Н.Номтойбаяр МҮЭХ-той хэлэлцээрийн ширээнд хамтдаа суухыг уриалж байгаагаа илэрхийллээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд өнөөдөр тайван жагсаал хийв. Тайван жагсаал нийслэлд төдийгүй 21 аймгийн төв талбайд 12 цагт нэгэн зэрэг эхэлжээ. Жагсаалын гол зорилго нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж буй бөгөөд уг хэлэлцээрээр бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ татвар бий болгоход түншлэгч талуудтай зөвшилцөх, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлэхийг шаардаж байгаа аж.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар жагсаалын талаар “Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байхаар тусгасан. Гэвч 2017 оны төсвийн тодотголоор долоон төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсон. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүнийг эсэргүүцэж МҮЭХ-ноос Засгийн газарт зургаан удаа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байна” хэмээв.

Харин жагсаалын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр жагсаалд оролцож, жагсч байгаа иргэдийг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд тавдугаар сарын 3-ний өдөр МҮЭХ-той хэлэлцээрийн ширээнд хамтдаа суухыг уриалж байгаагаа илэрхийллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ард иргэдэд ямар нэг асуудал байгаа учраас өнөөдрийн жагсаалд дуу хоолойгоо илэрхийлж оролцож байгаа. Тиймээс ч би тэднийг хүндэтгэж энэ жагсаалд оролцож, хэлэх үгийг нь сонсч байна. Асуудлыг бид хамтдаа шийдэж, ярилцах ёстой. Тиймээс тавдугаар сарын 3-ний өдөр буюу лхагва гаригт МҮЭХ-ны удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, шийдлийг хамтдаа гаргая гэсэн саналаа илэрхийллээ. Асуудлыг бид ярилцаж байж шийдэхээс, хэн нэгэн нь чанга орилж, ярьснаар асуудлыг шийдэхгүй гэж бодож байна. МҮЭХ-оос тавьж буй шаардлагуудыг албан ёсоор хүлээж аваад, хамтдаа ярилцана” гэв.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • тэрсүзэлтэн (202.131.239.194)

    2017-05-02

    Зөв НОМТОЙ минь биднийй ийм шийдэмгий байсан юм шүү

  • Би монгол хүн шүү (202.131.239.194)

    2017-05-02

    Зөв Номтой минь бидний удам шийдмэг байсан щүү