БНХАУ-ын даргад бараалхав

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохыг урьсанд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд талархал илэрхийлэв. Тэрбээр “Дэлхийн хөгжилд ганцаараа гоцлол хөгжим тоглохгүй, олуулаа найрал хөгжим тоглож хөгжье” гэсэн үзэл санааны дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилга олон улсын хэмжээнд ихээхэн дэмжлэг хүлээж байгаад баяр хүргэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “2014 онд миний бие Монгол Улсад айлчилснаас хойш бид хамтран олон бодит ажил хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид Хятад, Монголын харилцаа улам бат суурьтай байх ёстой” гэв. Тэрээр “Холын садангаас ойрын хөрш илүү гэсэн үг байдаг” гээд дэлхийн хөгжлөөс Хятад, Монгол хоёр улс хамтдаа хожих хэрэгтэйг онцлов.

Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын гол шугам дээр байгаа учраас энэ санаачилгад идэвхтэй оролцож хөгжих бүрэн боломжтой. Энэ хүрээнд Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэхээр тохирсон нь түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байгаад талууд санал нэгдэв.

БНХАУ-тай харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд худалдаа, эдийн засаг, хил орчмын хөгжил, дэд бүтцийн чиглэлээр хоёр улсын хамтарч хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар тодорхой байр сууриа илэрхийлэв.

Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв.

Хөдөө аж ахуйн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж, эхний ээлжинд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд Хятадын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг ойрын хугацаанд олон улсын статустай болгоход анхаарч ажиллахаар хоёр тал тохиролцов. 

Тавантолгой зэрэг уул уурхайн төслүүдийг цогцоор нь хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих, Оюутолгойн ордын зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хөгжлийн стратегид нийцнэ гэдгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин дурдав.

Уулзалт нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)