Хачигт халдвараас сэргийлье

Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжиж халддаг гурван төрлийн өвчин бүртгэгдэж байгаа юм.

Хачигт риккетсиоз өвчин:

Риккетсиэр халдварлагдсан бэлчээрийн хачигт хүн хазуулахад халдвар авдаг. Манай иргэдийн дунд энэ хачгийг “малын хачиг” гэж нэрлэх нь бий. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд 5 дугаар сарын эхээр эзэн амьтаддаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын сүүлчээс 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшиж, риккетсиэр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд хачиг хазсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хачигт хазуулсан хүн бүр риккетсиозоор өвчлөхгүй. Зөвхөн риккетси гэдэг нянгаар халдварлагдсан хачигт хазуулсан тохиолдолд хүн хачигт риккетсиоз өвчнөөр өвчилнө. 2014 оны 4 дүгээр сарын 2-15-ны хооронд бэлчээрийн хачигт хазуулсан нийт 69 хүн халдвартын эмчид хандаж, эмчийн үзлэгт хамрагдан, зөвлөгөө авсан байна.

Хачигт хазуулсан хүмүүст хазуулснаас хойш 2-10 хоногийн дараа халуурах, биеэр гүвдрүүт тууралт гарах, хачиг хазсан газарт үрэвсч шархлах, ойролцоох тунгалгийн булчирхай томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч, зарим өвчтөн гэрээр эмчийн хяналтанд эмчлэгдэж байгаа ба зарим нь хачигт риккетсиор өвчилж, халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хачигт риккетсиоз нь манай улсад 2005 онд анх оношлогдсон. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр уг өвчний 28-114 тохиолдол бүртгэгддсэн байна.

Хачигт боррелиоз:

Хачигт боррелиоз, хачигт энцефалит өвчнүүд нь нэг төрлийн хачгаар дамждаг. Хачигт боррелиоз нь спирохетын төрлийн нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг, ойн хачиг аль аль нь өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлэх боломжтой.

Энэ хачгийг тээгчид нь чоно, үнэг, буга, бор гөрөөс, үхэр, ямаа, хонь, нохой, оготны төрлийн мэрэгчид болно. Хачигт хазуулсанаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ.

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх, төв мэдрэлийн системийн талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учран, тахир татуу болж болзошгүй. Өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл шинж тэмдэг амархан арилж, эмчилгээний үр дүн сайн байдаг. Хачигт боррелиоз нь манай улсад 2003 онд анх оношлогдсон ба сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр хачигт боррелиоз өвчний 9-38 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хачигт энцефалит:

Хачигт энцефалитнь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флавивирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвсэлээр илэрдэг. Уг өвчнийг хүнд дамжуулагч нь дээр дурьдсан хачигт боррелиоз өвчний дамжуулагч болох 2 зүйлийн хачиг байдаг. Эдгээр хачгууд нь ихэвчлэн 5 дугаар сарын эхээс эхлэн идэвхжиж, ой модтой газруудад аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулна. Мөн энэ халдварын байгалийн голомттой газарт оршин суугчид өвчлөх нь элбэг байдаг. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачгийн 71 байгалийн голомт байдгааг судлаачид тогтоосон. Энэ хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчлэн амьдарч байдаг.

Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн 10 жилд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулах, халдвар авсан хонь, ямаа, үхрийн түүхий сүү уух үед хүн халдварлах бөгөөд хүнээс хүнд халдвар дамжихгүй. Хивэгчид, шувуу, жижиг мэрэгчид, махчин амьтад, адуу, нохой энэ халдвараар өвчилдөг. Халдвар авсан хүмүүсийн 80%нь цусаар буюу уг вирусээр халдварлагдсан хачигнь хүн, амьтадын цус сорох үедээ вирусыг цусанд дамжуулдаг бол 20%ньхоол боловсруулах замаархалдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах, цуснаас халдваравдаг.

Хачигт халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

1. Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.

2. Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах

3. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях

4. Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх

5. Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах

6. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай.

7. Нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах

8. Ямаа, үхрийн түүхий сүүуухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)