Жанжин Д.Сүхбаатарын нэр төр, гавьяат үйлс бүдгэрэх ёсгүй
- 2020-02-02
- Үнэн
- 4
Монгол Ард Улсын Засгийн газраас 1923 оны зургаадугаар сард Жанжин Д.Сүхбаатар агсны гавъяа зүтгэлийг нь илэрхийлж, түүх дэвтэр зохион хэвлэж эрхлэн гүйцэтгэж гаргахыг Судар бичгийн хүрээлэнд даалгажээ. Ийнхүү 1925 оны нэгдүгээр сард Д.Сүхбаатарын товч намтрыг анх хэвлэснээс хойш 1943, 1965, 1967, 1973 онуудад дахин хэвлэж, 1983 онд мэндэлсний нь 90 жилийн ойгоор нэрт эрдэмтэн, Д.Сүхбаатар судлагч доктор, профессор Л.Бат-Очир, Д.Дашжамц багш нар нэмж засварлан хэвлэлд бэлтгэж, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал, академич Ш.Нацагдорж багш редакторлож эрхлэн хэвлүүлжээ. Ц.Мөнхдорж гэгч “Зууны мэдээ” сонины 2017 оны гуравдугаар сарын 51, 52, 53, 54, 55 дугааруудад нийтлүүлсэн “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн нийтлэлдээ: “Д.Сүхбаатар Оросын нутагт хамаатан садантай, тэндээс гарч ирсэн буриад хүн байсан нь тодорхой. Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын гарал үүслийн талаарх зохимол намтар түүхийг нь үнэн зөв болгон залруулж, үнэнээр нь бичих цаг нэгэнт болжээ” гэж бичжээ.
Миний бие, 1983 онд хэвлэгдсэн Д.Сүхбаатарын намтрыг зохиосон нэрт эрдэмтэн, профессор Л.Бат- Очир, Д.Дашжамц багш нартай 1960 оны эхнээс Монгол Улсын их сургуульд хамт багшилж, түүний намтрыг хэрхэн бичсэнийг нь бага зэрэг мэдэх тул цухасхан хэдэн үг хэлье гэж бодож байна. Басхүү Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн ажлыг хариуцаж буйн хувьд энэ нийтлэлд түүхэн эх сурвалжид нийцэхгүй буруу зүйл нэлээд байгаа тул хүүхэд, залуу үе, өргөн олон уншигчдад үнэн зөв ойлгуулахын тулд залруулах нь зүйтэй гэж үзэж байна. Ц.Мөнхдорж гэм нь “Д.Сүхбаатарын зохиомол намтар түүхийг үнэн зөв болгон залруулж, үнэнээр нь бичихийг шаардсаар байна. Энэ хүн Д.Сүхбаатарын намтар түүхийн юу нь буруу байгааг огт хэлэхгүй “Оргүй хоосноос зохиогдсон худал намтар” хэмээн бичиж байна. Басхүү түүний гарал үүслийг тухайн үед “нуух болсон” шалтгааныг нь хэлэхгүй нууцлаад байгаа юм. Энэ намтар нь зөвхөн Д.Сүхбаатар жанжны намтар бус, манай ард түмний туулсан 90 жилийн түүх юм. Энэ намтрыг бичсэн Л.Бат-Очир, Д.Дашжамц нар нь тухайн үед манай улсын хамгийн том эрдэмтэн доктор, профессор, хоёулаа Д.Сүхбаатар судлалаар ихэд мэргэшсэн, дорвитой бүтээлүүд туурвиж, өрнө, дорно дахины монголч эрдэмтдэд өндөр үнэлэгдсэн бүтээлтэй хүмүүс юм. Эл намтрыг нь эрхлэн хэвлүүлсэн Ш.Нацагдорж багш нь 1948 онд Д.Сүхбаатарын намтрыг бичиж хэвлүүлсэн академич, доктор, профессор, манай улсын хамгийн том эрдэмтдийн нэг, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирлыг их зохиолч Д.Нацагдорж гуайгаас гардаж авсан хүн юм.
1983 онд хэвлүүлсэн энэ намтар түүх нь шинжлэх ухааны үндэслэлтэй, ард түмэн, улс эх орныхоо туулсан түүхэн үйл явдалд тулгуурлан бүтээсэн, шинжлэх ухааны дорвитой том бүтээл юм. Энэ намтар нь орос, англи, япон, хятад, мажар, өвөр монгол зэрэг олон хэл дээр хэвлэгдэн, монголч эрдэмтдийн бүтээл туурвилын гол баримт, гарын авлага, удирдамж нь болж, Монгол эх орноо хилийн чанадад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улс болон өрнө, дорнын улсуудын түүхийн их нэвтэрхий толь бичигт орсон том бүтээл юм. Энэ намтар түүх нь шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан, олон эрдэмтдийн оюуны хөдөлмөрөөр зохиогдсон дорвитой үнэн намтар тул дахин бичиж хэвлэх боломжгүй гэж бид үзэж байна. Үүний сацуу жанжин Д.Сүхбаатарын гарал үүсэл нь буриад гэж архивын эх сурвалжаар батлагдаагүй байхад намтар түүхийг нь хэн нэгэн хүний шаардлагаар дахин бичиж хэвлэх нь ёс зүйд нийцэхгүй ээ. Д.Сүхбаатарын тухай дорвитой бүтээлүүд туурвисан, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт эрдэмтэн Т.Намжим, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Д.Цэрэнсодном, Д.Сүхбаатар судлаач Монгол Улсын гавъяат багш, профессор С.Лувсанноров болон бусад нэрт түүхч, судлагч бодол саналаа хэлээгүй байхад тэрбээр буруу ташаа бичсэн нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд таван дугаар дамжуулан нийтлүүлж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Сүхбаатар жанжныг буриад хэмээн сурталчилж, басхүү нийтлэл дэх эх сурвалжид нийцэхгүй буруу ташаа бичсэн зүйлээ зөвтгөхийг санаархаж, эрдэмтэн мэргэдийн судалгаагаар нэгэнт тогтсон түүхэн үнэн, архивын бодит баримтуудыг өөрчлөн гуйвуулж хүүхэд, залуучууд, өргөн олон уншигчдын тогтсон ойлголтыг зориуд өөрчлөх, эргэлзэл төрүүлэн оюуны нь боловсролд хор хүргэж, Монгол Улсын хэвлэл мэдээллийн хуулийг ноцтой зөрчсөн шударга бус зохисгүй үйлдэл гэж бид үзэж байна.
1.Архивын эх сурвалжид “1919 оны арваннэгдүгээр сарын 20-ны улаан хулгана өдрийн үхэр цагийн хооронд Баруун өргөөний улаан сахиусны өмнө Д.Сүхбаатар, С.Данзан, Лосол, Ө.Дэндэв, М.Дугаржав, Тогтох, Галсан, Далай... нар хүж барьж ах дүү бололцон тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж, ерөөлийн үг бичиж, бурханд өргөж анхны хувьсгалт бүлэг үүссэн тухай Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Догсом, Ө.Дэндэв, М.Дугаржав нар Богд гэгээнд мэдэгджээ” гэсэн байдаг. Гэтэл Д.Сүхбаатарын Хүрээний хувьсгалт бүлгийг санаачилан байгуулсныг нь зориут үгүйсгэж, Монгол Улсын түүхэн үйл явдалд холбогдолгүй буриад хүн болгохыг санаархаж, “Д.Сүхбаатар нь нийслэл Хүрээнд буй болсон С.Данзангийн нууц бүлэгт элсч, лам Д.Бодоогийн тэргүүлсэн нууц бүлэгтэй холбоо тогтоож...” гэх зэргээр буруу бичсэн зүйлээ зөвтгөж баталгаатай болгохын тулд архивын түүхэн баримтыг зориуд өөрчлөн бичиж хэвлүүлжээ.
2.Манай Улсын архивт Хиагт хотыг гамин хятадаас чөлөөлөхөд Монгол Ардын 338 журамт цэрэг, Демко, Давыдов, Волков, Михайл Афсина, Мельников... зэрэг нутгийн найман орос, Раднота Андор гэгч унгар эмч оролцжээ. Ардын засгаас тэдэнд сар бүр 300 төгрөгний тэтгэмж олгож байжээ” гэх баримт бий.
Гэтэл Ц.Мөнхдорж нийтлэлдээ: “Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж явсан Оросын улаан армийн Кубаны алдарт V морьт дивизийн дайчдад монгол дээл хувцас өмсгөж, Хиагт хотод бүгсэн байлдааны бүрэн зэвсэгтэй 10 мянга гаруй гамин цэргийг 400 морьт партизан цэрэгтэйгээ хүч хавсран байлдаж, 1921 оны гуравдугаар сарын 18- ны өдөр бут цохин хөөн зайлуулсан тухай Баабарын “Нүүдэл шийдэл, олз гарз” номонд дурдсан байдаг” гэж бичжээ.
Үргэлжлэл бий.
Ч.ЛУВСАНЖАВ
(Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн ерөнхий захирал, профессор)
Сэтгэгдэл (4)
Түүхч (59.153.113.9)
Түүхийн архивын тоостой олон мянган шар хуудсыг сөхөж үзээгүй шинэ үеийн "үзэл сурталчид" Жанжин Д.Сүхбаатарын бодит амьдрал, түүхэн гавъяаг үгүйсгэх, бүдэгрүүлэхийг оролдсоор ирсэн. Янз бүрийн зохиол бичиж түүнээ түүх гэж хэлж байгаа нь маш хортой бөгөөд тэр бичвэрүүд ихэнхдээ хүний ам дамжсан цуу яриа, гадныхны нөлөөнд тулгуурлсан байдаг. Гэмт хэрэг мөн эсэхийг нотлох баримтад тулгуурлаж шийддэг шиг түүх мөн бодит баримтад л суурилж гардаг. Д.Сүхбаатар Богд хааны үеэс л гадны булаан эзлэгчидтэй тэмцсээр ардын намыг байгуулалцаж, ардын хувьсгалыг удирдан ялуулсан нь бодит түүх юм. ГАДНЫ АГЕНТЛАГУУД МАНАЙ МӨНГӨНД ШУНАТАЙ ХҮМҮҮСИЙГ АШИГЛАЖ, МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭХ, ХАРЛУУЛАХ, ГУЙВУУЛАХ АЛХМУУДЫГ 90-ЭЭД ОНООС ХОЙШ МАШ ХҮЧТЭЙ ХИЙЖ ИРСЭН. "ЭХЛЭЭД ТҮҮХИЙГ МАРТУУЛ, ҮГҮЙСГЭЖ ГУЙВУУЛ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ НЬ ЛИБЕРАЛ, ЛЕБИРТАР ҮЗЛЭЭР ӨВЧЛҮҮЛ, АРДЧИЛЛЫН ЗАГВАР ГЭЖ МАГТ ... НЭГ Л МЭДЭХЭД БИДНИЙ ХҮССЭН БҮХНИЙГ ТЭД ХИЙХ БОЛНО" АНГЛОСАКСОНЧУУД ИЙМ ЗАРЧМААР ХАНДАЖ БАЙГААГ БҮҮ МАРТ.
ИРГЭН (59.153.113.9)
ТИЙМЭЭ ЦЭЛ ЗАЛУУ НАСАА УЛС, ТҮМНИЙХЭЭ ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТҮҮХЭН ГАВЪЯАГ ХЭН Ч БҮДЭГРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ.
(112.72.11.120)
Сүхбаатар буриад хүн байсан гэж манай дорнодын буурлууд их ярьдаг байсан. Сүхбаатарын хамаатнуудыг таньдаг хүмүүс манай нутагт бишгүй олон хүн байсан гэдэг. Хууччуулын сонин яриа түүх зөндөө байдаг. Би лав тийм олон хүн бүгдээрээ улаан цайм худлаа ярьсан гэж огт бодохгүй байна. Наад эрдэмтэд чинь нуугаад байгаа юм бишүү? одоо ямар социализм байгаа биш дээ. Залруулж бичихээс залхуураад бгаа юмуу? Энэ ажлыг хийх хүн нь олдохгүй бгаа юмуу?
зочин (202.9.42.194)
мөнхдорж цагийн аясаар бусдын гар хөл болж явдаг мэдлэггүй юм уншдаггүй хоосон толгой гэдгийг мэддэг хүмүүс олон
Хоосон байна
Хоосон байна