“Цэвэр агаар сан”-г татан буулгаснаар 3.2 тэрбумын авлага үүсчээ

БОАЖЯ-нд хийсэн аудитын дүнг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар албаны бусад хүний хамт өчигдөр танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа болон яамны харьяа газрын дарга нар оролцсон юм. Шалгалтын дүнг Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулахдаа “БОАЖЯ аудитын шалгалтад 87.4 хувиар тэнцсэн. Тайлан гаргах үйл явцад орон нутаг дахь зарим газар нь бичиг баримт бүрдүүлэлтийн багахан зөрчил гаргасан. Тиймээс Үндэсний аудитын газраас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, зөрчил дутагдлаа арилгаж байгаа тус яамныханд арванхоёрдугаар сарын 1-ныг гэхэд 87.4 хувийн биелэлтээ 100 хувьд хүргэх зөвлөмжийг хүргүүлж байна” гэв. Дүнг танилцуулсны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юу гэдгээс тухайн байгууллагын ажлын үр дүн харагддаг. Манай яамны хувьд харьцангуй сайн үзүүлэлттэй гарсанд баяртай байна. Гэхдээ энэхүү ажлаа 100 хувийн биелэлттэйгээр дүгнүүлэх ёстой. Үндэсний аудитын газрынхны хажууд төсвийн төвлөрүүлэн захирагчдад арванхоёрдугаар сарын 1-ныг гэхэд өгсөн зөвлөмжийн дагуу ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгөх үүрэг өгч байна. Нөгөөтэйгүүр, манай яамны хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаад дуусгавар болсон төсөл, хөтөлбөрийг хаахад авлага шууд шилжиж ирдэг хүндрэл байдгийг санхүүгийнхэн хэлдэг. Тухайлбал,” Цэвэр агаар сан”-г татан буулгахад 3.2 тэрбум төгрөгийн авлага нь манай яаманд автоматаар шилжиж ирсэн байх жишээтэй. Үүнээс болоод өр, авлага үүсдэг. Тиймээс Ерөнхий аудитор болон албаныханд хандаж хэлэхэд аливаа төсөл хөтөлбөрийн хугацаа дуусах, байгууллагыг татан буулгасан тохиолдолд асуудлыг хэрхэх вэ гэдгийг тодорхой болгож, анхааралдаа авна уу” хэмээсэн юм.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)