Монгол улсын эдийн засаг 2.8 хувиар өсөх төлөвтэй байна
- 2017-10-05
- Байгаль орчин
- 0
Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцууллаа. Тайланд дурдснаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн дотоодын эрэлт нэмэгдэж буйгаас хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв байдалд эергээр нөлөөлж байгааг онцоллоо. Гэвч эрсдэл нэмэгдэж буйг анхаарч цаашдаа бүс нутгийн орнууд эмзэг байдлаа бууруулах, эдийн засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг тууштай баримталж, бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг санууллаа. Энэ онд бүс нутгийн эдийн засаг 6.4 хувь болж өсөхөөр байгаа нь урт хугацааны хүндрэлийг даван туулах орон зайг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Бүс нутгийн энэ оны эдийн засгийн өсөлт төсөөлж байсантай харьцуулахад өндөр гарсан нь Хятадын эдийн засгийн өсөлт таамагласнаас өндөр буюу 6.7 хувьтай байгаагаас шалтгаалжээ. Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй хурдацтай буюу өмнөх онд 4.9 хувь байснаа өсч энэ онд 5.1 хувь, ирэх онд 5.2 хувь байх төлөвтэй байна. Энэхүү эерэг төлөв байдалд гадаад болон дотоод хэд хэдэн эрсдэлүүд нөлөөлж болзошгүй юм. Зарим хөгжингүй орнуудын эдийн засгийн бодлого тодорхойгүй, геополитикийн хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байгаа нь эрсдэл дагуулж буйг онцлов. Мөн АНУ болон Евро бүс мөнгөний бодлогоо төсөөлж байснаас илүү хурдан чангаруулах магадлалтай байгааг анхаарууллаа. Хятад улсын хувьд хөрөнгө оруулалтаас дотоодын хэрэглээ рүү чиглэсэн аажим шилжилтээ үргэлжлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 2018 онд эдийн засгийн өсөлт удааширч 6.4 хувь болж буурах төлөвтэй байна. Тайланд улсад аялал жуулчлалын салбар хөгжиж, Малайз улсад хөрөнгө оруулалт өссөнөөр хоёр орны экспорт ихээхэн нэмэгдэж, эдийн засаг нь огцом өсөх хандлагатай байгаа аж. Индонез улсын хувьд цалин хөлс нэмэгдсэнээс хэрэглээ өсч буй бол Вьетнамд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар эрчимжиж байна. Харин төсвийн хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт харьцангуй удаашралтай байгаатай холбоотойгоор Филиппин улсын эдийн засгийн өсөлт өмнөх оныхтой харьцуулахад бага зэрэг удаашрах төлөвтэй гарчээ.
Манай улсын хувьд энэ онд эдийн засаг 2.8 , ирэх онд 3.1 хувиар өсөх бол 2019 онд 7.1 хувийн өсөлттэй байх төсөөлөл гаргажээ. Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын эдийн засаг сэргэж буйг Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай онцлов. Уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний экспорт, үйлдвэрлэлийн нөлөөгөөр ихэнх салбарт өсөлт гарсан байна. Мөн инфляцийн төвшин төв банкны зорилтот төвшинд хадгалагдаж буйг дурдав. Дээр нь бизнес эрхлэгчдийн идэвх сайжирч байгаа гэнэ. Харин нөгөө талд эрсдэлтэй нэлээд хүчин зүйл байгааг Дэлхийн банкнаас анхаарууллаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт цаг агаарын таагүй байдлаас шалтгаалж нэлээд сөрөг зүйл гарах төлөвтэй байна. Ургац хураалт, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа нь мал аж ахуйн салбарт сөрөг нөлөө авчирна гэж үзжээ.
Мөн уул уурхайн салбарт оруулж буй гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт дутмаг байгааг анхааруулав. Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ цэвэр дүнгээр 760 орчим сая ам.долларт хүрчээ. Монголбанкнаас ирүүлсэн мэдээгээр эхний долоон сарын байдлаар 600 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 500 сая ам.доллар нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байжээ. Нийт дүнгээр авч үзвэл, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч бусад салбарын хөрөнгө оруулалтад огцом өсөлт гарсангүй. Хэдий тийм ч хөгжлийн түншүүдтэй хамтарч төсөл хэрэгжүүлж буй учир төсөв, мөнгөний бодлого дээр алдагдлын хэмжээ тогтмол буурч, өрийн хэмжээ алгуур буух төсөөлөлтэй байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд нэлээд эергээр нөлөөлнө гэж дүгнэжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлж, бүс нутгийн интеграцчиллыг бэхжүүлснээр улс орнуудын эдийн засгаа хамгаалах протекционист бодлогын сөрөг нөлөөг арилгах боломжтойг тайланд онцлон тэмдэглэжээ. Сайн менежмент хийж чадвал аялал жуулчлалын салбарын өсөлт нь тус бүс нутаг, ялангуяа Номхон далайн арлын орнуудад ихээхэн үр өгөөжтэй гэдгийг анхааруулсан байна.
Б.МӨНХ
Сэтгэгдэл (0)