Ц.Амарбаясгалан: Шийдсэн бол хийх хэрэгтэй, хийсэн бол дуусгах хэрэгтэй
- 2017-05-07
- Топ сэдэв
- 0
“Шинобу” группийн Ерөнхий захирал Ц.Амарбаясгалантай ярилцлаа.
-Уг нь та бизнесийн салбарт маш амжилттай яваа учраас бизнесийн тухай хөөрөлдөх гэсэн хэрэг. Гэвч тантай тулааны урлагийн тухай хөөрөлдөхгүй байх нь алдаа болно. Энэ спорттой хэдэн настай нүүр тулав?
-Тулааны спорт руу бүр 11 настай байхдаа орсон, одоо ингээд харахад 25 жил болчихсон байна. Япон руу арван жилийн сургуулиа төгсөөд явсан. Тулааны спорт хэвтээ босоо гэсэн хоёр төрөл байдаг, босоо нь кик бокс босоогоор зодолддог караетагийн гэсэн үг. Хайтангийн гэж хэвтээгээр зодолддог бөхийн төрөл бий. Миний хувьд багаасаа кёкүшинкай караэтегаар буюу босоо тулалддаг төрлөөр хичээллэсэн. Хотын шигшээ, улсын аварга гэж тэмцээнүүдэд кёкүшинкай караэтагаар оролцож байгаад Япон руу урилгаар очоод тэнд нэг клубт хичээллэж эхэлсэн дээ.
-Японд их спортоор хичээллэхийн зэрэгцээ суралцсан. Ингэхэд ямар мэргэжлээр суралцаад ирэв. Тулааны спортоор хичээллэж дэлхийн хэмжээнд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан хүн бизнесийн салбарт хүч үзэж бас чамгүй ажилттай явааг бид мэднэ. Тэгэхээр та группийнхээ эх үүсвэрийг эх орондоо тавив уу, Японд уу. Энэ тухайд танилцуулахгүй юу?
-Японд эдийн засгийн чиглэлээр суралцсан. 2000 онд очоод Япон хэлний сургуульд хоёр жил, баклаврын боловсрол эзэмшихэд дөрвөн жил, дараа нь магистрт хоёр жил гээд бараг арваад жил суралцаад 2009 онд эх орондоо ирсэн. Японд сурсан мэргэжил, үзсэн харсан дадлага туршлагынхаа хүрээнд бизнесээ үргэлжлүүлээд явж байна даа. Анх би компаниа 2013 онд байгуулаад хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ компани байгуулахаасаа өмнө санаагаа олох төдийгүй зорилгоо тодорхойлчихсон гэж болно. Японд байхдаа би оюутан тамирчин байлаа. Сүүлийн жилүүдэд тэмцээнд орох нь харцангуй багасах тийшээ хандсан, өөрөөр хэлбэл, нэлээд олон тэмцээн уралдааны ард гарчихсан байсан цаг. Эх орондоо ирээд цаг зав багатай ч болчихлоо. Компанийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлээд өнөөдөр олон салбар руу орчихсон явж байна.
-Японы мэргэжлийн сумог Монголчууд хэдийнээ эзэлсэн. Жүдо ч гэх юм уу Японы үндэсний гэж болох спортоор Монголчууд тив дэлхий, олимпийн аварга болж байна. Таны хичээллэж залуу насаа зориулсан тулааны спортын давуу тал?
-Намайг анх Япон руу явж байхад өнөөдрийн Монгол Улс хөгжил дэвшил энэ тэр гээд бүх зүйлээрээ өөр байсан. Би гэхэд л Дархан-Уулаас хотод ирчихсэн, түрээсийн байранд амьдрахаас эхлээд хүнд л байсан даа. Яг энэ үедээ Япон руу явсан. Тэнд бол оюутан оюутнаараа, ажилтан ажилтнаараа байна. Харин миний хувьд бол тамирчин оюутан байлаа. Үдэш шөнөөр хичээлээ давтаад өглөө нь хичээлдээ суугаад завсараар нь шалгалтаа өгөөд орой нь бэлтгэлээ хийх зэргээр тэнд байсан цаг хугацаа бол маш хурдан өнгөрсөн. Яахав, аль алиных нь зорилго тодорхой харагддаг байсан учраас зүтгэсэн. Сургуульдаа сайн сурч мэргэжилтэй болох, бэлтгэлээ сайн хийж аварга болох тухай бодож, энэ тухай бүр харагддаг байсан учраас цагийг үр дүнтэй шантралгүй өнгөрөөсөн байж таарна.
-Таныг тамирчин учраас багш нар чинь бэлтгэлд анхаарлаа хандуулах зүйл байв уу. Энэ спортын хүн аварга хүн гээд хичээлээс чөлөөлөх ч юм уу?
-Японд бол тийм зүйл байхгүй. Тэр хүн аварга байна, уу ямар ч алдартан байсан хамаагүй, оюутан байна уу даанч хамаагүй. Ерөөсөө чи дэвжээн дээрээ гараад зодуулах, хичээлийн танхимд номын дуу сонсох хоёр бол тэс өөр зүйл гэж үзнэ. Аливаа зүйлийг тууштай тэгш гүйцэтгэдэг чанар нь тийн нөлөөлж байгаа хэрэг. Цаг барихаас эхлээд бүх зүйл өөр. Хувь хүн талаасаа том төлөвшил олдог. Монголоос маш олон залуучууд очиж байсан, хувь талаасаа төлөвшиж чаддаггүй тал бий. Тэгэхээр бэлтгэл сургуулилт хийснээрээ хүнийг өөрчилж байна гэсэн үг.
-Аливаа алдартай тамирчид залгамж халаа болох шавь нараа бэлдэж байдаг. Танд шавь нар байгаа биз дээ?
-Би фитнес клуб байгуулаад үүгээрээ дамжуулаад тамирчин бэлдэж байгаа. Тэмцээн уралдаан ч зохион байгуулдаг. Манай клуб 1000 орчим гишүүнтэй. Үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрлөө, ирэх жилээс өргөжүүлээд явна. Үүнийг мөнгө, бизнес болгож харах аргагүй. Өөрийнхөө хүсэл сонирхлоор авч явж байгаа гэхэд нэг их буруудахгүй. Харин санхүүгийнхээ асуудлыг арай өөр байдлаар шийдэх гээд янз бүрийн зүйл бодогддог.
-Та арлын оронд нөлөө бүхий тамирчин хүн. Тэгэхээр “Шинобу” группээр дамжуулаад хөрөнгө санхүүжилт татах арга зам хайж үзэв үү?
-Монгол, Япон хоёр тэс өөр. Бүх зүйлээр хандлага нь өөр учраас ингэж бодоогүй. Энэ хөрс шороон дээр Монгол хүн Монголоороо сэтгэж хийх ёстой. Япон хүн тэр арал дээрээ өөрийнхөөрөө сэтгэж хийх ёстой учраас нийцэхгүй л дээ. Энд анх бизнесээ эхлүүлж байхад хэцүү байсан нь үнэн. Жишээ нь өнөөдөр гадаадад сурч хөдөлмөрлөөд ирж байгаа олон залуус байна. Тэд гадаад сурч боловсрохын зэрэгцээ хэдэн төгрөгтэй ирээд эх орондоо бизнес хийгээд мөнгөө алдах тохиолдол олон бий. Яагаад гэхээр онол практик хоёр зөрж байна. Их хол зөрнө. Өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн залуус эх орныхоо практикт тохирохгүй, тухайн оронд эзэмшсэн жишгээр явж болдоггүй гээд бэрхшээл харагддаг.
-Одоо хоёулаа “Шинобу” группийн тухайд яриаг эргүүлье. Танай групп чухам ямар ямар салбарт үйл ажиллагаа явуулж байна?
-Анх бол чаддагаасаа эхэлсэн л дээ. Яагаад гэвэл Монголдоо яаж бизнес хийх, чухам ямар арга замаар явах гээд олон зүйлийг мэдэх хэрэгтэй байсан. Тиймээс чаддагаараа тулааныхаа чиглэлээр клуб нээгээд эхлүүлсэн. Клубад маань хүүхэд залуус олноор ирээд өргөжсөн. Ингээд үл хөдлөх рүү орж, Японд охин компаниа байгуулаад цааш явсан. Манай улс Япон шиг хөгжөөгүй болохоор хийх зүйл маш их байгаа юм.
-Та хэдийгээр спортын хүн ч бизнесийн салбарт амжилттай яваа учраас онлайн хэрэглэгчид зургаад эрэмбэлсэн учраас салбар салбарт ажиллаж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?
-Ер нь ингээд харж байхад маш хурдтай ажил л даа. Цаг үе ч хурд шаардах болсон. Нөгөө талаар маш шинэлэг байх, шинээр сэтгэх чухал байдгийг харлаа. Шинэ шинэ технологи ч их орж ирэх юм. Манайд хөгжих боломж маш их бий. Өнөөдөр олон гоё барилга барьж байна, сүүлийн үеийн ганган машин орж ирж байна. Бүгд лизингийн барилга, машин эзэмшиж байна даа. Гэхдээ энэ бол хөгжил биш. Гаднаас оюуны технологийг чиглэл чиглэлээр оруулж ирэх хэрэгтэй. Байшин барилга барихдаа биш, тэгээд ч барьсан барилгыг нь авах хүн ховор байна шүү.
-Таны хувьд “Шинобу” группийн ойрын болон, алс ирээдүйн зорилгыг юу гэж тодорхойлох вэ?
-Одоо харж байхад том том группуудийн эзэд бол ихэнх нь ээж аавынхаа өвийг залгамжилж байгаа залуус олноор гарч ирж байна. Бидний хувьд бол гурван жилийн дотор бизнесээ эхлүүлээд групп болгон өргөжүүллээ. Яахав, спортод бол хэн илүү сэтгэж, хөдөлмөрлөж байж сая аварга болж амжилт үзүүлдэг. Бизнес ч ялгаагүй. Манай гурппийн хувьд бол ямар нэг хүнээс залгамжилж аваагүй, ямар нэг нам бүлэглэлийн харъяалалтай биш. Цэвэр өөрийнхөө зүгээс босгосон. Мэдээж, “Шинобу” группийн ирээдүйд бол Монгол Улсдаа олон ажлын байр бий болгож үүгээрээ дамжаад нийгмийн амьдралд бага ч гэсэн өөрчлөлт хийх зорилготой.
-Харьд хөдөлмөрлөж сурч боловсорсон залуу хүний хувьд Монгол Улсын ойрын арван жилийг юу гэж харж байна?
-Өнөөдөр мэдээллийн давалгаа бий болж, энэ хэрээр мэдээллийн бодит байдал алдагдсан гэхэд болно. Чухам аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ больж төөрөлдсөн. Яагаад гэхээр хэвлэл мэдээллүүд ямар нэг хүрээ, хувь хүний нөлөөнд орчихсон учраас худал үнэн аль нь болохыг ялгахгүй мэдээлэл яваад байна. Энэ мэдээлэл дундаас хүн өөрөө аль нь зөв буруу эсэхийг мэдрэх хэрэгтэй. Тийм чадамжтай байж ирээдүйгээ тодорхойлно биз дээ. Тэгэхгүй бол үнэндээ ялгах арга алга.
-Ярих зуурт оюуны хөгжил боловсролд их анхаардаг хүн шиг санагдлаа. Таны хувьд боловсролын салбарт хөрөнгө оруулж ажиллах уу?
-Хүмүүс манай клубыг зөвхөн спорт гэж хардаг. Үгүй юм. Тулааны спорт бол өөрөө хүнийг жигд хөгжүүлдэг. Тулааны спорт өөрөө хүнийг богино хугацаанд асар хурдтай нүүдэл хийж чаддаг болгодог. Тиймээс бизнест амжилт үзүүлдэг. Бизнес өөрөө хурд мэдрэмж шаардсан салбар шүү дээ. Богино хугацаанд бусдаас давж сэтгээд цохилт өгсөн тамирчин ялдаг шиг бизнес өөрөө өрсөлдөөнтэй талбарт богино хугацаанд олон зүйлийг хурдтай сэтгэж байж амжилт олдог. Ийм жишиг олон бий. Тиймээс залуучууд спортоор хичээллэдэг байвал маш сайн. Үүгээрээ дамжуулж олон талын мэдрэмж чадварыг эзэмшдэг. Зөвхөн бие бялдар хөгжөөд зогсохгүй шүү дээ. Миний хувьд энэ төрлийн клуб байгуулаад, уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа нь боловсролын салбарт хөрөнгө оруулж байгаа гэж боддог. Цаашдаа ч үүнийгээ өргөжүүлнэ гэхээр яах аргагүй оюуны хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа бий болно.
-“Шинобу” группийн ирэх онд хийх ажлын төлөвлөгөө юу байна. “Шинобу” нь ямар учиртай нэр юм бэ?
-2015 онд бол манай группийн хувьд бүтээн байгуулалтын он жил байлаа. Ирэх 2016 он бол бизнесээ өргөжүүлж цогцолбор болгох, хүнсийн салбарт хүч үзэх, цэвэр ус гаргахаас эхлээд төлөвлөсөн зүйл их байна. Ирэх жил олон тууз хайчлах байх. “Шинобу” бол миний Японд тулалдаж байсан нэр. Тэсвэр хатуужил гэсэн утгатай юм. Манай группийн бүхий л зүйл “Шинобу” нэртэй. “Шинобу” саун ч гэх юм уу “Шинобу” клуб гээд бий. Манай улсад бол олон хос морьтой байж сая бизнес урагшаа явж байна. Нэгийгээ нөгөө нь нөхөх замаар ажиллахгүй бол болохгүй. Тэгээд ч цаг уурын эрс тэс уур амьсгалтай учраас зарим бизнес өвөл зогсож байхад нөгөө нь зун зогсох гээд нарийн зохицуулалт хэрэгтэй. Тэгэхгүй бол арга алга. Өөр өндөр хөгжилтэй, хүн ам олонтой газар бол нэг чиглэлээ бариад л зүтгэхэд болж байх жишээтэй. Японд бол ажиллах хүч байхгүй болсон. Бүгд компьютер, ширээний ажил хийж байна. Удахгүй Японд зуны олимп болно. Үүнийг дагасан бүтээн байгуулалтын ажлууд олон байгаа ч ажиллах хүчгүй болжээ. Тэгэхээр би компани байгуулаад Монголынхоо залуусыг тэр том бүтээн байгуулалтад татаж оруулах сонирхол бий.
-Залуустаа хандаж урмын үг хайрлаач?
-Шийдсэн бол хийх хэрэгтэй, хийсэн бол дуусгах хэрэгтэй.
Б.Саруул
www.unen.mn
Сэтгэгдэл (0)