Нийт 21861 га талбай түймэрт өртжээ
- 2017-04-18
- Орон нутаг
- 0
Улсын хэмжээнд 2017 оны энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртжээ.
Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн, түймэрт өртөж шатсан га талбай 6,2 дахин буурсан үзүүлэлтэй юм байна.
Тухайлбал, хамгийн их талбай хамарсан түймэр буюу Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг Зүүн гар хөндий гэдэг газар 2017.04.03-ны өдөр гарсан хээрийн түймэрт нийт 10.000 га орчим хээрийн бүс шатаж гал түймрийг унтраахаар Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, Орон нутгаас нийт 137 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.
Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
С.Наран
Сэтгэгдэл (0)