нь бүтцийн шинжтэй өөрчлөлт байх болно. 

     ГУРАВ: Өр,  мөнгөний эргэлтийн тухайд:
     Үндэсний аюулгүй байдлын түвшингээс давсан гадаад зээлтэй болов. Хөгжлийн банк жаахан хариуцлага алдахад л уг зээл шууд өр болон хувирна. Уг өр хэрхэн үүссэн, эл мөнгө хэнд очсон, түүгээр юу бүтээснийг нийтэд ил тод болгож бодит эдийн засагт хэрэг болох зүйл бүтээсэн бол хөхүүлэн дэмжиж, тансаглал болон менежментийн чадамж сулаас мөнгөө алдсан бол хариуцлага хаана, хаанаа хүлээлгэхээс бас хүлээхээс өөр аргагүй. 
     Манай улсад бодит секторын ашигт ажиллагааны дундаж түвшингээс банкныхны ашигт ажиллагааны болоод хүүгийн түвшинг ямагт дээгүүр барьж ирсэн мөнгөний бодлого нь мөнгө, бонд, үнэт цаасны бусад эргэлт бодит эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд бус мөнгө хүүлэхэд зарцуулагдахад хүргэж байсан. Үлгэрлэж хэлбэл К. Маркс “Азийн орнууд машинт манифактурын Англи, Европ орнуудаас хөгжлөөр илт хоцорсоныг судлан тогтоож тэдгээр оронд дахь  мөнгө хүүлэл нь Азийн зогсонги байдлын үндэс болжээ” гэж бичиж байсан юм. 
Мөнгө хүүллийн ийм байдлыг 17-р зуунд биш өнөөдөр монголд бий болгож байна. Монголд 700 банк, банк бус санхүүгийн байгууллага цэцэглэн хөгжсөн юм. Банкны бодлогын энэ алдаа одоо ч үргэлжилсээр байна. Инфляц бага байхад төв банк бодлогын хүүгээ өндөр барьсаар байгаа нь эдийн засгийн хүндрэлийг улам ужигруулахаас өөр үр дүн авчрахгүй. Чингис бондын мөнгөөр үйлдвэрийг нь бариад монгол улс өөрийн бинзенээ гаргачихсан бол, Эрдэнэтийн баяжмалыг зэс цувмал утас болгочоод экспортолчихсон  бол, эсхүл энэ чиглэлээр үйлдвэрлэл нь ашиглалтанд орох дөхөөд гацчихсан байгаа бол социализмын үеийн мал аж ахуйн арьс шир, түүхий эдийн бүх үйлдвэрлэлийг технологийн хувьд бүрэн шинэчилсэн бол монголоо моторлох том оврын юм хийх гээд алдаж оносон бол би энэ өгүүллийг бичиж суухгүй байх байсан биз гэвч тийм зүйл даанч байсангүй. 
     Одоо банкнаас зээл аваад борлуулалт үгүйн улмаас зогссон барилга, худалдаа, зам, үйлчилгээ боловсролыг эхний ээлжинд мөнгөний эргэлтээр дэмжиж эдийн засгаа гацаанаас гаргах, алт олборлох хүч чадлыг нэмэгдүүлэх, одоо байгаа 60-70 сая малаа ядаж хагасыг нь борлуулж эдийн засгийн хүндэрлийг хөнгөвчлөх гарц байх болов уу? Хамгийн гол нь монголчууд бидэнтэй байнга зууралдаастай бэлэнчлэх сэтгэлгээг бүрэн халж “Айлаас эрхээр авдраа уудал” гэдэг зарчмаар хандвал зүйтэй санагдана. Гаднаас хэн нэгэн хүн ирээд биднийг эдийн засгийн хүндэрлээс гаргана гэдэг худлаа. Бид өөрсөддөө итгэж, эе эвтэй зүтгэж чадвал тэр л бидний эдийн засгийн гарц байх болно.

     ДӨРӨВ: Төрийн оролцооны тухайд 
     Эдийн засаг ямар нөхцөлд хэвийн ажиллах вэ? Төрийн оролцоо маш бага нөхцөлд л... Монголд эдийн засагт төрийн оролцоо өндөр байгаа нь өнөөгийн хямралт байдлын үндэс болж байна. 
     Олон сая төгрөгийн алдагдалтай улсын өмчит үйлдвэрийн газруудыг ажиллуулж төсвөөс татаас өгсөөр байна. Төрийн банк байгуулж хувийн банктай өрсөлдүүлсэнтэй адил төрийн өмчийн олон аж ахуйг байгуулж, хувийн сектортой өрсөлдүүлсэн фактыг салбар бүрт олныг жишээ болгон ярьж болох байх. Төрийн хэмжээ нь томорч оролцоо нь хэтэрсэнээс үүдсэн хүндрэл бидний алхам тутамд тааралдана. 
Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр хэмнэлттэй байя гэхээсээ сонгуульд дэмжигчдээ ажилтай байлгах нэрээр төрийн нүсэр аппаратыг бий болгож тэр нь  эдийн засагт давхар дарамт учруулсаар байна. Гарааны бага зэрэг капиталтай болсон өсөж босох хүсэлтэй компани, хувь хүн олон байгааг ойлгож тэднийг дэд бүтцээр дэмжиж татвараа нэмэх замаар биш бууруулах замаар төр өөрийн оролцоогоо багасгах аргаар л эдийн засагт сэргэлт авчирна. 
     Энэ бол миний тэмдэглэн хэлэх гээд байгаа дөрөвдэх гарц юм.  Ямар төр сайн төр вэ? Аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдан оролцдоггүй, дэд бүтэц, гааль татвараар дэмжигч төр л эдийн засгийг сэргээж чадах сайн төр мөн. УИХ-ын гаргах хууль ийм чиг хандлагатай байгаасай гэж бодох юм. 
     Өнөөдөр мөрөөдөж, мөрөөдсөнөө бүтээж чаддаг залуус хэдэн арваар тогтохгүй хэдэн зуугаар бий болж байна. Эднийг төр элдвээр оролдохгүй байж, боломжийг нь олгож, эрхэлж буй бизнес нь венч (өндөр технологийн) шинж чанартай байвал давуу тал олгож тэдэнд тасран хөгжих бололцоо гаргаж өгөх хэрэгтэй. Бүх хүнд хууль жигд үйлчилнэ гэсэн  нэрээр тасарч хөгжих, улсаа авч явах үндэсний цөөн компани тасран гарч чадахгүй явж ирлээ. Цаг хүндэрхэд одоо бид горыг нь амсаж байна. 
Солонгост хямрал болвол түүнийг эхнээс нь төрөөс бодлоготой дэмжиж гаргасан үндэсний шинжтэй 6 компани моторлох үүрэг гүйцэтгэдэг. Одоо манайд хүчээ авч байгаа цөөн том компани ихэвчлэн цаанаа гадаад эзэнтэй байдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу? Тэд Монголыг хүндрэлээс гаргана гэж улайран зүтгэх нь юу л бол... Ер нь монголчууд бид эрч хүчтэй, өөдрөг нийгмийг цогцлоож чадахгүй байна. Ингэж чадахгүй байгаагийн нэг нууц нь төр өөрөө аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газар байгуулж түүндээ давуу тал олгож хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлдүүлэн үүсч хөгжиж байгаа хувийн хэвшлээ доройтуулсаар байна. Хувийн хэвшлийн чадаж байгаа үйлдвэрлэл боловсрол, эмнэлгийн үйлчилгээн дээр төр одоо болтол асар их мөнгө цацаж эдийн засгаа тарамдуулсаар байна. Үүнийг зогсоох хязгаарлах нь дөрөвдэх гарц юм.

     ТАВ: Шинэ үндсэн хуулийн нөөцийг бид бүрэн ашиглаж чадсангүй. Үндсэн хуулийн цөм нь болсон “Иргэний ардчилсан нийгэм” жинхэнэ утгаараа хэрэгжсэнгүй. Иргэн төвтэй нийгэм байгуулах гээд нам төвтэй хуучин нийгэмээ дахин байгуулчихлаа. Хүн ч мэддэг юмаа л буцааж хийгээд байдаг гэдэг хуучны үг үнэн бололтой. Жишээлж хэлэхэд Багш нарын холбооноос дэвшсэн УИХ-ын гишүүн, газар тариаланчдын холбооноос дэвшсэн УИХ-ын гишүүн бусад олон иргэний нийгэмлэгүүдээс дэмжигдэн УИХ-ын гишүүн болсон хүмүүс нилээдгүй гарсан бол монголын нийгэм арай өөр үндсэн хуулийн үндсэн үзэл санаанд илүү дүйцсэн замаар явах байсан байх. Зөвхөн намаас дэмжигдэн виз авсан хүмүүс, тэдний олонлог төрийг бүрдүүлж тэр нь яваандаа олигархжиж одоо мафиоз хэв шинжрүүгээ гулсан орж байна. Намууд ч дүрээ их хувиргаж байна. 
     Ардчилсан нам эхнээсээ илүү либерал шинжтэй байж, үйлдвэрлэл эдийн засгийн асуудлаа илүүтэй анхаараад МАН нь нийгмийн хамгааллаа илүү анхаарсан бодлоготой явсан бол нийгэм илүү зөв голидролоор явах байсан болов уу? Гэтэл Юндэнгийн рольд тоглох жүжигчин нь Балганд тоглоод, Балганд тоглох жүжигчин нь Юндэнд тоглосон мэтээ. 
     Одоо анзаарч байхад ардчилсан нам засаг барьсан 2012-2016 онд илүү олон тэтгэлэг дэмжлэг халамж бий болгож илүү социал демократ шинжтэй байсан бөгөөд тэр нь ардчилсан намын үзэл баримтлал үйлдвэрлэл, эдийн засгийг сэргээх нийгмийн захиалгатай зөрчилдөж байв. Одоо МАН засаг барьж байгаа 2016-2020 онд нийгмийн халамж тэтгэлгийг хасч үйлдвэрлэл эдийн засаг сэргээх тухай ярьж эхлэв. Гэвч энэ нь ардчилсан намын дутуу орхисон нийгмийн захиалгыг гүйцэтгэж байгаа мэт харагдах юм. 
     Нийгмийн хөгжлийн захиалгат хугацаа намуудын өөрийн үзэл баримтлалаараа эрх барих хугацаа ийнхүү зөрсөн нь намуудыг ёс зүйгүй эсхүл өөрийн үзэл онолгүй юм шиг нийгэмд муухайгаар харагдуулж байна. Лав л энэ манай өнөөгийн хөгжлийн динамик, намуудын үзэл баримтлалын утга учир дээр үүссэн цаг хугацааны энэхүү гажуудлыг засахаас өөр аргагүй  болжээ. Үүний тулд аль нэг нам нь ядаж 2 сонгууль дамжиж төр барьж байж байдал цэгцэрнэ. Эсхүл намуудыг тарааж намыг дахин эхнээс нь шинэчлэн байгуулж, төрийн байгууламжийн хувьд сум хороо бүрээс сонгогдсон 300 гаруй хүнээс бүрдсэн Их хуралдай, хуульч эдийн засагчдаас голлон бүрдсэн олигархууд сонирхож оромгүй зөвхөн хууль тогтоох  бага танхимаас бүрдсэн 2 шатлалтай шинэ төрийн байгуулалтыг  үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болгож ашиглалтанд оруулах  замаар асуудлыг шийдэх арга зам  үлдсэн байна. Ингэхгүй бол засгийн газар нь фракцуудын болон парламентын  хүлээснээс гарч хөгжлийн талаар бодитой алхам хийж чадахгүй.
     Үндсэн хуулинд тодорхойгүй орхигдсон хөгжлийн төлөвлөлт, төрийн санхүү, төсөв, мөнгөний бодлогын хил хязгаар, тэдгээрийн уялдаа холбоо харилцааны суурь зарчмыг тогтоолгүйгээр асуудлыг бүхэлд нь хууль тогтоогчдын мэдэлд шилжүүлсэн нь ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй хууль тогтоогчдыг дураар авирлах бололцоог олгов. Үндсэн хуулийн ийм бүрхэг байдлыг далимдуулан хууль тогтоогчид нэг тэрбум төгрөгийг өөрсдийн тойрогт зарцуулдаг болж, гүйцэтгэх засгийн эрх мэдлийн нэг хэсгийг булаан авсан жишээ бидэнд бий.
     Үндсэн хуулийн өөрчлөлт нь их хурлын гишүүдийн тоог нэмэхэд биш, харин Үндсэн хуулийн эдийн засгийн томъёоллыг илүү тодорхой болгоход түүнийг хөгжил авчирагч томъёолол болгоход гол утга санаа оршиж байгаа билээ. Гагцхүү Үндсэн хуулийн эдийн засгийг шинэ тодорхой утгаар бий болгож байж макро эдийн засгийн тогтвортой хөгжил хангагдана. Монголчууд эдийн засгийн хямралаас гарч чинээлэг амьдралтай болох, Монгол Улс өндөр хөгжилтэй орон болох эсэх нь үүгээр нэгэн адил утгатай шийдвэрлэгдэнэ. 
Үндсэн хуульд дахин эдийн засагчлал хийж, шинэ аж үйлдвэржилтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэн, технологийн хөгжлийг V, VI эрэмбэд хүргэн, экспортын гол бүтээгдэхүүний дохиоллыг стратегийн менежментийн арга хэрэгсэл болгох замаар уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас мэдээлэл, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих явдал хөгжлийн гол хандлага байх болов уу? хэмээн үзэж байна. Үүнтэй хамт  суурь салбарын тухай ойлголтыг авч үзмээр байна.
     Аливаа улс орны эдийн засгийг авч явдаг суурь салбар гэсэн ойлголт  байдаг. Тэр нь Монгол Улсын тухайд ХАА түүний дотор мал аж ахуй юм. Гэтэл бид уул уурхайг үндсэн салбар гэж андуураад стратегийн алдаа хийгээд байна. Хөрсөн дороо их баялагтай гэж бичээд бас тэгж дуулаад байгаа гэтэл бусад орнууд ч биднээс дутуугүй хөрсөндөө баялагтай түүнээ нэг их хөндөөд байдаггүй. Бидний тухайд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол шинжлэх ухаанд суурилсан мэдлэг мэдээлэлийн хөгжил л монголыг авч явна. Баримжаагаа тэгж авбал бидний цааш цаашдаа  гарах алдаа бага байх болно.       

     ЗУРГАА: Хямралын үеийн сэтгэл зүйн тухайд. 
     Хүмүүс машин худалдаж авах, гадаад эмчилгээнд явахдаа өөртөө байгаа мэдээлэл, бусдын хүрсэн үр дүнг ашиглан гарах зардал үр ашгаа нягт нямбай дэнсэлж байгаа харагддаг. Гэвч хүн амьдралын бүх зүйлд ингэж хандаж чаддаггүй. Тэр нь тухайн хүний боловсрол, мэдээлэл ашиглах чадвар, ой санамж зэргээс хамаарч янз бүр байдаг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үнэн зүйл юм. Бодит байдал дээр эдийн засгийн хямралын үед хямралыг хэт их ярьж байдлыг улам дордуулж байна. Үүнийг дагалдан нэг талд нөөцлөх сэтгэлгээ хүмүүст бий болж тэр хэрээр бараа таваарийн олдоцыг муутгаж, нөгөө талд хүмүүс олноор ажлаас халагдаж, гэр бүл салж сарних нь эхсэж, хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө багасч үүнээс улбаатай хулгай дээрэм, залилангийн гэмт хэрэг ихсэж нийгмийн сөрөг үлдэгдэл газар авч байна. 
     Сайн байдал удаан үргэлжилбэл хүмүүс өөртөө итгэх итгэл, хүндлэлээ алдаж байгаагаа өөрийн эрхгүй мэдэрч сэтгэл санааны хоосролт явагдана. Энэ бол эдийн засгийн хямралын үеийн маш ужиг сэтгэл зовоосон асуудал юм. Үүнийг даван туулах арга нь байдлыг үнэнээр нь хэлж тухайн өрх, аж ахуйн нэгж хүндрэлийг хэрхэн давах арга ухааныг зааж хэлж өгч байх учиртай юм.
     Байдлыг бүхэлд нь засах арга бол зөвхөн эдийн засгийн өсөлтийг бий болгон түүнээ тогтворжуулах явдал үүнээс өөр сайн аргыг дэлхий дээр олж чадаагүй юм. Үүнийг стратегийн менежментийн шинэ ололтоос авч өөрийн орны түүх, уламжлал, зан заншил соёлд нийцсэн менежментийг загварыг бий болгох замаар шийднэ гэж үзэж байна. 
     Монголын бэлчээрийн мал аж ахуйг манай хоцрогдлын нэг хэсэг гэж үздэг хүмүүс, тэгж бичсэн зүйлтэй ч тааралдаж байсан. Гэвч эдийн засгийн хямрал нийгэм гольдрилоороо солигдох бүрт энэ мал аж ахуй монголчуудыг ажилтай байлгаж өлсөхөөс авран зөөлөн дэд бүтцийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Хэдэн малтай түүнээ тойглон байгаль цаг уурын өөрчлөлт дор өөрийгөө хувьсган авч ирсэн малчны өрхийн аж ахуйн хэлбэр хэдэн зуун дамжиж баттай оршсоор ирснийг түүх гэрчилнэ. Бэлчээрийг хувьчилчихгүй бол монгол дархлаа, нүүдлийн соёл иргэншил түүний онцлог давуу тал үргэлжилсээр байх болно. Монгол хүнээ дээдэлж, талцал хуваагдлыг таслан зогсоож эе, эв нэгдмэл байх сэтгэл зүйн дархлаа л бидний эдийн засгийн хүндрэлийг давах  6 дахь гарц байх болов уу?


МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, АКАДЕМИЧ С.НЯМЗАГД
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • ИРГЭН (150.129.140.54)

    2017-02-10

    ЭТҮГЭН нэртэй луйвараа улсад тушаа

  • Zochin (122.201.22.34)

    2017-02-10

    Gabyaat,Akedimchiig ni khuraaj avakh kherettei. Iim luibsrchidiin bichsen uguulel gej gudamjnii nokhoi ch tooj shinshikhgui khun sanaa abakhaarch um alga daa.

  • ТӨГССӨН ОЮУТАН (59.153.87.7)

    2017-02-10

    ЭТҮГЭН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН МӨНГИЙГ СОЛОНГОСЫН ӨНӨӨХ МУН ГЭГЧИЙНХЭН САНХҮҮЖҮҮЛСЭН ГЭЛЦДЭГ.ЭДНИЙХ ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА ГЭГЧЭЭР БААХАН АНАГААХ,Э\З-Н АНГИ НЭЭЧИХЭЭД БАГШ ОЛДОХГҮЙ ОЮУТНУУДАА ЭМШУИС-Н БАГШ НАРЫН ЗАВААР ЗААЛГАХ ГЭЭД ХОНУУЛДАГ ХАЧИН ХЭЦҮҮ УЛС ШҮҮ.

  • irgen (32.97.110.58)

    2017-01-28

    MAN-ii avilgachdiin Zasgiin gazar 7 honogt neg shine halamj shineer gargaj baina. AN baisan ch yalgaagui tegeh baisan. Undesnii hemneltiin hutulbur-iig hezee ch avilgachid heregjuulehgui.

  • (66.181.185.241)

    2017-01-27

    Ардчиллыг устга!

  • (202.131.245.69)

    2017-01-27

    mundag hun shuu

  • (202.179.29.207)

    2017-01-27

    zuw ym bichjee erh barigchid unshaarai

  • (202.21.117.178)

    2017-01-27

    sanaa saitai sai uguulel bna, erkh barigchid unshdag boloosoi

  • Дорж (112.72.12.74)

    2017-01-27

    Энэ үнэн. Чанаргүй эрх ашгаа хамгаалсан хууль гэх юм үйлдвэрлэж хэрэлдээд худал ярьж санаагаа амраагаад юу ч бүтээх чадваргүй бэлэнчилж,хулуулж,хуйвалдаж идэхээс өөрийг бүтээж чадахгүйд хүрсэн.Баялгаа урьдчилж идсэн мөнгөний оронд өгөөд ч хүрэхгүй болжээ. Шууд хөрөнгө хурааж ял тооцох л хэрэгтэй өөрөөр явах аргагүй болсон. Хашрааж,ял үүрүүлж булай бүхнийг тас цохих нь зөв.