Тайхарын талд Монгол сарлагийг алдаршуулна

 

Монгол сарлагийн онцлог, бэлчээр ашиглалт, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өвсоёлын гайхамшгийг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг таниулах, , малчид, малчдын байгууллага болон дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн түншийн харилцааг бэхжүүлэх зорилго бүхий “МОНГОЛ САРЛАГ -2017” фестиваль Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд энэ сарын10, 11-ний өдрүүдэд болох гэж байна.

Тус аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмыг Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ, ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн ЗДТГ, “Монголын ноос ноолуурын холбоо”, Ихтамир сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.  Сарлагийн баярт нийт 14 аймгийн 80 гаруй сумын сарлаг үржүүлэгчид, сарлагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.

Наадмын эхний өдөр “Сарлагийн аж ахуйн тулгамдсан асуудлууд болон төрийн бодлого” онол-практикийн бага хурлыг зохион байгуулна.  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон салбарын эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцох энэ  хурлаар онцгой чанарын үржлийн сарлаг,  цөм сүргийг бий болгох, сарлагийн үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үржүүлэг маллагааны технологи гаргах болон сарлаг үржүүлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт салбарын хэмжээнд нэн шаардлагатай болон тулгамдсан асуудлуудыг ярилцах юм.

Өндөр хангайн өгөөж буянт сарлагийн сүргийг алдаршуулах “Монгол сарлаг-2017” фестиваль “Сүрлэг хангай” сарлагийн парадаар эхэлж, зорин  ирсэн гадаад, дотоодын жуулчдад “Хөхдэй”, “Өгөөж буян”, “Цагаадай”, “Ягаадай”, “Нутгийн өгөөж” хотхонуудаар үйлчилж,  сарлагийн гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээг танилцуулан, уламжлалт өв соёлын гайхамшгийг сурталчлан таниулах юм.

“Хөхдэй” уралдаан тэмцээний хотхонд  ашиг шим өндөртэй сарлагийн бух шалгаруулах “Сайхан сарлаг”,  хамгийн сайхан тоног чимэгтэй “Ганган сарлаг”, хамгийн олон төл хүлээн авсан “Сарлагт ээлтэй малчин”,  хамгийн их сарлагийн хөөвөр бэлтгэсэн хоршоог шалгаруулах “Саглагар, сагсаахай”, сарлагийн түүхий эдээр хийсэн хамгийн уран хийцтэй гар урлалын бүтээгдэхүүнийг шалгаруулах “Уран сарлаг”, хамгийн их сүүтэй үнээ шалгаруулах “Арвин баялаг”, хамгийн амттай, сайхан сүүн идээг шалгаруулах “Шимт идээ” зэрэг хамгийн хамгийнийг шалгаруулсан уралдаан тэмцээнүүд явагдана.

Харин “Өгөөж буян” үзэсгэлэнгийн хотхонд сарлагийн мах, сүү, хөөвөр, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж гадаад, дотоодын жуулчид наадамчин олонд сарлагын ашиг шимийг таниулан сурталчлах юм. Аялагч, жуулчдад зориулсан “Цагаадай” монгол уламжлалын хотхонд “Тод магнай” хурдан сарлагийн уралдаан, сарлаг бугуйлдах, эмнэг сарлаг сургах, нум сум харвах гээд  нүүдэлчдийн өвөрмөц зан үйлээс үзүүлэн танилцуулж, наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм Супер хонжворт сугалааны энэ хотхонд шалгаруулна. Тэгвэл “Ягаадай” урлагийн хотхонд сарлагтай холбоотой дуу, шүлгийн тэмцээнийг зохион явуулж, аймаг сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолтыг үзэж болно.Наадмын бас нэгэн  үзүүштэй агшин бол “Хөнгөн дулаан” сарлагийн хөөврөн хувцасны загварын шоу юм. Энэхүү шоунд “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран ажилладаг “Баялаг Өлзий”, “Сор”, “Уужин”, “Жинст мөрөн”, “Алтай кашемир”, “Монгол нэхмэл” зэрэг компаниуд оролцож, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ наадамчид, жуулчдад сурталчлан таниулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)