Ж.Мөнхбат: Их ажлын хажуугаар төр засгийн ажил тогтворгүй болно гэдэг нийгэмд халгаатай

 

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Энэхүү хурлаар ямар асуудал хэлэлцсэн болон цаг үеийн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.

 

-Засгийн газрыг огцруулах зорилгоор хэд хэдэн гишүүн гарын үсэг зурж байна гэсэн мэдээлэл бий. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Засгийн газрыг огцруулахаар нэр бүхий гишүүний бланк дээр зарим гишүүн гарын үсэг зурж буй процесс болж байгаа юм билээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явдалтай холбоотой гэж ярьж байгаа боловч үнэндээ нам доторх улс төрийн нөхцөл байдлын нэг сэжүүр гэж ойлгож байгаа. Үүнийг олон нийт мэдэж байгаа учраас нууж хаах зүйл байхгүй.

Удирдах зөвлөлийн хурлаас есдүгээр сарын 10-ны үеэр МАН-ын Бага хурлыг зохион байгуулах тов гаргасан. Намын дүрмээр намын Бага хурал хуралдсаны дараа Их хурал болно. Тэгэхээр миний ойлгож буйгаар аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр намын Их хурал болно. МАН-ын дүрмэнд зааснаар намын Их хурлаар гарч ирсэн удирдлагууд Засгийн газар, УИХ-аа эмхлэн зохион байгуулах нь нээлттэй.

Хэдхэн сарын дараа асуудлыг шийдэхээс өмнө яарч сандран Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа нь улс төрийн зохион байгуулалттай үйлдэл гэж харж байна. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, цэцэрлэг, сургуулийн асуудал, сургалтын төлбөр гэх мэтээр нийгмийн анхаарлын төвд буй олон асуудлыг шийдвэрлэх гээд Засгийн газарт хийх ажил бий. Засгийн газар хийх ёстой ажлаа эхнээс нь хийгээд явж байна. Энэ үеэр төр засгийн ажил тогтворгүй болно гэдэг нийгэмд халгаатай.

 

-Намын Их хурлыг хүлээхгүйгээр наана нь УИХ-аа хуралдуулж, асуудлыг шийдэх байх гэсэн яриа байна?

 

-Засгийн газрыг огцруулах процесс бол болдог л асуудал. Гэхдээ МАН-ын үед Засгийн газраа огцруулъя гэж өргөн барьж байсан тохиолдол ховорхон. 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг С.Баярын Засгийн газраар солих үед намын Их хурлаар С.Баяр намын дарга болсон учраас дүрмийнхээ дагуу Засгийн газрыг тэргүүлсэн. Дараа нь С.Баяр дарга эрүүл мэндийн шалтгаанаас болж Ерөнхий сайдаас чөлөөлүүлэх өргөдлөө өгч байсан. Түүнээс өөрөөр манай намд огцруулж байсан түүх байхгүй. Бусад намыг засаглаж байх үед Засгийн газраа огцруулах бичгээ өргөн барьж огцруулж байсан түүх бий. Засгийн газраа огцруулах асуудлыг улс төрийн шийдвэрээр хийдэг. Өнөөдрийн байдлаар өргөн баригдаагүй байна. Өргөн баригдвал процедур хуулийн дагуу явна. Намын Удирдах зөвлөл, бүлэг дээрээ асуудлаа ярина. Эцсийн шийдвэрийг УИХ кнопоороо шийднэ.

 

-УИХ-ын зарим гишүүн Засгийн газар ажиллаж чадахгүй байна гэж шүүмжилж байгаа. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалтай холбоотойгоор Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж байна?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол онцлогтой. Энэ бол УИХ-ын сонгууль биш. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулагддаг. Ерөнхийлөгчийн сонгууль өөр үр дүн, үүрэг хариуцлагатай байдаг. Засгийн газрыг хангалтгүй ажиллаж байна гэдэгт би санал нийлэхгүй.

Өнөөдөр Засгийн газар хангалттай сайн ажиллаж байгаа. Ямар нөхцөлтэй эдийн засаг хүлээж аваад өнөөдөр хэрхэн сэргэж байгааг харж байгаа шүү дээ. Хоёрдугаар улиралд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарсан. Сүүлийн дөрөв, таван жил бүрдэж байгаагүй төсвийн орлого биелж, 570 тэрбумын илүү төвлөрөлттэй ажиллаж байна. Улсын өмнө тулгамдаад байсан өрийн асуудлыг нааштай шийдсэн. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн менежментийг хийлээ. Эдийн засагт гарч буй өөрчлөлтийг яривал олон бий. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг нь олж харж үзээгүй явна. Сонсоход татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан зэрэг асуудал ярьж байгаа гэсэн. Гэхдээ энэ Засгийн газрын гаргасан шийдвэр биш. Энэ бол намын бүлэг, Удирдах зөвлөл дээр дөрвөн удаа ярьж шийдсэн асуудал. Татвар нэмэх, хүүхдийн мөнгийг бууруулах зэрэг асуудлын эцсийн шийдвэрийг Засгийн газар биш УИХ гаргадаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраа огцруулах гээд гарын үсэг цуглуулж яваа гишүүд өөрсдөө зөвшөөрч кноп дарсан. Энэ асуудалд хариуцлага хүлээнэ гэвэл хамтын шийдвэр учраас хамтын хариуцлага хүлээх ёстой болно. Засгийн газар муу ажилласан гэдэг шалтгаан биш, шалтаг байдлаар хандаж байна гэж ойлгож байна.

 

-60 тэрбумын асуудалтай холбоотойгоор Ц.Сандуйд яагаад хариуцлага тооцохгүй гэж Удирдах зөвлөл үзсэн юм бэ?

 

-Удирдах зөвлөл дээр 60 тэрбумтай холбоотой Ц.Сандуйг огцруулна, огцруулахгүй гэж хоёр хуваагдсан гэдэг ташаа мэдээлэл байна. Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудлаар Ц.Сандуй тайлбар өгсөн. 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор хариуцлагын асуудлыг ярих цаг болсон гэдгийг ярьсан. Үүнд, 60 тэрбумын асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Ойрын хугацаанд шийдвэр гарах юм байна. Энэ шийдвэр нь гарсны дараа 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь болгож, ярьсан нь зөв гэж үзсэн. Эрүүгийн хэргийн дүгнэлт нь гараагүй байхад ийм, тийм гэж ярих нь зохисгүй гэж үзсэн. Намын Удирдах зөвлөлийн хурлаас гурван зарчмын шийдэл гаргаж, гишүүд санал нэгдсэн. Нэгдүгээрт, нам дотроо хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хэл амаа ол. Хоёрдугаарт, намын Бага хурлыг есдүгээр сарын 10-ны үеэр зохион байгуулах. Гуравдугаарт, УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлага Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг хүлээж огцорно гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлыг намын Их хурал дээр ярина гэж Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Үүнийг янз бүрээр тайлбарлаж, нэг хэсгийг нь улаан хамгаалагч, нөгөө хэсгийг нь эх орончид болгох ташаа мэдээлэл хэвлэлээр явж байгаа нь харамсалтай. Шударга үнэн зүйл шударгаараа л байх ёстой.

 

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)