Жеймс Андерсон: Монгол улсын өндөр хөгжлийн үндэс нь аялал жуулчлал байх боломжтой
- 2017-10-08
- Байгаль орчин
- 4
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн танхимаа бүрдүүлсэн ч намын дотоод хагарал, үл ойлголцлоос шалтгаалан түүхэндээ анх удаа гүйцэтгэх засаглалаа унагаалаа. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар -1.6 хувийн уналттай байсан эдийн засгийг хүлээн авч, тодорхой ажлуудыг хийсний үрээр энэ оны эхний хагасын байдлаар эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарсан. Мөн өмнөх Засгийн газрын үед босгосон бондын өрийг олон хэлбэрээр барагдуулж байгаагийн дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хятадын “Чалко” компанид тавьсан өрийг төлж дуусгаснаар Тавантолгойн ордын нүүрсийг зах зээлийн ханшаар борлуулах бодит боломж бүрдлээ.
Үүнээс гадна ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, салбарын болон улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх санал санаачлага цөөнгүй гарч, олон улсын эдийн засгийн хурал чуулган ар араасаа зохион байгуулагдаж байна. Үүнд, нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Мongolia”, саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт, БНХАУ-д болсон олон улсын форум зэргийг нэрлэж болно. Дэлхийн банкнаас танилцуулсан Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд манай улсын эдийн засгийг энэ онд 2.8 хувийн өсөлттэй байхаар төсөөлсөн байна. Үүнд уул уурхайн салбарын сэргэлт, гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт зэргийг голлох хүчин зүйл болгож дүгнэсэн юм.
Энэ талаар Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай хэлэхдээ, “Манай бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ онд 6.7 хувиар өсөх хүлээлт байгаа. Ирэх онд энэ өсөлт бага зэрэг саарах төлөвтэй байгаа нь Хятадын эдийн засгийн тогтворжилттой холбоотой. Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн бусад орны эдийн засаг ямар нэг хэмжээгээр өсөх өөдрөг төсөөлөл байна. Монгол Улсын хувьд ирэх онд 3.1, 2019 онд 7.1 хувиар эдийн засаг өснө гэж харж байгаа. Гэхдээ энд эерэг, сөрөг хүчин зүйлийг бас сайтар тооцох ёстой” гэсэн юм. Энэ оны эхний найман сард эдийн засагт сэргэлт ажиглагдаж, байгаа бөгөөд барилгаас бусад салбарт өсөлт гарч, инфляц Төвбанкны зорилтот төвшинд хадгалагдаж, бизнесийн идэвх, зах зээлийн хүлээлт сайжирсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна. Мөн ОУВС-гийн эхний санхүүжилтийн зарцуулалт сайн байгааг хөндлөнгийн шинжээч нар үнэлжээ. Гэвч цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт эрсдэл үүсч, өвөлжилт хүндрэх зэрэг сөрөг нөлөөлөл гарч болзошгүйг Дэлхийн банкныхан анхааруулсан юм. Үүнээс гадна байгалийн хүчин зүйлээс хараат байгаа эдийн засгаа солонгоруулж, олон тулгуурт болгоход анхаарах шаардлагатайг сануулж байлаа.
Түүний нэг нь аялал жуулчлал гэдгийг ч онцоллоо. Тиймээс Дэлхийн банкнаас шинэ Засгийн газартай хамтран энэ салбарыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, баруун зүгийн аймгуудын дэд бүтцийг сайжруулах, түүний дотор нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллах юм байна. Яг энэ асуудлаар ӨМӨЗО-ы Хөх хотод болсон “Монгол, Хятадын II экспо”- гийн үеэр нэлээд өргөн хүрээнд хөндсөн яриа хэлцэл, уулзалт чуулганыг зохион байгуулжээ. Тус чуулганд Монгол, Орос, Хятад улсыг холбосон - “Цайны зам” дагуух аялал жуулчлалын орчинг хэрхэн бүрдүүлж, хөгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Үүнд манай улсын БОАЖЯ, нийслэл болон орон нутгийн аялал жуулчлалын байгууллага, компанийн төлөөлөл оролцжээ. Эртний түүхийн улбаатай “Цайны зам”-ыг БНХАУ-ын Засгийн газраас “Нэг зам- нэг бүс” хэмээн үнэлж, энэ зам дагуух улс орон, бүс нутгийг хамарсан төрийн том бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Үүнд ОХУ-ын талаас Евроазийн эдийн засгийн холбоо гэсэн хөтөлбөрийг боловсруулан оролцож байна.
Манай улсын хувьд “Цайны зам” хөтөлбөрт оролцох ажлаа дөрвөн чиглэлээр төлөвлөж боловсруулснаа энэ үеэр танилцуулжээ. Үүнд, аялал жуулчлалын салбарт ажиллах хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх, хил орчмын хамтарсан өндөр зэрэглэлийн судалгаа хийх, аялал жуулчлалын маршрут тогтоох, “Цайны зам” дагуу мэдээллийн төвүүд байгуулахыг санал болгосон байна. Манай улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал нь дэд бүтэц гэдгийг чуулганд оролцогчид онцолжээ. Тухайлбал, Хятадын аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын 70-80 хувийг дотоодын аялагч, жуулчид бүрдүүлдэг байна. Энэ нь өргөн уудам газар нутагтай тус улсын нэг захаас нөгөө хязгаарт хүрэхэд хурдны галт тэрэг, дотоодын нислэг ихээхэн нөлөө үзүүлж байдагтай холбоотой аж. Манай улсын хувьд өнгөрсөн онд 404 мянган гадаадын жуулчин хүлээж авсан нь өмнөх оныхоос 4.4 хувиар өсч, орлого 10 гаруй хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Тэдний 38 хувь нь Хятадын жуулчин байсан бол 20 орчим хувь нь Оросууд байжээ.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн М.Болорын мэдээлснээр манай улсад ирж буй жуулчдын олонх нь үзэсгэлэнт онгон дагшин байгаль, ховор ан амьтан, монголчуудын уламжлалт зан заншил, Монголын түүхэн дурсгалт газрыг сонирхдог байна. Манай улсын холбогдох яам, газрууд дэлхийн 11 улс орны энэ салбарын байгууллагатай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг аж. Гэвч хил залгаа ОХУ-аас л гэхэд өнгөрсөн жил 140 мянга орчим жуулчин хүлээж авсан нь дээрх баримт бичгүүдийн биелэлт, үр дүн хэр байдгийг харуулж байгаа хэрэг юм. Тиймээс гурван улсыг хамарсан “Цайны зам” хөтөлбөрт идэвх санаачлагатай оролцож, хоёр хөршийн жуулчдыг татах талаар ихээхэн анхаарч, цөөнгүй ажил хийх шаардлагатай байгааг нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин онцолж байлаа. Монгол Улсын эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэж, төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг ч уул уурхайн салбарын ашиглалт, олборлолт нь байгаль орчинд сөрөг нөлөө ихтэйн дээр дахин сэргэдэггүй, нөхөж болдоггүй гэх сул талуудтай байдаг. Харин газрын хөрснөөс ургасан будаа тариа, малаас авдаг ноос ноолуур, сүү сааль зэрэг нь өдөр, сар, жилдээ эргэн нөхөгдөж байдаг, дуусч дундаршгүй баялаг юм.
Үүнийг манай нэгэн нэрт сэтгүүлч “ургадаг алт” гэж нэрлэсэн нь бий. Тийм “ургадаг алт”-ны нэг нь яах аргагүй аялал жуулчлал юм. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их боломж, өндөр потенциал байгааг онцолж, энэ чиглэлээр тусалж дэмжих, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна билээ. Энэ бүхэн бидэнд нэгийг хэлж, хоёрыг сануулж байгаа хэрэг юм.
Д.МӨНХ
Сэтгэгдэл (4)
аялал (103.212.118.36)
аялал жуулчлалаар хөгжсөн ямар орон байнаа
(202.9.43.131)
uildverlel uildverjilt buteen baiguulalt hereggui zuvhun aylal juulchlal baihad bolno gej ene gadniihnii bodlogoor yavah elgiin mongol hezee hugjinu uu. mongold aylal juulchlalaar irj baigaa gadniihan bol neg ih tom bayan humuus lav irdeggui.golduu sex juulchid baidag yum
(66.181.176.253)
За одоо дэийд хямрал болж ба 2 т аялал жуулчин хийж бгаа гадаадын улсууд их монго урхээ болсон уе их ядуу жуулчид монголд ирдэг шуу дээ юутиб дээр зондоо ба монголд хямд хамгын зарлаг багтай их монго урэхгуйгээр очидог хуухэн шаахад хуртэл хямд гээд зондоо бичлэг орос ангил хэл дээр ба
M (122.201.21.38)
mun hutswaa. ayalal juulchlaliig dagaad biee unelelt, muriitei togloom zugaa tsengel hugjin tsetsegldeg bolhoos uls ard tumnii amidral saihan bolchihdoggvi ym shvv. gadnii nowshnuud zailtsgaa
Хоосон байна
Хоосон байна