Нийгмийн маркетинг 2017 форум болно
- 2017-05-11
- Топ сэдэв
- 0
Монголын маркетингийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тогтоогч, хамгийн анхны мэргэжлийн байгууллагуудын нэг болох Монголын Маркетингийн холбооноос “Нийгмийн Маркетинг 2017” форумыг 2 дах жилдээ зохион байгуулах гэж байна.
“Үнэт зүйлсээ хуваалцъя” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү форумын зорилго нь байгууллагуудын үйл ажиллагааг нийгмийн хариуцлагатай болгох, түүгээрээ дамжуулан нийгмийн маркетинг хийж, өрсөлдөгчдөөсөө ялгарах, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх нийгмийн энтерпрайзыг хэрхэн байгуулж, удирдан ажиллах болон филантропиг жинхэнэ утгаар нь хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох юм.
Форумын агуулга нь дараах үндсэн 4 сэдвээс бүрдэнэ.
- Байгууллагын Нийгмийн Маркетинг (Corporate Social Marketing): Нийгэмд тулгарч буй тодорхой асуудалд төвлөрч, түүнийг шийдэх замаар байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилж буй хэлбэр юм.
- Байгууллагын Нийгмийн Хариуцлага (Corporate Social Responsibility): Дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон байгаль орчны тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдаж байгууллагын дээд түвшний стратеги, эрхэм зорилго, үнэт зүйлээс эхлээд энгийн үйл явц хүртэлх бүх босоо болон хөндлөн чиглэлүүдэд байгууллагын нийгмийн хариуцлагатай байх бодлогыг хэрэгжүүлэх туха ойлголт юм.
- Филантропи (Philanthropy): Амжилттай явж байгаа бизнесийн байгууллагууд нийгэмд тулгамдаж байгаа тодорхой нэг асуудалд шийдэл гаргаж, бизнесийн ашгаасаа сан бүрдүүлээд, төрийн бус байгууллага байгуулан ажиллах замаар асуудлыг углуулгаар нь шийддэг харьцангуй шинэ ойлголт.
- Нийгмийн Энтэрпрайз (Social Enterprize): Энэ чиглэлийн компани дотроо “ашгийн төлөө” ба “ашгийн бус” гэсэн хоёр төрөл байна. Ашгийн төлөө байгууллага нь бизнесийн үйл ажиллагаа явуулж, түүнээсээ олсон ашгаа бүхлээр нь буюу хэсэгчилэн нийгмийн сайн сайханд зарцуулдаг. Хоёр дах төрлийн хувьд, бизнесийн анхны модель нь нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг. Тэд ашигтай ажиллаад ашгаа өөрсдөө авч болно.
Нийгмийн хариуцлагатай байна гэдэг нэг талаас бизнесийн боломж, нөгөө талаас нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гол түлхүүр юм. Түүнчлэн, өнөө үед бүтээгдэхүүнүүд үнэ ба чанараараа ялгарахаа бараг байсан. Тиймээс брэндийг бусдаас ялгарахад нь нийгэмд тулгарсан асуудлыг шийдэж, нийгмийн хариуцлагатай байсан нь тус болдог буюу худалдан авагчид, хэрэглэгчид нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, компани, байгууллагуудыг сонгох, дэмжих хандлага өндөр байдаг учир байгууллагын нийгмийн маркетингийг хэрэгжүүлэх нь зөвхөн нийгэмд ч бус байгууллагад ч үр ашигтай билээ.
Уншигч та Нийгмийн Маркетинг 2017 арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.
Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Сэтгэгдэл (0)