М.Болор-Эрдэнэ: Байгалийн баялгийг ашиглахгүйгээр хөгжих боломжтойг илтгэлдээ тусгасан
- 2017-03-08
- Топ сэдэв
- 0
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ардын их сургуулийн оюутан М.Болор-Эрдэнийн илтгэл НҮБ-ын “Дэлхийн иргэншил” сэдэвт эрдэм шинжилгээний эссэ бичлэгийн уралдаанд дэлхийн 152 орны 3600 гаруй оюутан залуусын дундаас шилдгээр шалгарчээ.
Тэрээр 2016 оны 7 дугаар сарын 30-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Дэлхийн залуучуудын чуулганд оролцож “Монгол Улс дахь дэд бүтцийн хөгжилд тулгамдаж буй асуудал, шийдэл” илтгэлээ тавьсан байна. Дэлхийн олон орны оюутан залуусын дундаас шалгарч НҮБ-ын ногоон индэр дээрээс илтгэл тавьсан түүнийг эх орондоо амралтаараа ирэх үеэр нь уулзаж цөөн хором ярилцав.
-Монгол оюутны илтгэл шилдгээр шалгарч, Дэлхийн залуучуудын чуулганд анх удаа оролцон эх орныхоо нэрийг гаргасан сайхан амжилт үзүүлжээ. Илтгэлийн уралдаанд ямар шалгуураар өрсөлдөж түрүүлэв?
-Энэ чуулган нь “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт залуучуудын дуу хоолойг хүргэж тулгамдаж буй асуудал, шийдлийг олох зорилготой. Чуулганд үндсэн сэдвийн хүрээнд дэлхийн 152 орны залуус нэгэн дор цуглаж залуусын сайн сайхны төлөө чуулдаг юм. Чуулганы илтгэлийн уралдааныг жил бүрийн гуравдугаар сард зарладаг. Чуулганд оролцогчид “Дэлхийн иргэншил” хэмээх улс дамнасан соёлын солилцооны талаар эссэ бичдэг. Энэхүү сонгон шалгаруулалтад шалгарсны эцэст ярилцлагад орж, НҮБ-ын Дэлхийн залуучуудын уулзалтад оролцох эхртэй болсон. НҮБ-ын албан ёсны араб, англи, испани, орос, хятад, франц хэлээр тус бүр 10, нийт 60 оюутан шалгаруулсан. Миний хувьд хятад хэлний шалгаруулалтад тэнцсэн.
-Илтгэлийн сэдвээ хэрхэн сонгосон бэ. Сэдвийнхээ хүрээнд ямар асуудлыг хөндөж тавив?
-2016 оны илтгэлийн уралдааны хятад хэлний группын сэдэв нь “НҮБ-ын тогтвортой хөгжил-2030” төслийн 9 дэх зорилт буюу “Дэд бүтэц үйлдвэржилтийн тогтвортой хөгжил” сэдэв. Өөрийн сайн мэддэг улс, бүс нутгийн жишээг ярих даалгавар байсан.
Миний хувьд “Монгол Улс дахь дэд бүтцийн хөгжилд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр илтгэл тавьсан. Ингэхдээ Монголын хөдөө орон нутгийн хөгжлийг сайжруулахыг нэн тэргүүнд чухалчилсан. Хөдөө орон нутагт дэд бүтэц сайн хөгжөөгүй учраас орчин үеийн эмнэлгийн хүрэлцээ муу, чанартай боловсрол эзэмших боломж ч тэр бүр хүүхдүүдэд олддоггүй. Учир нь ихэнх их, дээд сургууль нийслэл хотод төвлөрсөн байдаг учраас хөдөө орон нутгийн иргэд олноор шилжин суурьшихад хүрдэг. Ингэснээр хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлөх, хүн амын нягтаршлаас гадна гэр хороолол тэлж агаарын бохирдол ихэссэн. Үүнийг хэрхэн өөрчлөх талаар илтгэлдээ жишээ татан дурдсан.
Тухайлбал, Эрдэнэт хот анх байгуулагдахдаа 200 хүрэхгүй хүнтэй байсан бол тухайн газрын байгалийн баялгийг ашиглан, зэсийн үйлдвэр барьснаар одоо 200 мянган хүн амтай том хот болон өргөжиж, иргэдийн амьжиргааны түвшин ч гэсэн харьцангуй сайжирсан. Үүний зэрэгцээ үйлдвэрийг дагаад олон сургууль,эмнэлэг бий болсон.
Мөн байгалийн нөөц баялгаа ашиглахгүйгээр хөдөө орон нутагт үйлдвэржилт, хөнгөн үйлдвэрлэлийг барьж болно. Японы нэгэн тосгонд дийлэнх хүн ам нь 65-аас дээш насныхан байдаг. Тэд манай улс шиг байгалийн нөөц баялагтаа түшиглэж амьдардаг байсан бол сүүлдээ нөөц баялаг нь дуусч эхэлсэн. Тэр үед нэгэн залуу ирж, тэндхийн ахмад настнуудыг ууланд гарч биеийн тамирын дасгал хийх үедээ хоолны чимэглэл болгон хэрэглэдэг сайн чанарын навч түүж цуглуулан тушаахыг зөвлөсөн. Ингэж тухайн газарт навчийг боловсруулан, ариутган дээд зэрэглэлийн хоолны газруудад навчин чимэглэл болгон бэлтгэн нийлүүлдэг болсон нь сүүлдээ Майкрософтын дэмжлэгийг авсан. Тэдгээр ахмад настнуудад тусгай төхөөрөмж тарааж, өдөр бүр тэдэнд ийм төрлийн, төдий хэмжээний навч цуглуулах ёстой гэсэн мэдээлэл ирдэг. Тэд ууланд, салхинд гарахдаа янз бүрийн навч түүн цуглуулж нийлүүлдэг болсон. Тэгснээр тосгоны 60-80 насныхан бүгд ажилтай болж, амьжиргаа нь сайжирч дунджаар нэг сая иенийн цалин авч, улсдаа татвар төлдөг болсон жишээтэй.
Монголын олон залуус гадаадад сурч боловсорч байна. Гадаадад бидний мэдэхгүй Японы тосгоныхон шиг туршлага авахаар зүйл олон байдаг. Тиймээс тухайн улсын хэл соёлыг сурснаар тэрхүү мэдээллийг авах боломж бидэнд бүрддэг шүү дээ. Үүнийг эх орондоо хэрэгжүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой. Улсынхаа онцлогоос шалтгаалан хөдөө орон нутагт заавал хүнд үйлдвэр биш хөнгөн үйлдвэр байгуулж болох талаар илтгэлдээ дурдсан.
-Цаашид ямар төсөл хөтөлбөрт хамрахаар зорьж байгаа вэ?
-НҮБ-ын тогтвортой хөгжил нь “Залуучуудад хөгжлийн хамгийн гол тулгуур юм” хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд залуусыг хамруулахын тулд тэдэнд хандсан олон төсөл хэрэгжиж байна. Хятадад 2030 онд хэрэгжих тогтвортой хөгжлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн залуусын шинэ санааг авах зорилготой 100 мянган юанийн шагналын сантай төсөл зарласан. Миний хувьд энэ төслийн сурталчилгааны ажилтнаар ажиллаж байна.
НҮБ-ын 2030 онд хэрэгжих төсөл нь 17 зорилттой. Энэ удаагийн “Ирээдүйн шинэчлэлийн тэмцэл” төсөлд хэрхэн ядуурлыг бууруулах, зам тээврийн нөхцлийг хэрхэн сайжруулах талаар гэхчлэн шинэ санаа цуглуулж байна.
-Үе тэнгийн оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Монголын дэд бүтцийг хөгжүүлэхэд залуус идэвхтэй оролцох ёстой. Манай залууст ийм боломж маш их байгаа. Бид өөрсдөө түүнийг хайж олох ёстой. Боломжийг ашиглаж, бүтээлч сэтгэлгээгээр хандаж улс орноо хөгжүүлэхэд бүгд гар бие оролцохыг хүсч байна.
Эх сурвалж:www.montsame.mn
Ж.Болор
Сэтгэгдэл (3)
zochin (202.179.23.193)
mundag bn
zochin (202.179.23.193)
mundag bn
AX (66.181.176.136)
Congratulations