Ц.Бямбасүрэн: Тарьц, суулгацын худалдааг журамласан

 

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ долоо хоногийн бямба гараг буюу аравдугаар сарын 14-нд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцлаа.

 

-Мод тарих иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах асуудал их чухал. Энэ талаар ямар ажил зохион байгуулах вэ?

-Өмнөх жилүүдэд хэн дуртай нь үзэсгэлэн худалдаагаар тарьц, суулгац худалддаг байсан. Үзэсгэлэн худалдаанд өнгөрсөн хавраас хяналт тавьж, уулнаас авчирсан, хууль бусаар оруулж ирсэн тарьц, суулгац худалдах явдлыг журамласан. Тиймээс иргэд МҮЭСТО-д зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанаас стандартын тарьц, суулгац худалдан авах боломжтой. Мэргэжилтнүүд мод тарьж, арчлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

 

-Иргэд авсан суулгацаа хаана тарихаа мэддэггүй. Мод тарих газрын асуудлыг хэн зохицуулах ёстой вэ?

-Ойн тухай хуульд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар иргэний мод тарих талбайг сонгон өгч, тарьсан модны арчлалтыг зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу иргэд оршин сууж буй хороондоо хандах ёстой. БОАЖ- ын сайдын албан даалгаварт аймаг, нийслэлийн хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих газрыг суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төвлөрсөн байршилд, тодорхой зураг төслийн дагуу зохион байгуулна гэж бий. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамнаас зураг төслийн загвар хувилбарыг бий болгож “Хэрэв та нарын мод тарихаар сонгосон талбай га орчим бол энэ хувилбараас ашиглаарай” гэх зэргээр санал болгож байгаа. Энэ зураг төслийг яамнаас дүүрэг, хороодод хүргүүлсэн. Арчилгааг үр дүнтэй байлгахын тулд хашаа хамгаалалттай газар байрлалаа зөв сонгох ёстой. Жишээлбэл, нийслэл, аймгийн төвд гэх мэтээр суурьшлын бүс, эмнэлэг, сургууль цэцэрлэгийн хашаа илүү тохиромжтой. Эдгээр газарт хяналт тавих боломжтой гэсэн үг.

 

-Мод тарих гол биш ургуулах нь чухал болоод байна. Тарьсан модоо иргэн эсвэл тухайн нутаг дэвсгэрийн холбогдох байгууллагын аль нь хариуцах вэ?

-Иргэдийн тарьсан модны арчлалт хамгаалалтын ажлыг жилийн турш тухайн сум, дүүргийн засаг захиргааны байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ хүн ам олноор суурьшсан нийслэлийн хувьд Ботаникийн цэцэрлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тасганы овоо гэхчлэн байнгын арчилгаа, харуул хамгаалалттай газарт мод тариулах нь зөв.

 

-Мод тарих нэг насны буян гэдэг. Сайн дураараа мод тарихаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Жижиг мод, монос тарихад таван жилийн дараа ямар хэмжээтэй болохыг төсөөлж, төлөвлөөд модоо тарих ёстой. Жишээлбэл, орон сууцанд амьдардаг айл цонхныхоо дор улиас тарихад таван жилийн дараа хоёр гурван айлын цонхыг хааж ургах жишээтэй. Энэ бол буруу төлөвлөлт. Мөн цонхныхоо дор ялаа, шумуул, хортон шавж цуглуулдаг жимсний, тоглоомын талбайд өргөстэй мод тарих нь зохимжгүй. Тиймээс модоо зөв сонгож, анхан шатны гарын авлагын дагуу төлөвлөх хэрэгтэй.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)