Өвөрхангай аймагт цасны зузаан 80-120 см болжээ
- 2017-03-24
- Орон нутаг
- 0
Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар 40 орчим цаг цас үргэлжлэн орсны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Богд, Гучин-Ус, Уянга, Арвайхээр, Тарагт, Нарийнтээл, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хархорин зэрэг сумдад цасны зузаан тал газартаа 30-45 см, хунгарласан газартаа 80-120 см байна.
Цаг уур, Хэвлэл мэдээллийн байгууллагаас цаг агаарын аюултай үзэгдэл болохыг урьдчилан анхааруулж байсан хэдий ч сум, аймаг, хот хооронд болон малынхаа араас явсан иргэд олноор төөрөх, сураггүй болох, цасанд боогдох зэрэг тохиолдол их гарч байна. 40 зорчигчтой 8 автомашин цасанд боогдсоныг Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж өгсөн байна. Автомашинтай болон малдаа яваад сураггүй алга болсон 76 иргэнийг эрэн хайж, 65 иргэнийг эсэн мэнд олжээ.
Одоогийн байдлаар сураггүй байгаа Төгрөг сумаас Богд сумын Гүн усны баг руу пронтер машинтай явсан 4 иргэн, Хайрхандулаан сум руу портер машинтай явсан 6 иргэнийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Мөн Тарагт сумын иргэн 42 настай эмэгтэй сураггүй байгааг эрэн хайх ажил үргэлжилж байна. Баянтээг, Гучин-Ус сумын нутагт айл өрхүүдийн мал хотондоо их хэмжээний цасанд дарагдсан учраас ковшоор цасыг зайлуулж, дарагдсан малыг гаргах ажил хийгдэж байна. “Хужирт, Хархорин, Уянга, Бат-Өлзий сумдын нутгаар өнөө шөнийн 02 цаг хүртэл цас орох төлөвтэй байгаа. Гучин-Ус суманд 15 м\с салхитай, бусад сумдын нутгаар салхины эрч буурч байна.
Хаагдсан зам давааг нээх, сураггүй болсон иргэдийг эрж хайх ажилд ОБГ-ын 9 техниктэй, 45 алба хаагч, орон нутгаас 6 техниктэй, 36 хүнтэйгээр 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар ажиллаж байна. Хоёр өдөр мал бэлчээрлэх боломжгүй болсон учраас өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч, Улсын нөөцөд байгаа өвс тэжээлийг сумдад хуваарилах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Аймгийн хэмжээнд 200 орчим мянган мал төллөөд байгаа энэ үед их хэмжээний цас орсон нь мал аж ахуйн салбарт гарз хохирол дагуулах эрсдэлд оруулж байна. ОБГ болон Цэргийн ангиас туулах чадвар сайтай тэрэг техник, хүн хүчийг ашиглаж сумдад өвс тэжээл хүргэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зүүнбаян-Улаан сумын Дэвшил баг, Өлзийт сумруу аймгийн БОЭТ-ийн түргэний машин явсан зэрэг бүх боломжоо дайчлан ажиллаж байна” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд мэдээллээ.
Их хэмжээний цасны улмаас Арвайхээр сумын төвд халтиргаа гулгаа үүсч байгаа учир өнөөдөр өглөө хүрз, шүүр, бээлий зэрэг багаж хэрэгсэлтэй ирж, цас цэвэрлэгээний ажилд бүх албан байгууллагуудын ажилтануудаа оролцуулахыг аймийн Засаг даргын зүгээс хэлтэс, агентлагуудын дарга нарт үүрэг болголоо.
Өвөрхангайн Элч сонин. Б.Мөнгөнцэцэг
Сэтгэгдэл (0)