Г.Даваахүү: Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг эрсдэлд суурилсан арга хэлбэрт шилжүүлсэн

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын харьяанд Тусгай хяналтын алба байгуулагджээ. Энэхүү албаны чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тус албаны дарга Г.Даваахүүтэй ярилцлаа. 

-2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголбанкны Хяналт, шалгалтын газрын дор Тусгай хяналтын албыг байгуулсан байна. Энэхүү алба байгуулах болсон шалтгаан юу вэ? 

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны олон улсын стандартад 2012 онд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаа, мөнгө угаахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийг эрсдэлд суурилсан хэлбэрээр явуулахыг шаардсан. Энэ стандартад нийцүүлэхийн тулд бид ОУВС-аас техник туслалцаа авч, хуулийнхаа хэрэгжилтийг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлсэн. Эрсдэлд суурилсан арга хэлбэрээр хяналт, шалгалтаа хэрэгжүүлэхийн тулд Хяналт, шалгалтын газрынхаа бүтэц, орон тоонд багтаагаад, энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсээ шилжүүлэн томилсноор Тусгай хяналтын албыг байгуулаад байна.  

-Энэ алба хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ. Албаны чиг үүрэг нь юу байх вэ?

-Одоогийн байдлаар Тусгай хяналтын алба 4 хүний бүрэлдэхүүнтэй байна. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг банкуудад хангуулах үүрэгтэй ажиллаж байна. 

-Алба байгуулагдсанаас хойш 2 сар орчмын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаасаа дурдаач?

-Тавдугаар сарын 1-нд байгуулагдсанаасаа хойш эрсдэлд суурилсан хяналт, шалгалтад шилжихтэй холбоотойгоор банкуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай тоон мэдээллийг банкуудаас цуглуулсан. Энэ нь ихэвчлэн банкны бизнесийн цар хүрээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, харилцагчдадаа үйлчилгээгээ хүргэх арга хэлбэртэй холбоотой мэдээллүүд юм. Нөгөө талаас хяналтын тогтолцоо нь ямар байна вэ гэдгийг үнэлэхэд чиглэсэн 7 бүлэг, 90 асуулттай асуулгаар банкууд өөрсдийгөө үнэлж, бидэнд хариултаа ирүүлсэн. Энэ хариулт болон бусад тоон мэдээлэл дээр үндэслээд эрсдэлийн үнэлгээг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа орсон. 

-Тусгай хяналтын алба ажилласнаар ямар ач холбогдол, үр дүнд хүрэх вэ?

-Тусгай хяналтын алба эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжиж байгаа. Энэ утгаараа хяналт, шалгалтынхаа нөөц, бололцоог оновчтой ашиглах давуу тал үүснэ. Нөгөө талаас банкууд өөрийнхөө бизнесийн цар хүрээ, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, тэдгээрийг хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэртээ нийцтэйгээр хуулийг хэрэгжүүлнэ. Энэ үүднээс банкуудад хуулийг хэрэгжүүлэх тал дээр хөнгөлөлттэй талууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, бид бүх банкинд нэгэн ижил шаардлага тавихгүй гэсэн үг. Байхгүй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлөө ямар нэгэн журам гаргах шаардлагагүй болно. Гэх мэтчилэн хуулийг оновчтой хэрэгжүүлэх тал дээр хөнгөлөлттэй зүйлүүд гарч ирнэ  гэж харж байгаа. 

-Бусад улсын банкуудтай харьцуулахад энэ талт дээр манай улсын банкуудын эрсдэл ямар түвшинд үнэлэгддэг вэ? 

-Олон улсын байгууллагаас манай улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд үнэлгээ хийдэг. Одоогоор улс бүр янз бүрээр үнэлж байна. Зарим улс Монголыг өндөр эрсдэлтэй орон гэж үнэлж байна. Энэ нь ялангуяа корреспондент банкны харилцаан дээр их ажиглагдаж байна. Гадны томоохон банкууд Монголтой хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа бага, хүлээгдэж байгаа эсрдэл өндөр байна. Тийм учраас корреспондент банкныхаа харилцааг  зогсоох арга хэмжээ авч байгаа тохиолдлууд гарч байна.  

-Ярилцсанд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)