Азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, булах ажил үргэлжилж байна

 

Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс урд зүгт 45 км-т Цэцүүх багийн нутаг Солонготын даваанд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сум руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож нэг иргэн нас барж, азотын хүчил, давсны хүчил асгарчээ. Энэ тухай дуудлага есдүгээр сарын 10-ны өдрийн 04:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

 

Осол гарсан газар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машиныхаа эд ангид хавчуулагдсан иргэн 50 настай, эрэгтэй Б-г аварч, нас барьсан 46 настай Г-гийн цогцсыг Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

 

Өчигдрийн байдлаар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн иргэд гээд нийт 27 хүн зургаа орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)