Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо сул байна

Эмэгтэй удирдагч сан, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран “Эрүүл аюулгүй орчин-эмэгтэйчүүдийн чадавх, оролцоо, нөлөөлөл” төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ. Уг төсөл хөтөлбөрийг Дэлхийн ногоон сан, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран санхүүжүүлсэн байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрийг өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд төслийн багийнхан айл өрхүүдэд орон гэр доторх агаараа цэвэршүүлэх болон эрүүл орчныг бүрдүүлэх, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломж бүрдүүлэх талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгчээ. Төслийн багийнхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн X, Чингэлтэй дүүргийн VI хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд агаарын бохирдлын нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох жендерийн дүн шинжилгээг хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулжээ. Тус дүгнэлтэд агаарын бохирдолтой хувь хүн өөрөө тэмцэж, эрүүл мэнддээ анхаарал хандуулах үйл ажиллагаа, мэдлэг, ур чадвар хангалтгүй байгааг дурдсан байна. Мөн хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилд агаарын бохирдлын үзүүлэх үнэлгээг хийжээ. Улаанбаатар хотын хүүхдүүдийн өсөлт, хөгжлийн хэвийн байдал алдагдаж, цээжний тойргийн хэмжээ багасахад агаарын бохирдол нөлөөлж байгааг тодорхойлсон байна. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хороодын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, анхан шатны эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангаж, төсвийг нь нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

М.АЛТАНЗУЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)