Монгол Улсын Их Хурлын дарга, ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн дарга М.Энхболд ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганд үг хэллээ
- 2017-04-02
- Топ сэдэв
- 0
Oлон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 136-р чуулган Бангладешийн нийслэл Дака хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд дэлхийн 53 орны парламентын тэргүүн, 40 орны парламентын орлогч дарга, түүний дотор 209 эмэгтэй парламентч, нийт 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
УИХ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид тус чуулганд оролцож буй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд, Н.Амарзаяа Эмэгтэй парламентчдын, Н.Номтойбаяр Залуу парламентчдын чуулганд оролцож байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр нар тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх нэгдсэн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо илэрхийлсэн бол УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргалсан юм.
Энэ өдөр М.Энхболд ОУПХ-ны Ассамблейн “Тэгш бус байдлыг арилгах нь: Нийт хүн амыг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.
ОУПХ-ны 136-р чуулганаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд парламент, парламентчдын үүрэг, санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах болон эмэгтэйчүүд, хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, тэвчишгүй хөдөлмөрөөс сэргийлэх, төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, олон улсын хэмжээнд тулгараад буй бэрхшээлт асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ АССАМБЛЕЙН 136 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ХЭЛСЭН ҮГ
Дака хот, 2017 оны 4 дүгээр сарын 2
Эрхэм хүндэт Ассамблейн дарга аа,
ОУПХ-ны Ерөнхийлөгч өө,
Эрхэм парламентын гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,
Дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид хөгжил цэцэглэлтэд хамтдаа хүрэх эв санаагаа нэгтгэж “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг 2015 онд баталсан билээ.
Олон улсын парламентын холбооны Ассамблей энэ удаагийн чуулганы үндсэн хэлэлцүүлгээ Тогтвортой хөгжлийн зорилтуудын чухал бүрэлдэхүүн болох улс төр, эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлыг арилгах асуудлаар өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон хэрэг юм.
Улс орнуудын дотоодын болон хоорондын тэгш бус байдлыг арилгах талаарх Тогтвортой хөгжлийн 10 дугаар зорилтын хүрээнд манай улсаас хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар товч танилцуулъя.
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгыг Үндсэн хуульдаа тунхагласан. Улмаар хүний эрхийн чиглэлээрх олон улсын 30 гаруй баримт бичиг, тулгуур бүх гэрээ, конвенцид нэгдэж, 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдоод байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад тодорхойлсон сонгох, сонгогдох, итгэл үнэмшилтэй байх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг улс төрийн эрх, эрх чөлөөг иргэн нэг бүр адил тэгш эдлэх зарчмыг бид хуульчилсан.
Монгол Улсын Их Хурлаас “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль, “Нийтийн сонсгол зохион байгуулах” тогтоолыг саяхан баталсан нь улс орноо удирдахад иргэдийн оролцоог хангах, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх улс төрийн эрхийг баталгаажуулахад чиглэсэн юм.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал юу юунаас чухал билээ. Тиймээс Монгол Улсын парламент 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг баталсан. Бид эдгээр баримт бичигт ядуурлын бүх төрлийг эцэс болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилт дэвшүүлсэн.
Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, 38.7 хувьтай байсан ядуурлын түвшинг 21.6 хүртэл бууруулсан. Улмаар 2020 онд 18 хувьд, 2025 онд нэг оронтой тоонд хүргэж, 2030 онд ядуурлыг эцэс болгох томоохон зорилт дэвшүүлсэн юм.
Ядуурлыг эцэс болгоход бичил, жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжих нь ихээхэн чухал тул жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, зарим төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг 1.0 хувь болгох хуулийг саяхан гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
2030 он гэхэд манай улсад орлогын тэгш бус байдал дорвитой багасч, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтах өөдрөг ирээдүйг бид төсөөлж байна.
Эрхэм нөхөд өө,
Хөгжлийн төлөө тэмүүлэх аянд бид нэг баг болж гарсан бөгөөд зорьсон газраа хүрэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх хариуцлагатай амлалт авсан билээ. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бид мартах учиргүй.
Монгол Улсын Их Хурал “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль баталж, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг, зөрчилд тооцон, хүчирхийлэл үйлдэгчид эрүүгийн болон захиргааны хариуцлага ногдуулахаар хуульчиллаа.
Эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн, үрчилсэн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жил нэмэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хойч үедээ туршлагаа өвлүүлэх зэрэг арга хэмжээг цогцоор нь тусгасан Ахмад настны тухай хуулийг батлаад байна.
Эдгээр хууль нийгмийн тэгш бус байдлыг арилгаж, иргэн бүрд ээлтэй шударга нийгмийг цогцлоох, иргэнээ энэрэх Монгол төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, аж байдлыг сайжруулах нь та бидний өнөөдөр хэлэлцэж буй Тогтвортой хөгжлийн 10 дугаар зорилт болон “Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулах тухай” 5 дугаар зорилт, түүнчлэн ОУПХ-ны 2017-2021 оны стратегид туссан эмэгтэйчүүдийн асуудлаарх зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал юм.
Олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаанаас харахад үндэсний парламентад эмэгтэйчүүдийн эзлэх дэлхийн дундаж хувь 23.3, Засгийн газрын бүрэлдэхүүн дэх эмэгтэй сайд нарын хувь 18.3 байна.
Манай улсын хувьд, 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагсдын 59.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17.1, Засгийн газрын бүрэлдэхүүнд 12.5 хувь байна. Иймд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангах нь бидний зорилго, тэмүүлэл байсаар байх болно.
Түүнчлэн амьдралын хэв маяг, ахуй соёлын онцлогоос шалтгаалж хөвгүүдийн боловсрол эзэмших эрх манай улсад зөрчигдөх тохиолдол байсаар байна. Боловсролгүй байдал хөгжих, хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж, улмаар сэтгэл гутрал, архидалт, ядууралд хүргэдэг. Үр дүнд нь нийгмийн тэгш бус байдал гүнзгийрдэг. Иймд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд эрэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад бид анхаарна.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хууль баталж, бодлого тодорхойлдог парламентчид та бидний үүрэг оролцоо нэн чухал. Тиймээс хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх төсөв санхүүг хангалттай батлах, олон улсын санхүүгийн байгууллагуудын бодлого тодорхойлох түвшинд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллахыг та бүхэндээ уриалж байна.
Улс хоорондын тэгш бус байдлыг арилгахад “Хөгжлийн төлөөх санхүүжилтийн Аддис Абэбагийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын 2014-2024 оны Венийн хөтөлбөр” зэрэг баримт бичигт туссан үүрэг амлалтыг ажил хэрэг болгох нь бас чухал юм.
Эрхэм парламентчид аа,
Монгол Улс Олон улсын парламентын холбоонд нэгдсэний 55 жилийн ой энэ онд тохиож байна. Та бидний оюунаа уралдуулж, харилцан туршлага солилцох талбар болсон энэхүү байгууллагын үйл ажиллагаан дахь идэвхтэй оролцоогоо Монгол Улс цаашид ч хадгална гэдгээ энэ хүндэт индрээс илэрхийлье.
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэсэн монгол ардын мэргэн үг бий. Та бид асуудлаа хамтран ярилцаж, оновчтой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл (1)
Ðанжийн ÑүүлÑийн амбан Сандо (77.21.52.154)
Ðанжийн ÑүүлÑийн амбан Сандо