Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
- 2017-07-16
- Топ сэдэв
- 0
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстойг хотын дарга хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын танилцуулснаар улсын хэмжээнд хуурайшилтын түвшин нэн аюултай зэрэгт байна. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаа гэсэн мэдээлэл өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт түймэр асаагүй ч ногоон бүстэй залгаа аймгуудад асч байгаа учраас бид бэлэн байх ёстой.” гэсэн юм.
2017 он гарсаар нийслэлийн ногоон бүсэд 18 удаагийн ой хээрийн түймэр гарч, нийт 115.6 га талбай шатжээ. 50.6 га ой, 65 га хээрийн бүс түймэрт өртсөн байна. Эдгээр түймрийг онцгой байдлын албаны 827 албан хаагч, 117 техник хэрэгсэлтэйгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 625 хүн шуурхай ажиллаж унтраасныг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн удирдлагуудын зүгээс мөн талархал илэрхийлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүргийг өглөө.
- Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалынүйлчилгээ явуулахыг хориглох.
- Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
- Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
- Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
- Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах үүрэг өглөө.
Мөн иргэдийг ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)