Увс аймагт Засаг даргаа огцруулах иргэдийн жагсаал боллоо
- 2017-11-08
- Орон нутаг
- 1
Увс аймгийн Улаангом хотын төвд өнөөдөр 11.00-15.00 цагийн хооронд аймгийн Засаг дарга Д.Батсайханыг огцруулах иргэдийн жагсаал боллоо. Тайван жагсаалд 500 гаруй хүн оролцсон юм. 20 жилийн дараа анх удаа Улаангом хотын түүхэнд болж байгаа уг жагсаалын хуульд тогтоогдсон эрх нь гурван цаг байсан бөгөөд 60 гаруй хүн үг хэлсэн нь аймгийн Засаг даргыг огцрох шалтгаануудыг холбогдох жишээ татан тоочиж байв.
Иргэд, Засаг дарга Д.Батсайханыг албан тушаалаа ашиглан гэмт хэрэгт холбогдсон атлаа өнөөдрийг хүртэл аймгийн удирдлагын түвшинд ажиллаж, танил талгүй жирийн иргэдэд сэтгэлгүй ханддаг. Ажлаас нь олноор нь халдаг, иргэдийнхээ үгийг сонсдоггүй, өөрийн тойрон хүрээлэгчдээсээ өөр хэнийг ч үл тоодог, түүгээр барахгүй хэл амаар доромжилж, хөөдөг хэмээн гомдоллож, Монгол Улсын Ерөнхий сайдыг өмнөх сайдын энэ томилгоог эргэн харж, ажлаа хийдэггүй, хууль зөрчиж томилогдсон Д.Батсайханыг огцруулахыг шаардаж байлаа.
Гурван цаг үргэлжилсэн жагсаалыг тараахаар аймгийн удирлагын зүгээс багагүй саад бий болгож, тог таслах, жагсаалд оролцохоор ирж байгаа иргэдийг замаас нь тосч буцаасан, хэрэв ах дүү хамаатан садан нь жагсаалд оролцсон бол ажлаас нь хална хэмээн дарамталж байгаа талаар жагсаал зохион байгуулагч Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Батболд өгүүлж байлаа.
Мөн талбай дээр суурилуулсан хулдаасан самбар дээр аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон түүний удирдлагад ажиллаж байгаа албан тушаалтнуудын ургийн холбоог олон нийтэд ил болгох ажиллагааг зохион байгуулсан. Ингэснээр аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Насанбатын ах дүү хамаатан садангаараа ажилд оруулсан хүмүүсийн нэрсийг иргэд өөрсдөө санаачлан бичиж байсан юм.
Харин жагсаалын төгсгөлд цуглааныг зохион байгуулагч Ц.Батболд аймгийн нийт иргэдээс гарын үсэг цуглуулснаар нийт 10.000 болсныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Насанбатад танилцуулан Засаг дарга Д.Батсайханыг огцруулах үндэслэл бүхий албан шаардлагыг хүргэж өгөв. Гэвч Э.Насанбат болон бусад дарга нар нь өглөөний онгоцоор Улаанбаатар хот руу явсан учир аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтэн Жи.Сорогт хүлээлгэн өгөв.
Сэтгэгдэл (1)
irgen (62.167.114.16)
ogzruulsan bolov uu, huuchin medee olj unshlaa, yadag muu novshiin daranguilagch ve, tor ene deeremchingee hardaggui umuu, ogzruulah heregtei