Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БХБ-ын сайд А.Баделханд хариуцууллаа

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БХБ-ын сайд А.Баделханд хариуцууллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа зарим сайдын хамт төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, асуудлыг шийдэх гарцыг газар дээр нь эрэлхийллээ. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын дарга Ш.Мягмар нар төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.


 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраар БОАЖЯ-ны хамт олон батлуулсан. Уг хөтөлбөрт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гардаж хариуцна гээд тодорхой заачихсан байгаа. Гэтэл гардаж хариуцах эзэн нь тодорхойгүй юм шиг л асуудлыг бие биенээсээ түлхсээр өнөөдрийг хүрлээ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг тодорхой нэг газарт хариуцуулж өгөөд асуудлыг нэн дариу шийдэхгүй бол Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Туул голын ойр орчмын хүн, мал хордож дуусах нь байна. БОАЖЯ-ны хувьд уг асуудалд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож, АНУ-ын Мянганы сорилын корпорацийнхантай хамтарч шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй усыг дахин боловсруулах замаар саарал ус үйлдвэрлэж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа. Гэтэл шинэ цэвэрлэх байгууламж барих ажил нь гацчихаад байгаа нь харамсалтай” хэмээн мэдэгдсэн.


 

Түүний энэхүү үгний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд А.Бадельханд хариуцуулж, хамтран хэрэгжүүлэгчээр Нийслэлийн захирагчийн Ажлын алба, БОАЖЯ, Гадаад харилцааны яам зэргийг томилох санал гаргаж, дэмжигдэв. Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ цэвэрлэх байгууламжаас гарах усыг саарал ус болгох ажлаа үргэлжлүүлэн хийх зарчмаар хамтрах бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гарц эрэлхийлэх, Нийслэлийн захирагчийн Ажлын албаныхан сонгон шалгаруулалт хийх зарчмаар хамтарч ажиллах юм байна.


Эх сурвалж: БОАЖЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)