Татвараа төлөөгүй бол тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураана

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр заасан хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон тухай дуулгасан юм. 

Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сард багтаан албан татвараа төлөх ёстой. 1, 2 дугаар сард татвараа төлөх ёстой нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ.

Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд хэлэхдээ “Гуравдугаар сараас эхлэн татвараа төлсөн эсэхийг шалгана. Замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад татвараа төлсөн бол хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгууль ноогдуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авна. Гэрчилгээг харьяа дүүргийн татварын хэлтэст хүлээлгэн өгч, татвараа төлсөн тохиолдолд буцаан олгоно” гэлээ.

Нийслэлийн Татварын газрын Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.Очирсүрэн хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт АТБӨЯХАТ-аас 5 тэрбум 250 сая төгрөг, Авто зам ашигласны төлбөрөөс 2 тэрбум 451 сая төгрөг төвлөрүүлээд байна. 2017 оны нэг, хоёрдугаар сард албан татвараа төлөх ёстой 80 мянга гаруй тээврийн хэрэгсэл одоогоор татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцож байна” гэлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.118.180)

    2017-03-13

    татварын хуулийнхаа дагуу автомашины татвараа авдаг болмоор юм, худлаа журам гаргачихаад дарамт үүсгэх юм даа. 1,2 дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд бөөн баяртай саруудад давхцаж байгаа шүү дээ