Мод хэрхэн тарих вэ?
- 2017-05-13
- Топ сэдэв
- 0
Энэ амралтын өдрүүдэд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаа билээ. Тэгвэл танд мод тарихад юунд анхаарах талаар зөвлөмжийг хүргэж байна.
Ихэнх хүмүүс мод ургуулахад хамгийн чухал зүйл юу вэ? гэж асуудаг. Мод ургуулахад хамгийн чухал зүйл гэж байхгүй бүх юм чухал гэдгийг ухамсарлах нь энэхүү философийн агуулга болно. Ингээд та бидний бэлтгэсэн заавар зөвлөмжийг хүлээн авна уу.
Хавар мод бутны арчилгааг хэзээ эхлэх вэ?
Модлог ургамлын арчилгааг жилийн 4 улиралд тухайн жилийн цаг агаарын ба ургамлын төрөл онцлогт тааруулан хийнэ гэдгийг анхаарна уу. Улаанбаатар орчимд сүүлийн 5 жилийн ажиглалтаар хаврын улирал урт болж байгаа нь илт ажиглагдаж байна. 1-р сарын сүүлээс огцом дулаарах, өвлийн улиралд цас бага орох зэрэг нь модлог ургамалд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 5 дахь ес дуусах үеэс буюу 2-р сарын эхээр хаврын шинж тэмдэг илэрч байдаг тул тухайн мөчөөс хаврын модлог ургамлын арчилгааны ажил эхлэх ёстой. Өвөл хавар цас их орох нь модлог ургамалд маш сайнаар нөлөөлдөг. Цасны зузаан их байх нь хөрсний чийг бага алдагдаж үндсийг хөлдөхөөс хамгаалж хаврын цагт хайлж усалгаа болдог. Сайн хавар цастай гэж монголчууд ярьдаг. Хаврын улиралд модлог ургамалд дараах төрлийн арчилгаа хийгдэнэ. Үүнд:
1. Хаврын улиралд мод ургамал чийгээ их алддаг тухай
2. Нөмрөг хучлага хийх нь яагаад хэрэгтэй вэ
3. Тулгуур ба бэхэлгээ уяаг чангалан сайжруулах /өмнөх жилийн тарьсан модонд/
4. Тайралт ба хэлбэржүүлэлт
5. Усалгааг тогтвортой хийх буюу мод усыг залгиж уудаггүй харин шимж шингээдэг
6. Хөрсөнд шим тэжээл бордоо өгөх ба хөрсөнд хийгдэх бусад ажлууд
7. Мал амьтнаас хамгаалах
8. Мод тарихад хамгийн чухал зүйл гэж байхгүй бүх зүйл чухал
1. Хаврын улиралд мод ургамал чийгээ их алддаг
Хүмүүс бодохдоо өвөл хаврын цагт мод бут унтаж байгаа гэж боддог. Үндэс унтаж байгаа боловч модны бүхий л гадаргуу мөчир салаа бүхэн гадна орчны цаг агаартай нэг орчин болон амьсгалж байдаг. Өвлийн туршид хавар газар гэсэж, үндэс ажиллаж хөрснөөс чийгийг авах хүртэл мод ургамал гол иш болон мөчирт байгаа өмнөх жилийн ус чийгээр амьдарч байдаг. Хаврын хуурайшилт салхины нөлөөллийг өөрийн чийгээрээ даван гарахад тухайн модонд өнгөрсөн намар усалгаа арчилгаа аль хэр хийж байсантай маш их холбоотой. Хөрсөн дээр темпертур +130С хэмээс дээш тасралтгүй 10 хоног үргэлжилсэний дараа мод, бутлаг ургамлын үндэс сэрж ажиллаж эхэлдэг. Намар хангалттай чийг усалгаатай байсан ургамал хаврыг сайн давж гарна. Иймээс хаврын хуурайшилтаас мод бутаа хамгаалахын тулд цасаар тогоог дүүргэн хучих, 4 сараас эхлэн агаарын температур +50С хэмээс дээш гарсан үед мөчир гол ишийг шүршин услах, тогоог усаар дүүргэх ажиллагааг 10 хоног тутамд хийх нь зүйтэй.
2. Нөмрөг хучлага хийх нь яагаад хэрэгтэй вэ
Хучлага бүтээлэг нь ургамлыг хэт хүйтэнээс, салхиний аясаар чийгээ алдахаас, хаврын түлэгдэлтээс хамгаалдаг. Мөн Улаанбаатарын нөхцөлд агаарын бохирдолоос үүсэх хөө тортогноос хамгаална.
Хучлага нь материалын хувьд зориулалтын материал байдаг бөгөөд мод бутанд өмсгөл ба бүтээх хучих хэлбэрээр хийдэг. Манайхаас харьцангуй дулаан чийглэг Хятадын Хөх хот, Бээжин хотуудад хүртэл 12 сараас 4 сар хүртэл даавуун материалаар зарим төрлийн сарнай, царс, гүйлсний төрлийн модыг бүтээж хучдагийг та бүхэн харсан байх. Тэгэхээр цаг уурын муу нөхцөлтэй Улаанбаатарын орчимд хучлага бүтээлгийг цаашид өргөнөөр хэрэглэх нь зүйтэй юм. Хаврын түлэгдэлт гэдэг нь шилмүүст мод, гацуур, нарс, зарим төрлийн арц модонд тохиолддог. Энэ нь шилмүүст модны шилмүүс хаврын наранд хатаж шарлахыг хэлнэ. Үүний шалтгаан нь цаг агаарын өөрчлөлт хавар эрт болох мөн тухайн модны намрын арчилгаа, ус чийгний хангамжаас шууд хамааралтай. Салхи бол модны хувьд бас нэг асуудал юмаа. Салхи нь модны бүхий л хэсгийг хамарч байдаг тул модны чийгийг хамгийн их хорогдуулж байдаг. Нөгөө нэг сөрөг тал нь салхи модыг хөдөлгөж /найгуулж/ байдгаараа модыг ядрааж стресст оруулдаг. Хүчтэй салхи мөчрийг хугалж үндсээр нь ховх татах ч бий. Шилжүүлэн суулгасан мод бутанд салхины хор нөлөө эхний жилд маш их. Учир нь эхний жилд мод тухайн орчин хөрсөндөө сайтар “ холбогдож барьцалдаж” өгөөгүй байдаг. Тухайн газартаа үндсээрээ бүрэн бэхжээгүй модыг салхи байнга ганхуулж хөдөлгөж байдаг нь тухайн модны үндэс гэмтэлд орж цаашид ургах боломжгүй байдаг. Салхи ба хаврын түлэгдэлтээс хагаалах арга нь модны тулгуур бэхэлгээ мөн хучлага юм. Өндөр нь 1,8м-с дээш модонд модны тулгуур бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай. Бэхэлгээг хийх арга олон янз бөгөөд олс, шургааг мод, зориулалтын бэхэлгээ байдаг. Тулгуур бэхэлгээг байнга шалгаж онцгой анхаарч байх шаардлагатай.
3. Тулгуур ба бэхэлгээ уяаг чангалан сайжруулах
Салхи бол модны хувьд бас нэг асуудал юмаа. Салхи нь модны бүхий л хэсгийг хамарч байдаг тул модны чийгийг хамгийн их хорогдуулж байдаг. Нөгөө нэг сөрөг тал нь салхи модыг хөдөлгөж ганхуулж байдгаараа модыг ядрааж стресст оруулдаг. Хүчтэй салхи мөчрийг хугалж үндсээр нь ховх татах ч бий. Шилжүүлэн суулгасан мод бутанд салхины хор нөлөө эхний жилд маш их. Учир нь эхний жилд мод тухайн орчин хөрсөндөө сайтар “холбогдож барьцалдаж” өгөөгүй байдаг. Тухайн газартаа үндсээрээ бүрэн бэхжээгүй модыг салхи байнга ганхуулж хөдөлгөж байдаг нь тухайн модны үндэс гэмтэлд орж цаашид ургах боломжгүй байдаг. Салхи ба хаврын түлэгдэлтээс хагаалах арга нь модны тулгуур бэхэлгээ мөн хучлага юм. Өндөр нь 1,8м-с дээш модонд модны тулгуур бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай. Салхинд үндсээрээ хөдөлж байгаа мод хэзээ ч ургаж чаддаггүй. Үндэсний байнгын хөдөлгөөнд орсон мод тухайн газартаа зохицон ургаж чадалгүй үхэж мөхдөг. Иймд тулгуур бэхэлгээний гол ач холбогдол нь модыг салхинд унагахгүй гэдэгээсээ илүү үндсийг хөдөлгөөнд орохоос сэргийлж үндэсний бэхжилтийг сайжруулж өгдөгт байгаа юм. Бэхэлгээг хийх арга олон янз бөгөөд олс, шургааг мод, зориулалтын бэхэлгээ байдаг. Тулгуур бэхэлгээг байнга шалгаж онцгой анхаарч байх шаардлагатай.
4. Тайралт ба хэлбэржүүлэлт буюу зөв тайралт ургалтыг идэвхижүүлнэ
Тайралтыг /prinung/ модлог ургамалд дараах шаардлагаар хийдэг.
1. Хатсан ба цаашид ургах чадваргүй хэсгийг модноос тайрч авах. Энэ нь түүний ургалтанд сайнаар нөлөөлнө. Хатсан мөчир салаа нь модон дээр байх нь үндэсний ачаалалд нөлөөлөх, цаашид ургалтын байдалд саад болсоор байдаг. Хатсан мөчир салаа нь бусад хэсэгүүддээ нөлөөлж модны чийгийг алдагдуулах шалтгаан нь болдог.
2. Эхний жилд суулгаж байгаа модонд туршлагтай ургуулагч нар тайралтыг хүчтэй хийдэг. Шилжүүлэн суулгалтын ба худалдааны явцад үндэсний систем тодорхой хэмжээгээр гэмтсэн ба чийгээ алдсаний улмаас мод стрест орсон байдаг. Ийм үед хийсэн хүчтэй тайралт нь үндэсний стересс, ачааллыг багасгаж өгсөнөөр үндэс “мотор цохих” аюулаас аврагдаж үлдсэн мөчир салааг ус чийгээр хангах чадвартай болоход сайнаар нөлөөлнө.
3. Тайралт нь салаа мөчирүүд дээр хийгдсэнээр ургалтын эрчим гол иш дээр төвлөрч ургалтыг дэмжиж байдгаараа түүний өндрийн өсөлтөнд дэмжлэг болдог.
4. Тайралтын дараагийн ач холбогдол нь хэлбэржүүлэлтийн декоративный байдлыг бий болгож байдгаараа ногоон байгууламжийн арчилгааны чухал ажилд тооцогдоно. Тайралтын ажлыг 4 - 5 сард зориулалтын хайч хөрөө ашиглан хийдэг. Тайралт хэлбэржүүлэлт хийх маш олон арга байдаг ба энэ тухай ном, тайлбар интернетд хангалттай байдаг.
5. Усалгааг тогтвортой хийх буюу мод усыг залгиж уудаггүй харин шимж шингээдэг
Хаврын хуурайшилттай улиралд усалгааг дараах байдлаар хийхийг зөвлөж байна.
1. Үндэсний тогоог боломж гарах бүр цасаар байнга дүүргэж байх. Цасны ус нь органик байдлаараа модонд шимтэй, зөөлөн усанд тооцогддог. Мөн цас нь нарны элчээр хөрсөнд аажимдаа шингэдэг тул шланкны усалгаанаас давуу талтай юм. Хавар хөрс бүрэн гэсэж амжаагүй үед цасны ус аажимдаа шингэдэг учир илүү сайн усалгаа болдог.
2. Шүрших усалгаа нь ялангуяа шилмүүст мөнх ногоон мод болох нарс, гацуур, хуш, арц модонд онцгой хамааралтай. Шилмүүст мод нь суулгасанаас хойш 2 дахь жилдээ мөчрийн болон оройн хаталтаас болж үхэж байгаа нь Улаанбаатар хотод элбэг тохиолдож байна. Нөгөө нэг чухал асуудал бол шилмүүст мод нь агаарын бохирдлыг өөр дээрээ хамгийн их хүлээж авдаг юм. Та бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой газруудад нарс мод хав хар өнгөтэй болсныг олонтоо ажиглан харсан буйзаа. Шилмүүст мод ингэж хөө тортогт дарагдах нь түүний амьдралыг таслахад хангалттай шалтгаан болно. Иймд хавар дөнгөж дулаармагц шилмүүст модыг услах нь мөчир салаанд чийг өгөхөөс гадна түүнд наалдсан хөө тортогыг арилгах ач холбогдолтой юм. Гэхдээ энэ үед агаарын температур +40С хэм байгаа үед усалгааг хийхдээ бороожуулагч ашиглан мөчир салаа хөлдөлтөөс бүрэн гараагүй хэврэг байгааг анхааран гэмтээхээс сэргийлж зөөлөн хандах хэрэгтэй.
Цаашдаа 5 сарын эхний10 хоногоос хойш Улаанбаатар орчимд модыг 7 хоногт 2-3 удаа услах нь зөв. Усалгааны хэмжээ тухайн модны хэмжээ, нас, хөрсний байдал, хаана байрлаж байгаа, нар болон сүүдэр талд байгаа эсэхээс шалтгаална. Усалгаанд баримтлах зарчим нь "мод усыг уудаггүй шингээдэг"гэсэн ойлголтыг баримтлах ёстой. Адуу үхэр бол усыг уудаг харин мод ургамал бол аажимдаа үндсээр дамжуулан шимж авдаг. Энэ ойлголтын мөн чанар нь модыг нэг удаад их хэт их услах нь зөв биш. Харин тогтмол хугацаанд шаардлагатай усыг нь тогтвортой өгөх ёстой гэсэн агуулга байгаа юм. Модыг байнга тогтвортой усалж байснаар үндэсний систем хялгасан сахлаг байдлаар бэхжиж усны шингээлтийг өөртөө татах чадвар нь сайжирдаг. Энэ нь модны цаашид амьдарах чадварт онцгой сайн нөлөөлдөг билээ.
6. Хөрсөнд шим тэжээл бордоо өгөх ба хөрсөнд хийгдэх ажлууд
Улаанбаатар орчимд модлог ургамлын үндэс 5 сарын эхний 10 хоногийн үеэс сэргэж ургалт эхлэдэг. Хаврын үед модлог ургамлын хөрс шим тэжээлээ бүрэн шавхсан байдалтай байдаг тул тухайн модны нөхцөл байдалд тааруулан бордоо шим тэжээлийг өгөх хэрэгтэй. Хавар үндэсний ажиллагааг дэмжихийн зорилгоор Азот илүү орсон холимог бордоог өгөх нь зөв. Бордоо шим тэжээлийг адууны хомоол, үхрийн баас болох органик байдлаар өгөхөд сайн байдаг. Нэг модонд том хүрзний хэмжээгээр 3 удаа адууны хомоол хийхэд бүтэн жилийн туршд хангалттай шим тэжээл болдог. Гэхдээ адууны хомоол нь 1-2 жил өнжсөн байвал тохиромжтой. Хавар хөрс гэсэж эхлэнгүүт модны тогоон доторх хог ургамлыг цэвэрлэж хөрсийг 15-20 см гүн сиийрэгжүүлэх шаардалагтай. Ингэж сийрүүлэлт хийх нь хөрсийг хүчилтөрчөөр хангах, усны шингэлтийг сайжруулж өгдөг. Модны тогоно доторх хөрсөнд өвс ба зэрлэг ургамал ургах нь хөрсний чийг алдах шим тэжээлийн өрсөлдөөн бий болгодог тул тэдгээрийг байнга устгаж байх ёстой. Модны хөрсөнд байх нэг чухал зүйл нь Мulch буюу хучмалж юм. Хучмалжийг органик материал болох мод зомгол, холтос зэргээр хийдэг. Хучмалж нь хөрсний чийгийг хадгалж байдагаараа чухал юм.
7. Мал амьтнаас хамгаалах
Тарьсан модонд дайсан мундахгүй. Хот орчимын мал, мэрэгч амьтад туулай, огтоно зэрэг сүйтгэгчид их. Ялангуяа зуслангийн орчимд мал байгаа газарт тарьж ургуулсан мод, бут тэдгээрийн малын хоол тэжээл болох нь харамсалтай. Хүмүүс зусландаа мод бут ихээр тарьдаг боловч тухайн хэсэгт нэг айл 20-30 ямаатай байхад тэр орчмын ургамлыг хаман идүүлсэн байдаг. Хүмүүс боломжоороо хашаа , хамгаалалт хийдэгч мал “яаж ийгээд л” орчихсон байдаг. Хавар цагт малын өвс тэжээл ховор, тарчиг үед үхэр ямаа “юу тааралдсанаа” идэж устгадаг. Ойн тухай хуулийн 29.1.5-д “Ойжуулсан, ойн үр бэлтгэх зориулалтаар тусгаарласан болон тарьц, суулгац ургуулсан мод үржүүлгийн талбайд мод бэлтгэх, мал бэлчээхийг хориглох” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу малаа таны тарьж ургуулсан мод ургамалд оруулж устгаж сүйтгэсэн тохиолдолд тухайн малын эзэнд хариуцлага тооцох хууль байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс мод бутыг тарьж ургуулсан тухайн орчинд малтай байгаа айл, иргэдэд энэ хуулийн заалтийг ойлгуулж, таниулан хэрэгжүүлэх шаардлагатай юм.
8. Мод ургуулахад хамгийн чухал зүйл гэж байхгүй бүх зүйл чухал
Энэхүү санааг дахин давтахыг хүсэж байна. Мод ургуулахад арчилгааны бүх зүйл ижил үүрэгтэйгээр чухал болж байдаг. Аливаа модны ургах чадвар нь суулгаснаас хойш 2 дахь жилийн арчилгааг хэр сайн хийхээс шалтгаалдаг. Учир нь шилжүүлэн суулгсан мод нь тухайн газраа эхний жилдээ өөрийн энергиэр ургах тохиолдол их байдаг. Энэ нь миний тарьсан мод ургачихлаа гэсэн тайвширлыг өгч 2 дахь жилээс арчилгаа хийх байдлыг сулруулдаг. Гэтэл шилжүүлэн суулгасан болон тарьсан мод 2 дахь жилээс арчилгаа анхаарал илүү их шаарддаг.
Бидний дараагийн хүргэх заавар, зөвөлгөө нь “Хавар хэрхэн мод тарих вэ” гэсэн сэдэвт зөвөлгөө байх болно.
Энэхүү зөвөлгөө нь Соёолж ххк-ийн оюуны бүтээл тул цааш хуулбарлан тараах, олон нийтэд ашиглахдаа эх сурвалж болох Соёолж ххк болон soyolj.com сайтын нэрийг дурдана уу.
Сэтгэгдэл (2)
Ðалдан амбагай (103.57.94.35)
Ðил Ð±Ò¯Ñ Ð¼Ð¾Ð´ ÑаÑÐ¸Ñ Ð½ÑÑÑÑÑ Ð¶Ð¸Ð¶Ð¸Ð³Ñ Ñн зÑлзаган мод боÑÑолж даÑаа жил Ð½Ñ Ð°Ð²Ñ Ñ Ð°ÑÑÐ°Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð°Ð´ жижиг залÑÑ Ð¼Ð¾Ð´Ð¾Ð¾ дÑÑÑган ÑÐ½Ñ Ð¶Ð¸Ð»ÑÑÑ Ñом мод боÑÑÐ¾Ð»Ð¾Ñ Ð±Ð¾Ð»Ñон Ñм.ÑÑ . С. Ð¥. Ð- ийн 32- Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ñ Ó©Ð¼Ð½Ó©Ñ Ð·Ð°Ð¼ дÑÑÑ Ñ ÑÑÑай ÑоÑоонд ÑÐ°Ñ Ñ ÑÐ¹Ñ ÑÑÑлгаж байгаа 2 залÑÑг Ñ Ð°Ñлаа. Ðод ÑаÑÐ¸Ñ Ð°Ð´ Ñ Ñб ÑÑÑд ÑÑÑÑлагажиж дÑÑ
(202.9.42.88)
ok