”Жи тайм” сүлжээний үйл ажиллагаа бүрэн зогссон гэв
- 2017-03-09
- Топ сэдэв
- 0
“Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн уг компанийн үйл ажиллагааг зогсоож, тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж авч байгаа. Энэ талаар Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа Ө.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм.
Түүнийг Монгол Улсын аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Мөрдөх байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Энэ хэрэгт холбогдуулан компанийн ерөнхий захирал М.Маратаас гадна уг компанийн гүйцэтгэх захирал зэрэг олон хүнийг шалгаж байгаа ажээ.
“Жи тайм” сүлжээнд нэгдэн хохирсон иргэдийн дунд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Компанид гомдлоо гаргасан даруйд цалин мөнгийг нь олгоно. Харин цагдаагийн байгууллагад гомдол гаргавал мөнгөө олж авч чадахгүй гэдэг буруу ташаа мэдээлэл тархжээ. Энэ нь худал болохыг, иргэдийг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, хохирсон ард иргэдийг цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргахыг дэд хурандаа Ө.Эрдэнэхүү санууллаа.
Мөн иргэдийн дунд "Жи тайм" компанийн удирдлагууд баримтаа устгасан тул хохирол барагдуулах боломжгүй гэх ташаа мэдэлэл тархжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас баримт устаагүй, банкны хуулга зэргийг битүүмжилсэн тул иргэдийн хохирлыг барагдуулах боломжтойг хэлж байна.
“Жи тайм” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид энэхүү компанийн төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэх боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)