Н.Байгалмаа: Европ хүртэл 20 мянган бээр газрыг тэмээгээр туулна

 

Монгол бүсгүйчүүд Европын 12 орноор тэмээтэй аялал хийхээр удахгүй эх орноосоо мордох гэж байна. Эх орноо сурталчлахаар энэхүү сонирхолтой аялалд гарах гэж байгаа уулчин, аялагч Н.Байгалмаатай  ярилцлаа.

 

-Монголоос Европ тивийг зорих, тэр дундаа тэмээгээр аялах өвөрмөц санаа таньд анх хэрхэн төрсөн бэ?

 

- Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10  дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг.Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Тэр хэрээрээ хүн болгон дуртай салбартаа манлайлахыг хүсдэг шиг би ч гэсэн энэ чиглэлээрээ амжилт гаргахыг хүссэн. Зургаан жилийн өмнө миний таньдаг австрали хүн Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан юм. Тэр үед  Монголоос Унгар хүртэл яаж морьтой явдаг байна гэж бодож, биширсэн. Тухайн үед санаанд бууж өгөхгүй байсан ч одоо бол аялж чадах юм шиг санагдаж байна.  Зургаан жилийн өмнө хамгийн анх энэ аяллыг хийх тухай бодол толгойд буусан.

 

- Яагаад заавал тэмээгээр аялахаар шийдэв?

 

- Эрт дээр үеэс манай монголчууд тэмээн дээр гэр орон, ачаа тээшээ тээвэрлэн, нүүдэллэж ирсэн уламжлалтай. Ер нь ачаа тээвэрлэхэд их тохиромжтой.Түүнээс гадна хоёр  бөхтэй тэмээ нэг бөхтэйгөөсөө илүү туулах чадвар сайн. Мөн тэмээ гурван сар ус, хоолгүй явж чаддаг.Гэхдээ чаддаг гээд хоолгүй байлгана гэсэн үг биш л дээ. Зардлаа зохицуулаад явах боломжтой.

 

-Нийт арван тэмээгээр аялах төлөвлөгөөтэй гэсэн. Тэмээнүүдээ яаж сонгосон бэ?

 

-“Монголын тэмээн холбоо”-нд хандаж,“Манай аялалд юугаар тусалж чадах вэ. Хоёр бөхтэй тэмээг алдаршуулах талаар юу гэж боддог вэ” гэж асуусан. “Монголын тэмээн холбоо”-ны Ариунсанаа  эерэгээр хүлээн авч, гурван  тэмээ бэлэглэсэн. Бусад нь Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн үүлдэрийн тэмээнүүд бий. Тэндхийн тэмээнүүд залуу, уналга, эдэлгээнд хэрэглэгдэж байгаагүй. Миний хувьд хөдөө тэмээтэй ойрхон өссөн ч тодорхой хэмжээнд тэмээг судлах шаардлага гарсан. Туулах чадвар зэргээсээ хамаарч янз бүр байдаг. Гадаад аялагчдын хувьд тэмээг анх удаа унах гэж байгаа учраас бүр ч их судалгаа хийсэн.

 

-Гадаад хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэхээр сонирхолтой санагдаж байна. Та багийнхнаа танилцуулаач?

 

-Өөрийнхөө хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд зангидсан гар шиг гайхалтай хамт олныг бүрдүүлэх хэрэгтэй. Олон улсын аялагчид байвал арай илүү олон хүмүүст хүрэх байх гэж бодсон. Гадаад аялагч нар тэмээгээ унахгүй, ачаагаа тэмээн дээрээ тавиад явна. Гурван монгол маань тэмээ унаж магадгүй ч бид өөрсдөө явган алхаад сурчихсан. Хүмүүс хэд хоног хөдөө явахад л их зутардаг шүү дээ. Тийм болохоор өдөр болгон арван  тэмээ асарна гэдэг хэцүү. Хувь хүн өөрөө бас сэтгэлзүйн бэлтгэл, бие бялдрын хөгжил сайтай байх хэрэгтэй. Карл Бушбид гадаад хүмүүсийн багаа бүрдүүлэх даалгаврыг өгөөд, өөрөө монгол бүсгүйчүүдээ олсон. Баг сонголт дээр маш их ярилцсан. Зургаан өөр ертөнц, зан ааш, соёлтой хүмүүс нэг дор нэгдээд аялна гэдэг амаргүй. Багийн гишүүдээсээ харсан зүйл бол тэсвэр, хатуужил, аливаа зүйлийг даваад гарах чадвар.

 

Аяллын санааг би гаргасан ч намайг дэмжсэн хүн бол Английн алдарт явган аялагч Карл Бушби юм. Бид хоёрын аялалын маршрут нэг учраас манай баг болооч  гэсэн хүсэлтийг би тавьсан. Одоогоор манай баг гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй. Мөн Бразил, АНУ-ын аялагчид хамт явна. Энэ гурав дэлхийд аль хэдийнээ танигдсан, чадварлаг явган аялагчид.Монголоос манай найз, сүүлийн 2-3 жил аялж байгаа бүсгүй хамт явна. Монголын хилээр гартал бидэнтэй хамт нэг, хоёр сард малчин маань  явж магадгүй.

 

-Аяллын ач холбогдлыг юу гэж харж байна  вэ?

 

- Маш олон ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монголынхоо түүхэнд бичигдсэн замаар дахин явж өөрийн нэрээ үлдээх юм. Хоёрдугаарт, дэлхийн 20 гаруй орноор аялж явахад манай орныг мэдэх хүмүүс их ховор байдаг. Тиймээс аялаад явж байхад  харсан хүн болгон сонирхож, аль улсын иргэн гэдгийг минь асууна. Ер нь Монголд маш том сурталчилгаа болно гэж бодож байна. Гуравдугаарт,  Монголын хоёр  бөхтэй тэмээг гадаадад алдаршуулахыг зорьсон.

 

-Тэмээгээр аялахад багагүй саад бэрхшээл тохиолдох байх. Аяллын маршрутыг сонирхож болох уу?

 

-Маршрутын хувьд хуучны торгоны замуудаар явж байгаад Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ нийт 12 орныг дайрах төлөвлөгөөтэй. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд НТӨ 115 оноос XIII  зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг байсан.Италийн аялагч Марко Поло энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан.Болж өгвөл Xlll  зууны үед Чингисийн эзэнт гүрэн байсан үеийн газруудаар явж өнгөрөх төлөвлөгөөтэй байна.Өөрсдөө болон тэмээгээ амраах ёстой учраас өдөрт 30 км туулна.Казахстан, Узбекстан, Туркменистан, Иран, Турк, Европын орнууд гэх мэт 12 орныг дайрч өнгөрөхөөр төлөвлөж байгаа. Тэгэхээр нийтдээ 20 мянга гаруй км замыг туулах юм.

 

-Урт хугацааны аялалд маш их зориг, тэвчээр шаардагдана. Сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэсэн  бэ?

 

-Цаг тутамд сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, “Би чадна” гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Урт хугацааны аялал мэдээж амаргүй. Ууланд даарна, өлсөнө, цангана, магадгүй хөл, гараа хөлдөөж, гэмтэл авна. Европ тивийн уулын оргилд -40 хэмийн  хүйтэнд майханд хононо гэдэг амаргүй ч оргил дээр гарсан хойно тэр бүх зовлонг мартчихдаг.Эрүүл л байвал ямар ч хэцүү аяллыг даваад гардаг. Харин өвчтэй үед яаж ч сэтгэл санаагаа өөдрөг байлгах гээд чадахгүй үе бий. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сард Энэтхэгт 20-иод хоногийн аяллаар явахдаа хоолны хордлогод орж, 14 хоног хэвтэхэд их хүнд байсан.

 

Аяллын эхний гурван сар явагдсаны дараа манай аяллын талаар нэвтрүүлэг National Geography,Bbc телевизээр гарч эхэлнэ.National Geography манай ивээн тэтгэгч болохоор яригдчихсан байгаа.

 

-Туршлагатай ууланд авирагч, аялагч хүний хувьд аялах хүсэл сонирхолтой ч ажил хэрэг болгож чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?

 

-Эхлээд зорилгоо тодорхойл. Зорилготой хүн бүхнийг даван туулж чаддаг. Мөн гомдоллож өөрийн бурууг бусдаас эрхээ болих хэрэгтэй. Бүхнийг чадна гэсэн итгэлтэй байж, чадахын тулд хичээвэл зорилгодоо хүрнэ.

 

 

Б.ХАНДСҮРЭН

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • mongol (202.9.43.22)

    2017-08-12

    6ula yavad 9vle bolood irhiin bnda k. amjilt hvsii ta nariig ***** tenger iveenee!

  • эмээ (202.179.26.38)

    2017-08-11

    монгол тэмээгээр монгол орныхоо нэрийг гаргаж яваад баяр хүргэе энэ хэдэн тэмээгээ дараа нь яах гэж байнаа чадвал монголдоо буцаагад авчирвал монгол адуу бол бүр ухаантай түүх байдгийг мэдэж багаа байх . ямарч байсан энэ хэдэн тэмээгээ зовоохгүй өлсөөхгүй байхыг гуйя монгол хүн байна даа