Н.Цэрэнбат: Монголчуудын байгалиа хамгаалах уламжлал, ухамсрыг сэргээх хэрэгтэй
- 2018-02-05
- Байгаль орчин
- 0
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдүүдийн тэргүүнийг хүлээн авч уулзан, байгаль орчноо хамгаалах чиглэлд ард иргэдийг уриалахад хамтарч ажиллахыг хүслээ.
Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат сайд, “Ард иргэдээ байгаль эх дэлхийгээ хамгаалах, зан үйл үйлдэж байгаа нэрээр бохирдуулахгүй байх уриалгыг та бүхэн маань олон нийтэд хэлж, ойлгуулах хэрэгтэй байна. Би саяхан хөдөө явахдаа байгаль хамгаалагч нартайгаа овоо цэвэрлэлээ. Байгаль хамгаалагчид маань иргэдийн сүсэг бишрэлдээ зориулсан хадагнаас эхлээд ууц, сүүний хайрцаг зэргийг баяр болгоны дараа цэвэрлэж байгаа тухай хэлсэн. Тиймээс бид иргэдийг зан үйл үйлдэхдээ хог хаяхгүй байхыг уриалах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, бурхан шашны өв соёлыг тээсэн түүхэн дурсгалт газруудын нэгдсэн тоог гаргаж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллахыг та бүхнээс хүсэж байна. Монголын бурхан шашны хийдүүдийн тэргүүнүүдтэй энэ оны дөрөвдүгээр сард уулзан, монголчуудын байгаль эх дэлхийгээ хамгаалдаг байсан уламжлал, ухамсрыг сэргээх, шашин дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Та бүхнийг надтай хамтарч ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.
Уулзалтад Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн, Дэчинравжаалин хийдийн хамба лам М.Хүрэлцэнд, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан ажилтан, Мамба дацан хийдийн ловон лам Д.Амарболд, Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд нар оролцлоо.
Хүрэлцэн ирсэн шашны төлөөллүүд Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ дуулгаад өмнө нь төр засаг шашныхантай иймэрхүү байдлаар хамтарч ажиллах санал тавьж байгаагүй. Иргэдийн сэтгэхүйд уламжлал, ёс заншлаар дамжуулан байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлийг сэргээхэд төр засагтайгаа хамтарч ажиллахдаа таатай байх болно хэмээж байлаа.
Гандантэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав “Монголын Эрдэнэ зуу хийд бол дэлхийд үнэлэгдэх эргэл, мөргөлийн төв. Харамсалтай нь өнөөдөр энэ утгаа алдаад байна. Тиймээс бид Эрдэнэ зуу хийдийг эргэл, мөргөлийн төв болгож, “Монголын Эрдэнэ зуу”-д очоод мөргөх юмсан гэдэг сэтгэгдлийг монгол туургатнууд төдийгүй буддын шашин шүтдэг орнуудад төрүүлэх хэрэгтэй. Эх дэлхийгээ хамгаалах асуудлаар бид ажил хийж байгаа ч хүч хүрэхгүй байгаа. Тиймээс төр засгийн зүгээс дэмжлэг авч, хамтран ажиллах бэлэн байна” хэмээв.
Сэтгэгдэл (0)