Н.Номтойбаяр: Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон талаар болон Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-аар зөрчил, шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал: 

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ШИМТГЭЛГҮЙ БОЛГОВ

Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгоно.

ДААТГУУЛАГЧИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Дээрх ажлын хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В,С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлбөрийг нь хариуцахаар мөн 40, 45, , 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний 3 төрлийн багцаас сонгон тусламж, үйлчилгээ авах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дараах 3 багцаас сонгоно

Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх

Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх

Хавдрын эрт илрүүлэг

Элэгний С, В вирүсыг илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40-65 насны 500 мянган даатгуулагч хамрагдан даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд даатгуулагч энэхүү тусламж, үйлчилгээг өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авна.

40, 45, 50, 55, 60, 65 насны 174.0 мянган даатгуулагч дээр дурдсан 3 багцын оношилгоо шинжилгээнд хамрагдан даатгалын сангаас 8.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын байгууллагын сонгосон эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг авах юм. Уг ажилд зориулан 2017 онд 10,6 тэрбум төгрөг зарцуулна.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ  УИХ-ААР БАТЛУУЛЛАА

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийж гишүүдийн олонхын саналаар баталсан. Уг хуулиар залуучуудын өмнө тулгамдсан боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин, орон байрны хөтөлбөрийг дэмжинэ. 

“ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Иргэдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд  “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгууллаа.  Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1173,8 (1.1 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.

 

ЦАГААН САРЫН ӨМНӨ 114434 АХМАД НАСТАНД 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАСНЫ ХИШИГ ОЛГОВ

 

Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан. Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө. 2017 онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

 

38.7 МЯНГАН ИРГЭН  ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВЧ БАЙНА

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, эдгээр банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа нь тэдний сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болж байна. Мөн энэ хүрээнд дараах тодорхой ажлыг хийж хэрэгжүүлсэн болно.

25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.

 

Ахмадууд тэтгэврээ урьдчилан хүүгүй авдаг болов.

 

ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Энэ  зорилтыг хэрэгжүүлэхийн тулд элэгний С вирусын эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн төслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23.4 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 15 өдрийн 32 дугаар тогтоолоор

 

-Элэгний С вирусын эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх

 

Тогтоолын хэрэгжилтийг 2017 оны 04 дугаар сарын 30 байдлаар авч үзвэл Монос Улаанбаатар ХХК, Монгол эм импекс ХК, Ази фарм ХХК, Омбол ХХК-ын 17 746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөнд 9070 даатгуулагчид 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (202.179.11.50)

    2017-05-22

    Одоо цагт 6 сараар зээл аьах ямар хүн байна амьдралаас тасарсан наад шийдвэрээ хөрсөндөө буулгаач Мөнгтөйбаяр сайдаа

  • зочин (139.5.219.127)

    2017-05-21

    Зээлийн хүү тэтгэврийн зээлийн хүү бууруулна гээд бөөн үлгэр тэт зээл гэхэд ямар ч өргүй хүн 6 сараар бид 2 жилээр авчихаад хүлээгээд сууж байдаг энэ нь баячуудад үйлчлэх юм бөөн дарамт НД аа бичиг ч гэх шиг үлгэрээ боль хичнээн жил тэтгэвэр нэмэхгүй үхээд дууслаа тэтгэврээ нэмээ ч МАН ын малаа нэмээч