Ховд аймгийн Засаг даргыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ
- 2017-12-27
- Орон нутаг
- 0
Ховд аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хуралдаж ИТХ-ын дарга, Засаг дарга нараа огцруулсан юм. Ингээд хуулийн дагуу Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналыг хянаж үзээд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах шаардлагагүй гэж үзэн үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна. Учир нь Засаг даргыг огцруулахтай холбоотой асуудал анхан шатны шүүхэд очсон тул шүүхийн шийдвэр эцэслэн гартал аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн ажээ.
Ховд аймгийн удирдлагууд огцорсноор тус аймагт төрийн ажил гацаанд ороод байгаа аж. Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан энэ сарын 22-нд үргэлжлүүлэн хуралдаж ИТХ-ын даргаар Б.Амгаланбадрахыг сонгосон юм байна. Гэвч өмнөх дарга Г.Пүрэвганди тамгаа хүлээлгэж өгөхгүй байгаа гэнэ. Энэ мэт хариуцлагагүй байдлаас үүдэн Ховд аймгийн төр захиргааны байгууллагын ажил гацаанд орж, цаг үеийн ажлуудад ч хүндрэл бэрхшээл гарч эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)