Ж.Эрдэнэбат: Төр, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж улсаа хөгжүүлнэ
- 2017-04-28
- Топ сэдэв
- 0
Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт амжилт гарган, бусдыгаа манлайлан яваа 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, нийт ажлын байрны 90 хувийг хангаж буй шилдэг компанийнхан удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, компанийн баг, хамт олонд баяр хүргэж үг хэллээ.
Тэрээр,
- Бизнесийн салбарынхан дотоод нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, ажлын байрны 90 хувийг хангаж байна. 2016 оны ТОП аж ахуйн нэгжээр шалгарсан 100 компани гэхэд л татварын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байна. Энэ гуравхан статистикаас харахад Монгол Улсын эдийн засгийн ч, монголчуудын амьдралын ч ачааны хүндийг үүрч байгаа нь манай бизнесийнхэн, энд цугларсан Та бүхэн юм. Засгийн газрын тэргүүний хувиар ард түмнийхээ өмнөөс гүн хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлж байна. Төр засаг, улстөрчдийн алдаатай бодлогын уршгаар эдийн засгийн хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг, түүнд хамгийн гүн гүнзгий өртдөг нь хувийн хэвшлийнхэн юм. Өнгөрсөн хугацааны тэдгээр алдааны өмнөөс мөн “Уучлал” гуйхын ялдамд алдааг давтахгүйн төлөө манай Засгийн газар хичээж ажиллаж байгаа, цаашид илүү зүтгэж ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Бизнес эрхлэхэд амаргүй. Тэр тусмаа тогтолцоо нь бүрэн бүрдээгүй, төрийн хүнд суртал байгаа өнөөгийн нөхцөлд 20 гаруйхан жилийн түүхтэй Монголын бизнесийн салбар өдий зэрэгтэй яваа нь бизнесмэнүүд та бүхний асар их сэтгэл, хөдөлмөрийн үр дүн.
Өнөөдөр бид энэ танхимд шилдгийг шалгаруулж, шилдэгт шагнал гардуулахаар цугларсан ч цаашид яаж илүү амжилтад хүрэх, үүний тулд төр, хувийн хэвшлийн хэн нь юу хийж, ямар үүрэг хүлээх ёстой, яаж хамтарч ажиллах талаар зарим санаа хэлье.
Монголын бизнес бусадтай эн зэрэгцэн хөгжихөд хамгийн их саад болж байгаа гурвын зэрэг шалтгааныг яаралтай засаж залруулах ёстой. Минийхээр, бизнесийн орчныг илүү сайжруулах, төрийн хэт оролцоог хумих, олон түмний сэтгэлгээг өөрчилж чадвал Монголын бизнесийн салбар өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээсээ ч ихийг бүтээж, улсынхаа эдийн засагт өнөөдрийнхөөс хувь нэмрээ хэдэн арав дахин илүү оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бизнесийн орчныг сайжруулах нь манай Засгийн газрын стратегийн зорилт байх болно. Бизнесийн орчныг сайжруулснаар хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Бизнесийн орчин сайжирснаар иргэдийн амьдрал дээшилнэ, эдийн засаг өснө. Жижиг, дунд үйлдвэрлэл ч, дэлхийд өрсөлдөх үндэсний компани ч бизнесийн сайн орчноос л төрнө. Томорсон, эсвэл түрүүлж бизнесээ эхэлсэн нь биш, бүх нийтээрээ амжилтад хүрдэг таатай орчин бүрдүүлэх, тийм орчин бүхий компанийн засаглал, менежментийг Монголдоо нутагшуулах, түгээн дэлгэрүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал юм.
Бизнес дэх төрийн оролцоог хумих эхний алхам бол төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах, элдэв хяналт шалгалтын дарамтыг багасгах юм. Төр, хувийн хэвшил хоёр нэг нь татвар төлөгч, нөгөө нь татвар хураагч гэх зөвхөн “өгөх-авах”-ын харилцаатай байвал ганцаараа ч, хамтаараа ч хол явахгүй, амжилтад хүрэхгүй. Төр-хувийн хэвшил хоёрт харилцан дэмжсэн, бие биеэ нөхсөн түншлэл хэрэгтэй. Иймд манай Засгийн газар их хэмжээний татвар төлөхийг бус, аль болох олон ажлын байр бий болгох, тухайн жилдээ ажлын байраа хадгалж үлдсэн, нийгмийн эмзэг болон зорилтот бүлгийн төлөөллийг ажлын байраар хангасан бүхий л бизнес, бизнесийн төслүүдийг илүү дэмжих болно.
Бизнесийн хөгжилд саад болж байгаа өөр нэгэн хүчин зүйл бол бидний сэтгэлгээний хоцрогдол юм.
Мөн баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлд ойр хэсгийн давуу байдал зэрэг нь бизнесийг, ялангуяа том төслүүдийн мөн чанарыг ойлгоход садаа болж байж магадгүй. Гэхдээ л хэт эх орончийн дүртэй хийрхэл, хэн нэг нь илүү баяжих нь гэсэн атаархал, мөнгөтэй нэгнээ үгүйсгэх сэтгэлгээг хөөргөх нь манай улсын хөгжилд ч, бизнесийн хөгжилд ч ямар нэгэн хэмжээгээр саад чөдөр тушаа болж байна. Бид бизнесмэнүүдээ “зөвхөн өөртөө мөнгө хийж байгаа эзэн” гэж хэзээ харахаа болино, тэр цагт энэ сэтгэлгээ өөрчлөгдөнө. Бид нийгмээрээ бизнесмэнүүдээ баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид гэж харах ёстой, тэгж харах үнэлэх цаг нь болсон гэж бодож байна.
Нутгийн зөвлөл, эвсэл холбоодоос өгдөг шагнал урамшуулалдаа хамгийн олон хүнийг ажлаар хангаж байгаа, хамгийн их татвар төлсөн, эсвэл тухайн жилдээ хамгийн олон ажлын байр шинээр бий болгосон бизнесмэнүүдийг тодруулж, нэрлэж алдаршуулбал бидний сэтгэлгээ хурдан өөрчлөгдөнө. Та бүхэн ч бас ажилчдадаа хүндэтгэлтэй хандах ёстой. Та бүхэн улсдаа баялаг бүтээж байгаа бол, танай компанийн, таны бизнесийг амжилтад хүргэхэд ажлын голыг нугалж байгаа нь танай ажилчид юм. Бүтээж байгаа баялгаасаа хэд дахин үнэ цэнэтэй нийгмийн баялаг бол танай ажиллах хүч, таны баг хамт олон юм. Сүүлийн үед төрд ч, хувийн хэвшилд ч нэг буруу жишиг тогтож нэлээд газар авах янзтай болсон байна. Энэ нь ажиллах хүчийг туршилт нэрийн дор огт цалингүй буюу бага цалингаар олон сараар ажиллуулж, жаахан бүдүүлгээр хэлбэл мөнгөний машин болгож хөдөлмөрийг нь шулах явдал газар авчээ. Би төрийн байгууллагуудад үүрэг өгч байгаа, ингэж туршилтаар ажиллаж байгаа хүмүүсээ хууль номынх нь дагуу жинхэлж үндсэн ажилтан болгон үндсэн цалинг нь олгох ажлыг шуурхай зохион байгуул гэсэн.
Бизнесийн салбарт ийм буруу хандлага битгий байгаасай гэж хүсч байна. Хэрвээ байвал “туршигдаж байгаа” тэр хүний, түүний гэр бүл, найз нөхдийн хүрээнд бидний өөрчлөхийг хүсээд байгаа өнөөх сэтгэлгээний өөрчлөлт хурдтай явж, урагшилж чадахгүй.
Хувийн хэвшлийн салбар маань 20 гаруй жилийн зам туулж, хөл дээрээ баттай зогсч чадсан ч, суралцах алдаа оноо багагүй байна. Алдаа онооноосоо харилцан суралцах зүйл ч их бий.
Төр, хувийн хэвшил хоёр тусдаа явах учиргүй. Бидний явах зам нэг. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж ажиллах, нэр төртэй амьдрахаас өөр сонголт бидэнд байхгүй. Бид хамтарч, харилцан биесээ нөхөн зүтгэж чадвал Монголын маань эдийн засаг тун удахгүй эх орны минь цэлмэг хөх тэнгэрийн нар шиг гэрэлтэх болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийхээ болон танай баг хамт олны ашиг орлого арвин байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)