Утааг бид дийлэх үү, дийлдэх үү
- 2018-02-07
- Байгаль орчин
- 1
Утаа ба суурин гэр
Утаа гэж сүрхий дайсантай Засгийн газар, нийслэлийн удирдлагатай хавсарч тэмцээд ч дийлэхгүй байна. Утаагүй зуух, түлш ер юу эсийг хэрэглэв. Хэчнээн ч тэрбум төгрөг зарцуулав. Өнөөдрийг хүртэл ахисан зүйлгүй байна. Гэтэл утаа нийслэлээс гадна их, бага хот суурин, аймгийн төвийнхнийг сандаргаж эхэллээ. Гарт баригддаггүй “дайсан”-тай тэмцсэн жилүүдэд баттай тогтоосон нэг зүйл нь утаа хаанаас гараад байгааг тогтоолоо. Гэр хорооллын яндангаас гараад байна гэнэ. Утааны гол эх үүсвэрээ мэдлээ.
Тиймээс одоо яах вэ. Тэр яндангуудаас утаа гарахыг болиулах хэрэгтэй. Гэтэл манай дарга нар орон гэргүй ядарсан хүмүүст өргөө цагаан гэр барьж өгч буян хийгээд л бас өнөөх утаа гаргадаг яндангийнхаа тоог нэмсээр байх юм. Улаанбаатар хотыг гэрээс нь салгах гэж орос ах нар 70 жил оролдоод бараагүй шүү дээ. Хэдэн зуун мянган айлын орон сууцыг тэд үнэтэй, үнэгүй барьж өгсөн. Гэрийн тоо хорогдоогүй харин ч нэмэгдсээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Гэтэл монгол гэр ямар учиртайг нэг тогтож бодмоор юм. Гэр нүүдлийн зориулалттай, монголчууд малынхаа ус, бэлчээрийг даган амьдрахад зохицсон сууц. Монгол гэрийг ийм зориулалтаар ашиглахад байгаль орчинд хор хохиролгүй. Хөдөө тал, уулын аманд хэдэн гэрээр буучихаад аргал түлээгээ түлэхэд яндангаар нь гарсан цэнхэр утаа орчны агаарыг бохирдуулж байсангүй. Нүүгээд явсан хойно хөрс шороо нь бохирдож үлддэггүй.
Гэтэл бид нүүдлийн нөхцөлд ашигладаг гэрээ ганц хонхорт авчирч 100 мянгаар нь эгнүүлж барьчихаад утаа манаргаад суухаар амьдрах аргагүй болж байна. Бид одоо болтол нэг зүйлийг ухаарахгүй байна. Энэ нь нүүдлийн гэр суурин нөхцөлд тохирохгүй байна. Суурингийн нөхцөлд “Нүүдлийн гэр”-ээ өөрчилж ашиглах хэрэгтэй. Тиймээс гэрээ хотжилтод тохируулан суурин гэрт дараах шаардлагыг тавих хэрэгтэй байна.
Үүнд: 1. Монгол гэрийн бүтэц, хийцийг хэвээр хадгалах
2. Шаардлагатай үед буулгаад өөр газарт /жишээ нь зусланд/ аваачиж барих боломжтой байх
3. Утаа гаргадаггүй байх
4. Төвлөрсөн усан хангамжтай байх /Заавал хотын төв шугамд холбох шаардлагагүй/
5. Жорлон ухаж, хөрс бохирдуулдаггүй байх /Районы цэвэрлэх байгууламжид холбосон байж болно/
6. Дулааны шугамд холбосон байх /цахилгаанаар халаадаг байж болно/
7. Хангалттай дулаан бүрээстэй байх
• Гэрийн доор 1.5-1.8 м гүнд цэвэр бохир ус, дулааны хэрэгслүүд байрлана.
• Тодорхой хэсэг айлыг хангах усан сангаас ус ирнэ. Энэ нь хэдэн гүний худгийн усыг цуглуулан түгээх даралтат цамхаг юм уу усны төв шугамаас хоолойгоор ус шахаж өндөрлөг газарт байрлуулсан эзэлхүүнт савнаас өөрийнх нь даралтаар айлуудад ус түгээх шугам байж болно.
• Айлуудаас гарах бохир усыг бага оврын цэвэрлэх байгууламжид цуглуулах зэрэг арга технологийг хэрэглэх боломжтой санагдана. Цаашид хот суурин газарт амьдрах бол зөвхөн суурин гэр барьж суух хатуу журам хуулиар тогтох шаардлагатай.
Нүүх үү, суух уу
1. Хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдлийг хязгаарлая
2. Хотоос хөдөө рүү нүүлгэе. Яаж энэ ажлыг хийх вэ. Одоо нэгэнт хүн ам нь дүүрчихээд байгаа Улаанбаатарт хөдөөнөөс орж ирдэг урсгалыг хуулиар хориглох хэрэгтэй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй” гэсэн зүйл ангийг зөрчинө. Гэвч мөн хуулийн 16- дугаар зүйлийн 2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;” гэсэн зүйл, заалтыг хангаагүй нөхцөлд 16 дугаар зүйлийн 18 дахь заалтыг шаардах нь утгагүй юм. Гуравхан сая хүнтэй, асар уудам газар нутагтай манай улсын хүн амын дийлэнх нийслэл хотдоо бөөгнөрчихөөр агаарын бохирдол, автомашины түгжрэл зэрэг наад захын бэрхшээл юм. Улаанбаатар руу ямар хүмүүс нүүж ирээд байна. Тэд өмч хувьчлалын гайгаар ажилгүй, зуднаар малгүй бологсод ихэнх нь байгаа болов уу. Ер нь л ядуурсан, ядарсан хүмүүс урьдынхаас арай гайгүй амьдрал мөрөөдөж ирж байгаа. Гэтэл Улаанбаатарт бас өөрийн уугуул ядуус үй олноороо хог ухаад, хулгай дээрэм хийгээд зарим нь орон гэр ч үгүй подвал, траншейгаар хоног төөрүүлж байх юм. Ер нь зовлон бүхний эх уурхай энэ ядуурал болж байна. Гарц хаана байна. Монгол мал аж ахуйн орон бас ашигт малтмалаар баян. Энэ хоёрыгоо түшиглэж хөдөө орон нутагт хэдэн сайхан үйлдвэр байгуулахад ядуурлаас салах арга баймаар юм даа.
Ж.ДАГВА
Сэтгэгдэл (1)
(122.201.24.244)
Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах...эрхтэй гэсэн Ү.Х-ийн заалт уугуул нийслэлчүүдийн хувьд дэндүү зөрчигдсөн Тиймээс таны эдлэх эрх бусдын эдлэх эрхээо хязгаарлагдана гэдэг зарчмыг мөрдөж хотд нүүж ирж хотыг ийм болгогчдыг нутагруу нь ямар нэг аргаар буцаах ёстой Албадсан ч болно