Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарсныг яаралтай засварлаж байна

 

 

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарчээ.

 

Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. Учир нь “ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад энэ сарын 28-наас  гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт тог цахилгаан тасраад байгаа юм.

 

Эрчим хүчний сайдын тушаалаар "ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан байна. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон, 1 вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон машинтай бригад гэмтэл устгахаар гарсан байна. Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй 1 маяти кран, 1 25 тоннын Хово кран, 1 КАТ / газар ухагч машин / 5ш төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гарчээ.

 

Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байгаа ажээ.

 

Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарийг арилгах яаралтай арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна.

 

                                                                                                                                                    Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)