Хулгар шар

 

Энэ үгийг уншсан монгол хүн болгон ямар амьтан гэдгийг шууд ойлгоно. Учир нь, монголчууд Монгол Улс бий болохоос ч өмнө тарвагатай хамт амьдарч ирсэн билээ.

 

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт сумын зааг Дөтийн даваа. Далангийн нуруу. Тэртээ дор Захуйн говьд Хатан хайрхан бүхнээс онцгой харагдана. Ээж хайрхан ч гэдэг. Өөрийн гэсэн онцгой домогтой бас алмасын тухай мундахгүй домог, дэл сул яриатай холбогддог хайрхан. Далангийн нуруу, ялангуяа Дөтийн давааны өвөрт тарвага ёстой л “шороо” шиг байсан цаг саяхан.

 

Саяхан гэдэг маань зах зээлд орохоос урьд үеийг хэлж байгаа хэрэг. Харин арваад жилийн өмнө ирэхэд энэ нутагт тарваганы дуу тасарчихсан байсан юм. Эл хуль оргиод, энд тэндгүй тарваганы хоосон нүх. Бөмбөгдүүлчихсэн юм шиг. Ийм олон тарваганы нүхтэй газар хошгирох дуу нь дуулдахгүй бол яг л сөнөсөн ертөнц шиг болчихдог аж. Хоолой бачуураад, нулимс гарах гээд болдоггүй юм билээ.

 

Харин одоо тарвага агнахыг түр хориглосны дүн, хамгийн гол нь тарвагагүй уугуул нутаг ямар болдгийг яс, махаараа мэдэрсэн орон нутгийн иргэдийн ухамсрын ачаар ямар ч байсан тарвага хошгорох дуу дуулдах болжээ. Хулгар шар үлгэрт долоон нарны нэгийг нь харваж чадаагүй учир “Би харз ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдарна” гэж тангарагладаг бол оньсого нь “Газар дор гүзээтэй шар тос. Тэр юу вэ” гэдэг. Гэхдээ өөх тосонд дургүй болсон одоогийн хүүхдүүд “Нүхэн дотор ногоон мөнгө. Тэр юу вэ” гэх биз ээ. Ингэхэд монгол хэр зэрэг тарвагатай байсан юм бол.

 

Архивын баримтаас үзэхэд 1860-аад он хүртэл тарвага олноор нь агнаж арьсыг нь худалддаг байсан баримт байдаггүй аж. Харин дэлхийн ангийн үсний зах зээлд онцгой нөлөөтэй байсан Германы Лейпцег хотын ангийн үсний мэргэжилтнүүд 1880-аад оны эхэн үеэс тарваганы арьсыг усны булга, халиу мэт үнэт ангийн үсийг дуурайлган будах болсноор зах зээлд хямд үнэтэй байсан тарваганы арьсны үнэ эрс өсжээ. Монголоос Өргөө, Хиагт, Ховдын хязгаараар гаран урд, хойд хөршид худалдаалсан арьсны мэдээ баримтыг түүвэрлэн үзэхэд, 1865 онд баруун Монголоос 30 мянга, 1922-1931 онд 16 сая орчим арьсыг хил нэвтрүүлсэн тухай дурдсан нь мэдээж бүрэн бус мэдээ билээ.

 

Харин 1930-аад оноос тарваганы арьсыг улсаас төлөвлөн бэлтгэж борлуулах болсон нь тоо хэмжээг нэлээд бодитой гаргах боломж олгосон байна. Сонирхуулахад, манай улс тарвага агнуурын түүхэндээ хамгийн их дөрвөн сая шахам арьсыг 1910 онд, мөн 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая тарваганы арьс бэлтгэж байсан мэдээ байна. Тарвага агнуур эрчимжсэн сүүлийн 100 гаруй жилд 150 сая орчим тарваганы арьс улсад бэлтгэсэн тоо бий. Ингэж бэлтгэж байсан үед буюу 1990 оноос өмнө энд тарвага “шороо” шиг олон байсан билээ. Үнэ ханшны хувьд 1880 оны үед 3-5 мөнгө, 1927 онд 3 руб.40 коп байв.

 

Тухайлбал, 1926 онд 1.7 сая тарвага агнаж арьсыг нь гадаадад худалдсаны нэг сая орчмыг Хятадын худалдаачид бараагаар солих, эртнээс үнэ тогтоох хуучин аргаа хэрэглэн нэг доллар 20 центээр худалдан авч цааш гол хэрэглэгч нартаа гурван доллар 25 центээр зарж байсан байх юм. Харин ОХУ-д 1980-д онд хар захын үнэ 3-5 доллар орчим харин 1980-аад оны сүүлчээс 1998 онд хүртэл ойролцоогоор 10 орчим долларын ханштай байсан байна. Манай оронд алтай, монгол гэсэн хоёр зүйл тарвага бий.

 

Харин дэлхийд 14 зүйл тарвага байдгийн найм нь Евразид, зургаа нь Америкт тархан амьдардаг байна. Монгол тарвага манай орны уулын хээрт зонхилж хойт талын хөвч тайга, урд талын говь цөлийн бүс хүртэлх уудам нутагт далайн түвшнээс дээш 800-3800 м өндөрт амьдарна. Өөрөөр хэлбэл Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны умард өргөргийн 44-52 градус, уртрагийн 90-120 градус хооронд тархахдаа умард өргөргийн 45-50 градуст илүү олон тоотой тархана. Монгол тарвага улсын хил нэвтэрч Байгалийн зүүн өмнөд хэсэг, Буриад, Тува улсын хил залгаа нутаг, Манжуурт бас тархдаг аж.

 

 

Алтайн тарвага монгол тарвагаас биеэр арай том, үс ноолуур илүү өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарвагаас нарийн шингэн. Цамбагарав, Монгол Алтайн нуруу, Хөхсэрх, Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг, Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн сумын нутгийг хамарсан 800 орчим мянган га талбайд тархана. Алтайн тарвага Казахстан, Киргиз, Тэнгэр уулын Хятадын нутаг дахь хэсэг, ОХУ-ын Алтайн хязгаар, Новосибирск, Томск, Кемеровск мужид тархана. Ази тивд ойролцоогоор 25 сая жилийн өмнө өнөөгийн тарваганы өвөг удам амьдарч байсныг гэрчлэх палентологийн олдворууд бий. Харин Улз голын баруун эрэгт 5-6 мянга, Дундад халхын өндөрлөг, Дарьганга орчимд 7-8 мянган жилийн өмнө тарвагатай байсныг тогтоожээ.

Тарвага тархац нутгийнхаа хойт хэсгийн уул нуруудын ой модгүй өмнөд, баруун өмнөд энгэр өвөрт, харин тархацын урд захын хуурай бүсд уулын арын сүүдэртэй, арай чийглэг нутагт байршин амьдардаг ерөнхий зүй тогтолтой гэнэ. Уншигч та тарвага мэдэхгүй хэн байхав гэх байх. Гэхдээ судлаачдын бичсэнийг уншихад сонин байж магадгүй. Нас бие гүйцэж, хүч тарга гүйцэд авсан монгол тарваганы биеийн жин 9.8 кг, биеийн урт 63 см хүрдэг. Үзүүр хэсэг нь бараан 90-160 мм урт сүүлтэй.

Мөн тарвага өөрийн амьдардаг Палеоарктикийн бүсийн мэрэгчдээс биеэр минжний дараа орно. Толгой тавшгар, дагз нь хар, хүзүү богино, чих хулгар, хөдөлгөөн муутай. Нүд нь гавал ясан дээр байрлалтай тул нүхнээс цухуймагц орчны байдлыг шууд ажиглан харах чадвартай. Үнэр, хараа, сонсголын эрхтэн онцгой сайн хөгжсөн. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 см урт үсгүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Мөчид хүчирхэг, нүх ухахад тохирсон. Таван хуруутай хойд хөл, дөрвөн хуруутай урдахаас арай урт, хумс бахим, мохоо хүчирхэг.

 

Тарвага бол монголчуудын амьдралтай нягт холбоотой явж ирсэн амьтан. Иймээс ч жинхэнэ мэргэжлийн үүднээс нас насаар нь нэрлэдэг. Хөхүүл төлийг мөндөл, нүхнээсээ гарч нарлах, өвс амтлах гэнгүүт нь эргүү цагаан, нэг удаа ичих буюу өвөлжсөнийг хотил, хоёр өвөлжвөл шар хацар, гурав өвөлжсөнийг бие гүйцсэн хэмээн үзэж эрийг бурхи, эмийг тарч, тухайн жил төллөсөн эмийг нагай, зарим нутагт хөхүүл, төллөөгүйг сувай тарч гэнэ. Тарвага бүл үүсгэн амьдарна. Бүл нь өөрийн гэсэн идэшлэх өөрийн гэсэн талбайтай. Хоёроос дээш тарвага нийлж бүл үүсгэх бөгөөд ураг төрлийн холбоогүй өөр бүлээс янз бүрийн нас хүйсийн тарвага тухайн бүлд нийлж цус ойртохоос сэргийлнэ. Тарвага нүх ухаж дайсан амьтад, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс биеэ хамгаална.

 

Мөн нүхэнд эвцэлдэж, үр төлөө бойжуулна. Хулгар шарын нүх ичээ, зусаал, дайснаас түр нуугдах муу нүх гэж ангилагдана. Ичээ нүх нь амрах, ичих, тэр бүү хэл бие засах тусгай өрөөнүүдтэй байна. Тарвага идэшлэх, тоглох, нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэгт өдөрт дунджаар 5-7 цаг зарцуулж үлдсэн бүх хугацааг нүхэнд өнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүх амьдралынхаа 87.5 хувийг нүхэнд өнгөрүүлнэ. Цаг агаар тааламжгүй, хүйтний улирлын зургаан сар орчим хугацааг ичиж өнгөрүүлнэ. Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч биеийн дулаан нь целсийн 4.6-7 градус хүртэл буурдаг атал үхдэггүй, ерөөс яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Тарвага бидэн шиг ганц эсвэл арабууд шиг олон эхнэртэй байдаг сонин амьтан. Ичээнээс гарахдаа биеийн жингийнхээ 30 орчим хувийг алдсан байдаг ч шууд ороо хөөцөөнд орно. Шар хацар гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 5-7 заримдаа бүр 12 хүртэл мөндөл төрүүлнэ. Тарвага 10 нас хүртлээ үржих чадвартай.

 

Тарвага 80 орчим зүйл ургамлын боловсорч гүйцээгүй үр, шинэхэн навч, нахиа, цэцэг зэрэг түргэн боловсордог шигэц сайтай хэсгийг сорчлон иддэг. Хулгар шар мөн үхсэн мал амьтны сэг, яс мэрнэ. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр, ургамалд хадгалагдах усаар нөхнө. Харин ургамал хатаж гандсан үед цас идэх, горхины ус ууна.

Тарваганд ганц муу юм бий. Энэ нь тахал. Энэ өвчнөөс болж Европын хүн амын гурван хүний нэг нь үхэж байсан хоёр ч тохиолдол хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энд анхааруулахад тарваганы түүхий мах идэх, хуруугаа зүссэн, шархтай үед тахалтай тарвага өвчихөд тахал тусдаг гэсэн ерөнхий ойлголт монголчуудад бий. Бас нэг аюул нь тарваганы бөөс буюу бүүрэгт хазуулахад тахал тусдгийг санахад илүүдэхгүй.

Тахлаас сэргийлэх бас нэг арга нь нохой барьсан тарвагыг идэхгүй байх мөн хошгирохгүй байгаа тарвагыг агнахгүй байх явдал гэнэ. Хөөрхий муу хулгар шар дэндүү олон дайсантай. Чоно, нохой, үнэг, ирвэс, мануул, бүргэд, өмхий хүрэн, үен гэх мэт. Баавгай хүртэл тарвагыг барьж идэх гэнэ. Гэхдээ л хамгийн аюултай дайсан нь хүн. Монголчууд бидний ямар ч хаягдалгүй ашигладаг амьтан гэвэл тарвага. Арьсыг нь арилжина, боодог, хорхог хийнэ. Өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ.

 

Мөн үслэг ангийн хавханд мэнгэ болгон ашиглана. Сайн ходоодыг нь авч хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ. Ганц хаягдах зүйл гэгдэх муу ходоодоор нь нохойгоо хооллочихно. Шүд, хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь хүртэл бийр хийчихнэ. Хулгар шарыг монголчууд үнэхээр ямар ч хаягдалгүй ашигладаг аж. Энэ чанараараа монголчууд тарвагатайгаа ЮНЕСКО-гийн биет өвд бүртгэгдэхэд болохгүй гэх газаргүй. Хулгар шарын олон тонн махыг нөөцлөх зоорийг яаж хийх тухай 1974 оны Шинжлэх ухаан амьдрал сэтгүүлээс үзэж болно. Мөн ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Цэнджав агсан хээрийн нөхцөлд тарваганы махыг даралттай тогоонд болгох, нарны гэрлээр тарваганы өөхийг боловсруулах шинэ бүтээл гаргасан байдаг. Ийм аргаар гаргаж авсан тарваганы тос гадаад зах зээлд их хэрэгцээтэй байгаа билээ. Гэтэл бид тарвагагүй болчих гээд байдаг. Арай л улаан номд орох нь дутуу байна.

 

БОАЖЯ-наас тодорхой хугацаанд тарвага агнахыг хориглосон нь зохих үр дүнгээ өгч байна. Гэхдээ зөвхөн хориглоод бидний санасан үр дүнд хүрэх нь юу л бол. Нутгийн хөгшчүүлтэй ярьж үзлээ. Тэд юу ярьж байна гээч. Тарвагатай тодорхой нутгийг хувь хүн, айл өрх, компаниудад түрээсэлчих гэж байна. Үнэхээр ч ингэвэл энэ хурдан өсдөг амьтан дорхноо хуучин тоондоо хүрэх нь дамжиггүй. Түрээсэлсэн нутгийнхаа тарвагаас олох ашгаа барьцаалаад эхний удаад арилжааны банкнуудаас зээл авах боломжийг л Засгийн газар зохицуулчихвал энэ тун боломжтой санал яах аргагүй мөн. Тарвагатай газар амьдардаг бусад амьтад ч өсч бидний бахархал унаган байгаль маань дахин сэргэнэ.

 

Энэ дашрамд дурдахад Монголын унаган байгалийг битгий онгон байгаль гэж хэлж, бичээд байгаач ээ. Онгон байгаль гэж хүн, малын хөл огт хүрээгүй зэлүүд нутгийг хэлдэг. Бид чинь хэдэн мянган жил, ан амьтан, малтайгаа хамт байгалийнхаа унаган төрхийг хэвээр нь хадгалж ирсэн гайхалтай бас ховор соёлтой ард түмэн шүү дээ.

 

Байгалийн онгон төрх гэвэл одоогийн Улаан гараг гэгддэг Ангарагийн төрх шүү дээ.Юу нь сайхан байх билээ. Канад болон АНУ-д хоёрдугаар сарын 2-ныг тарваганы өдөр болгон жил бүр тэмдэглэнэ. Энэ өдөр хулгар шарыг хоёр гараараа аль болох өндөрт өргөн сэрж нүдээ нээсэн гэдгийг нь олон нийтэд харуулна. Ингээд бүрхэг өдөр таарч тарвага сүүдрээ харах боломжгүй бол хавар удахгүй эхэлнэ гэж бэлгэшээнэ. Харин цэлмэг өдөр таарвал өвөл дахин 6 долоо хоног үргэлжилнэ гэж үздэг.

 

Монголчууд европчууд шиг нарны тооллогоос гадна өвлөж ирсэн сарны тооллогыг давхар хөтөлдөг болохоор тухайн жилд аль улирал хэдэн сарын хэдэнд эхэлж хэдэнд дуусахыг яг таг мэддэг. Иймээс хавар хэдийд эхлэхийг тарвагаас асуугаад байх шаардлага байхгүй.

 

Эцэст нь хэлэхэд тарвага нутагшуулах ажил 20-30 хувийн үр дүнтэй болдог байснаас “Тарвага устгах ажил болоод байна” гэсэн гомдол орон нутгаас тасардаггүй байжээ. Харин ОХУ-д тарвага нутагшуулах ажил 50 хувийн амжилттай болдог юм байна. Гэтэл манай судлаач Я.Адъяа, Ц.Одбаяр нарын боловсруулсан аргаар тарвага нутагшуулахад 95 хувийн амжилттай нутагшиж байгаа гэнэ. Энэ арга хурдан дэлгэрээсэй. Тэгсэн цагт бид “Газар дор гүзээтэй шар тос. Тэр юу вэ” гэхээс гадна “Нүхэн дотор ногоон мөнгө. Тэр юу вэ” гэдэг болно.

Г.АМАРСАНАА

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Анчин (202.9.40.2)

    2017-08-21

    Үнэхээр их хайралмаар амьтан шүү дээ. Намайг бага байхад 1963 оны үед Манай Алтайн хөгшчүүл сорчилж цөөн тоотойг агнаад маш их дээдэлж хүртдэг байсан даа.Манай гэрийн эргэн тойронд бандгар цэнхэр тарваганууд бужигнадаг. Аав ээж минь гэрийн хаяаны хоригдсон хөөрхийсийг бүү ал гэдэг билээ. Сайхан цаг үе байж дээ

  • hg (202.72.245.165)

    2017-08-18

    neg uuliin amiig hamgaalj tarvaga usgue gevel haana handah yostoi boloo? nuhurlul baiguulaad ain?

  • зочин (203.91.118.180)

    2017-08-18

    вокзалын арын захад 1 тарвага 55000 гээд улаандаа гарсан гарууд зараад л бж байх энэ ямар учиртай мэддэг хүн байда юм у та нар очоод үзээрэй