Хувийн цэцэрлэгүүдийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй байна
- 2017-05-11
- Топ сэдэв
- 0
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар мэдээллээ. Нийслэлд ажилладаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70, нийт 122 цэцэрлэгийг хамруулан төлөвлөгөөт шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад хүүхдийн өдрийн хоол, ус, агаараас сорьц, дээж авч, хөрс, тоглоом, арчдас шинжилгээ авч лабораторид шинжлүүлжээ. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт өгөх зорилгоор төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос дээж авч шинжлүүлэхэд хоолны нийт илчлэг норм хэмжээнд байгаа ч, шимт бодисын хэмжээ нь бүрэн хүрэхгүй байжээ.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.
1. Төрийн өмчийн Сонгинохайрхан дүүргийн 176, 156, 188, Багануур дүүргийн 132, Баянзүрх дүүргийн 45, 115, Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгүүд нь гэр бүлэг нээж ажиллуулж байгаа боловч тухайн цэцэрлэгийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.
2. Төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн / Сүхбаатар дүүргийн Цасан гоо, Хан-Уул дүүргийн Нарны хаан хүүхдүүд, Хүүхдийн ивээл, Баянзүрх дүүргийн Булганзул, Жаргалан, Баянгол дүүргийн Шүтээн үрс, Хатан манцуй, Буман жаалууд гэх мэт/ эрхлэгчид нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.
3. Шалгалтанд хамрагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нар ажиллаж байна.
4. Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгт 2015-2016 оны хичээлийн жилд шинээр өргөтгөл баригдсан боловч барилгын зарим хэсэгт суулт өгч цууралт үүссэн, барилгын баруун жигүүрт инженерийн шугам сүлжээний /коллектор/ гэмтэл гарсантай холбоотой хоёрдугаар сараас хойш дөрвөн ангийн хэрэглээний халуун ус тасарсаныг засуулаагүй байна. Мөн барилга шинэчлэн баригдсантай холбогдуулан 2016-2017 оны хичээлийн жилд анги танхимын тохижилт үйлчилгээнд гэх зориулалтаар эцэг эхээс хууль бусаар 22039100 төгрөгийн хандив авч ашигласан.
5. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 30.8 хувь нь эдэлбэр газар хүрэлцээгүй, 33.3 хувь нь сургалтын зориулалтын гадна тоглоомын талбай, тоног төхөөрөмж дутагдалтай, аюулгүй байдлыг хангахгүй байна. Тухайлбал: Хан-Уул дүүргийн 41-р цэцэрлэгийн гадна тохижилт хангалтгүй, “Буурай ээж” цэцэрлэг гадна тоглоомын талбайгүй, Налайх дүүргийн 123-р цэцэрлэгийн хоёр, гуравдугаар салбарууд эдэлбэр газрыг зүлэгжүүлээгүй.
6. Шинээр байгуулагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгүүд зориулалтын бус байранд ажиллаж байна. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн “Үзэм”, “Том жаал”, Баянгол дүүргийн “Мон-Эрин”, Хан-Уул дүүргийн “Буурай ээж” цэцэрлэг нь үйлдвэрийн зориулалтай барьсан байрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан боловч барилгын төлөв байдалд дүгнэлт гаргуулаагүй байна.
7. Шалгалтанд хамрагдсан зарим цэцэрлэгүүдийн барилга шаардлага хангахгүйгээс сургалтын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, суралцагч хүүхдүүд, багш ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Тухайлбал: Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар цэцэрлэгийн дээврийн хучлага төмөр зэвэрч, цоорон бороо цасны ус нэвчснээс модон хийц ялзарч, барилгын бат бөх чанарт сөргөөр нөлөөлөх болсон. Ангиудын унтлага, ариун цэврийн өрөө, эрхлэгчийн өрөө, хөгжмийн заалны хана, тааз хөгцөрч мөөгөнцөртсөн, Баянзүрх дүүргийн найм, Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар цэцэрлэгийг сэргээн засварлах тухай барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн акт гарсан, 28 цэцэрлэг агааржуулалт хангалтгүй, бохир байнга үнэртдэг. Налайх дүүргийн “Төгсзаяа” цэцэрлэг нь халаалтгүй, ариун цэврийн өрөөний паар хагарсан. Баянзүрх дүүргийн 136 цэцэрлэгийн зоорийн давхарт зэргэлдээх байрнаас ус алдаж, тааз хананд ус нэвчсэн.
8. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 66.6 хувь нь ангид бүлэгт нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос 1.5-2.2 дахин их, 25 хувьд нь угаагуур, суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байна. Мөн цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 45-72 буюу хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь тухайн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн бус хүүхэд элсүүлэн авдагтай холбоотой. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн 51, 135, Чингэлтэй дүүргийн 205, 108, Баянзүрх дүүргийн 59, 8, 172, 128, 136, Баянгол дүүргийн 141, 11, 98, 157, 47, 88, 100, Хан-Уул дүүргийн 12, 218, 41 Сонгинохайран дүүргийн 79, 90, 110, 111,116 ,119,156, 163, 192, 227 цэцэрлэгүүдэд энэ зөрчил илэрсэн.
9. Чингэлтэй дүүргийн 154-р цэцэрлэг нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын авто баазын дэргэд байрладагаас хүнд даацын машины дуу шуугиантай, утаа тортог ихтэй, Баянгол дүүргийн “Мон –Эрин”, “Шүтээн үрс”, 57, 157 дугаар цэцэрлэгийн гарах хаалга авто замын дэргэд байрладагаас авто замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан.
10. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 25 хувь нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 41.6 хувьд хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 25 хувь нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 33.3 хувьд нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологи буруу байна. Тухайлбал: Багануур дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн II салбар хүнсний агуулахад агааржуулалтгүй. Налайх дүүргийн “Төгсзаяа”, Сүхбаатар дүүргийн “Том жаал”, “Үзэм”, 205 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн агааржуулалт хангалтгүйгээс хана, таазанд хөгц үүссэн байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 988 заалттай 98 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Шинжилгээний дүнг үндэслэн 91 дүгнэлт бичиж, зөрчилтэй 70 газарт 20405000 төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулжээ. Мөн “Үзэм”, “Шүрэн цох” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна.
www.unen.mn
Сэтгэгдэл (1)
Zochin (66.181.182.155)
Surgalt yavuulaad shalgalt avaad tentsvel bolho biz dee odoo tegeed turiin daramt xeel xaxuuli orj irne idee turiin muusain yumnuud iim yuman dder l mungu oldog shuu dee