Хичээлийн хэрэгслийг өргөтгөсөн худалдаан дээр захынхаас үнэтэй зарж байна
- 2017-08-18
- Топ сэдэв
- 0
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоног үлджээ. Энэ хугацаанд хүүхдийнхээ сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг бэлдэх гээд эцэг, эхчүүд тун завгүй явна. Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар эцэг эхчүүдийн ажлыг бага ч болов хөнгөвчлөх үүднээс сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл ямар
үнэ ханштай байгааг судаллаа. Хичээлийн шинэ жилийг угтан худалдаачин, үндэсний үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдааг задгай талбайд эхлүүлжээ. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын гаднах талбай, Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж хичээлийн хэрэглэлийг худалдаалж байна. Эдгээр өргөтгөсөн худалдааны үнэ ханшийг доорх хүснэгтээс
харна уу.
Хичээлийн хэрэгсэл |
Үнэ ханш | Хичээлийн хэрэгсэл |
Үнэ ханш |
12 хуудас дэвтэр | 200-250 | Харандаа | 500-1000 |
24 хуудас дэвтэр | 350-360 | Баримлын шавар | 3000-4000 |
32 хуудас дэвтэр | 450-500 | Хайч | 800-1500 |
48 хуудас дэвтэр | 550-600 | Үзэг | 350-1500 |
60 хуудас дэвтэр | 650-750 | Гортиг | 2500-7500 |
96 хуудас дэвтэр | 1000 | Баллуур | 300-1000 |
Нотны дэвтэр | 1500-2000 | Цүнх | 35000-65000 |
Зургийн дэвтэр | 2000-2500 | Хавтас 10 ширхэг | 500 |
Усан будаг | 3000 | Фламастер | 2000-8500 |
Сурагчийн дүрэмт хувцасны хувьд тус өргөтгөсөн худалдаанд “Өүлэн минч” компанид үйлдвэрлэсэн
бага ангийн эрэгтэй хүүхдийн хувцас иж бүрнээрээ 81300, дан хүрэм нь 37900, өмд 24900, цамц 16000, зангиа нь2500 төгрөгийн үнэтэй байв.
Харин охидынх 59500 төгрөг, дан хормогч нь 41000, цамц 16000, занги 2500 төгрөгийн үнэтэй. Дунд ангийн
эрэгтэй иж бүрэн хувцас 100300, дангаараа хүрэм 47300, өмд 31500, цамц 18000, зангиа 3500 төгрөгийн ханштай бол дунд ангийн эмэгтэй иж бүрэн хувцас 97500, дангаараа жакет нь 45700, юбка 30300, цамц 18000, зангиа 3500 төгрөгийн үнэтэй байлаа. Ахлах ангийн хувьд эрэгтэй иж бүрэн хувцас 133600, пиджак 70100, өмд 38500, цамц 20000, зангиа 5000 төгрөг бол эмэгтэй иж бүрэн хувцас 123700, жакет 68500, юбка 30200, цамц 20000, зангиа 5000 төгрөгийн ханштай байв.
Харин Бөмбөгөр худалдааны төвд хичээлийн хэрэгслийн үнэ өргөтгөсөн худалдаануудаас харьцангуй хямд байлаа. Тухайлбал, 12 хуудастай дэвтэр 200-210, 24 хуудастай нь 300, 32 хуудастай нь 450, 48 хуудастай нь 500, 60 хуудастай нь 600, 80 хуудастай нь 800, 96 хуудастай нь 1000, зургийн дэвтэр 800- 1400 төгрөгийн ханштай байлаа. Гортиг 2000-5500, хайч 800-1500, усан будаг 2500-3000, шугам 500- 1200 төгрөгийн үнэтэй байв.
Мөн цүнх үүргэвч 20000-35000 мянган төгрөгийн ханштай байв. Мөн үзэг 300-1500, харандаа 200-800, үзүүрлэгч 300-1000, баллуур 100-800, өнгийн будаг 1000-5000, усан будаг 1500-3000, гортиг 1000-4500, фламастер1500-6000, штрик 500- 1500, баримлын шавар 1000-1500 төгрөгийн үнэ ханштай байлаа.
Бөмбөгөр худалдааны төвд сурагчийн дүрэмт хувцасны хувьд ч харьцангуй өргөн сонголттой үнийн хувьд боломжийн байна. “Бүтээлч үйлс”, “Өүлэн минч”, “Бат зүү” компаниудын сурагчийн дүрэмт хувцас тус худалдааны төвийн лангуунд өлгөөтэй байх бөгөөд өргөн сонголттой юм. Тухайлбал, дүрэмт хувцас үйлдвэрлэгч “Бат зүү” компанийн бага ангийн хөвгүүдийн хүрэм, өмд, цамц, зангиа зэргийг 62400 төгрөгөөр худалдаалж байсан бол охидын пиджак, хормогч, цамц, зангиа зэргийг 57500 төгрөгөөр борлуулж байлаа. Ахлах ангийн охид хөвгүүдийн хослол 81400 төгрөгт багтаж байв.
Харин “Бүтээлч үйлс” компанийнх “Бат зүү” компанийнхаас арай үнэтэй байна. Тус компанийн бага ангийн охидын хослол 59500 төгрөг, дангаараа
хормогч нь 41000, цамц 16000, зангиа 2500 төгрөгийн ханштай бол эрэгтэй хувцас 62,800, дангаараа цамц нь 16000, зангиа 2500 төгрөг байв. Дунд ангийн хувьд эрэгтэй хослол 78, 800, эмэгтэй нь 99,300, ахлах ангийн хөвгүүдийн хослол 108, 600, охидынх нь 122,200 төгрөгийн ханштай байна.
Б.Мөнх
Сэтгэгдэл (0)