Утаагаар улстөржих хэрэггүй
- 2018-02-11
- Байгаль орчин
- 1
Монгол орон нар салхиар алдартайг гадаад дотоодын хүн бүхэн мэднэ. Баян хангайн дунд орших нийслэл Улаанбаатар хотод улсын хүн ардын олонх амьдрах боллоо. Хотод жил бүрийн арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хүйтэрч, айл өрх бүр гал түлж, гэр орноо дулаацуулж амьдардаг. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хотын утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараах санал тавина, дэмжинэ гэж хэдэн удаа хэлэв. Түүнийг ингэж улс төр хийж байгаад ард иргэд маш их дургүйцэж байгааг хэлмээр санагдлаа. Нийслэл хот 1950, 1960-аад оныг бодвол бараг утаагүй болж байгааг миний хувьд биеэрээ туулж, нүдээрээ харж байна. Би 1950 онд хот гэдэг их айлыг анх үзэж байв. Энэ үед айл бүр долоо хоногт нэг удаа гэрийнхээ утааг шүүрддэг байсан.
Одоогийн гэр хорооллын утааг 1990-ээд оны эхээр Ардчилсан нам гарч ард иргэд нутаг дэвсгэрээ сонгох эрхтэй гэж өндөр дуугаар уриалснаар хөдөө орон нутгийн иргэд нийслэл хотод шилжин ирж, утааг үйлдвэрлэгчид хэмжээгүй нэмэгдсэнийг хүн бүхэн мэднэ. Урьд өмнө хөдөө орон нутгаас айл өрхийн нэг хүн 26 төгрөг төлж аймгийн захиргааны тогтоол хотын захиргааны зөвшөөрлөөр шилжиж ирдэг дэг журамтай байв. Шилжиж ирэгсдийн олонх нь хотод үр хүүхдээ бараадан амьдрах, олон сар жилээр эмчилгээ хийлгэх хүмүүс зонхилж байв. Энэ бүхнийг хүний эрх гэдгээр халхавч хийж ямар ч зөвшөөрөл хяналтгүй шипжих хөдөлгөөн өрнөснийг хотын зарим нөхөд шүүмжилж, нийслэл хот ачааллаа даахгүйд хүрч автобус хүрэлцэхгүй, мах, сүү дутагдах болсныг үл тоож, хүний эрх гэдгээр хэрэгсэхгүй байв. Гэтэл саяхан УИХ-ын чуулганы үеэр Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат “Гэрийн яндангаас хар утаа гаргасан айл өрхийг торгоод байх хатуу хууль гаргахыг шаардаж, урдахаа мартаад унтаад сэрсэн юм шиг загнаж байв. Энэ бол цаад агуулгаараа Монгол Улсыг устгах гэсэн утга агуулж байх шиг ойлголт төрүүлэв. Гавьяат хуульч Б.Чимэд зурагтаар ярихдаа “Үгээ олж хэл, үхрээ олж мөөр” гэж хэлмээр байх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хурлаа тараах санал санаачилга гаргаж байгааг сонсоод ёстой гонжийн жоо гэмээр санагдав.
Нөгөө талаар Ерөнхийлөгчийг “Өөрийнхөө толгойгоор ажиллаасай” гэх хүний хардлага их байна шүү. Засгийн газар, Монголбанк болон улсынхаа сан хөмрөгийн уутыг уруу нь харуулж сэгсэрсэн улс эх орноо өр төлбөрт оруулж дараагийн засаг нь тэр өрийг нь төлөхийн тулд татвар хандив олох гэж хуруу хумсаа барж байхад хэргийн эзэн, хэнгэргийн дохиур З.Энхболд гэдэг хүнтэй хариуцлага тооцохын оронд ивээлдээ авч нэр хүндээ алдахын хэрэг Ерөнхийлөгчид юу байна гэж олон нийт ярьж байна. Ер нь утааг арилгах, бууруулах гол арга бол иргэний эрх, үүргийн харьцаа алдагдсаныг засах явдал юм. Иргэд эрхээ эдэлж байна гэж хотод дуртай газраа бууж, утаа үйлдвэрлэн улс эх оронд гай тарьж байна. Иймд хамгийн түрүүнд Хүний эрхийн хороог Иргэний эрх үүргийн нэгдлийг хангах хороо болгож, Монголын иргэн бүрийг эх орныхоо өмнө хүлээх үүрэгтэй болгох шаардлагатай болжээ. Ерөнхийлөгч бол ард иргэдийн эв нэгдлийг илэрхийлэгч гэж Үндсэн хуульд заасан биз дээ. Иймд Ерөнхийлөгч Үндсэн хууль дээр гараа тавих биш түүнийг хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эв нэгдлийг бэхжүүлж, иргэн бүрийн эрүүл ахуйн нөхцөлийг хангах үүрэгтэй болгох нь чухлаас чухал байна шүү.
Б.ЖИГЖИДСҮРЭН
Сэтгэгдэл (1)
Irgen (124.127.168.213)
Goliig ni olood helchihlee de. Manai eronhiilogch neg l bishee. Bolovsrol argagui l dutaad bnadaa hiirhii. 8 dugaar angia gej.