11 аймгийн 27 суманд шүлхий гарчээ

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаа, Дундговь аймгийн гурав, Булган аймгийн зургаа, Төв аймгийн гурав нийт 11 аймгийн 27 суманд шүлхий гарсан тул өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 30 голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод байгааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ. Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн шүлхийн голомттой аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгааг тодотгов.

Хорио цээрийн хязгаарлалтад орсон иргэдийг гаргаж байна

Булган аймагт амрах, айлчлах байдлаар түр оршин сууж хорио цээрийн хязгаарлалтад орсон 800-аад иргэнийг ээлж дараалалтай гаргах ажлыг аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийнхэн зохион байгуулж байна.

Эмнэлгийн дүгнэлт магадлагаатай эмчилгээ, шинжилгээ яаралтай хийлгэх өвчтөн, бага насны хүүхэд болон өндөр настан өвчтэй хүн асрах иргэн, гадаадад сурдаг оюутан, Өмнөговь аймаг болон бусад газар ажил хөдөлмөр эрхэлдэг, амралтаараа ирсэн ажилчдыг эхний ээлжид гаргаж байгааг холбогдох албаныхан хэллээ. Мөн Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийг Булган аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй, цонхоо онгойлгохгүй, шатахуун авахгүй байхыг анхааруулав. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байгааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас дуулгалаа.

Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг тухайн сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Тодруулбал, дээрх бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоожээ. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байна. Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дөрөвдүгээр зөрлөг, орон нутагт Төв аймаг Довтолгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд ариутгал халдваргүйтгэлийн цэгийг тавдугаар сарын 1-нийг хүртэл ажиллуулна.

Өвлийн хүйтэнд вакцин тарьдгийг зогсооно

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй хоёр сая тун шүлхийн вакцин худалдан авах гэрээ байгуулсан. ОХУ-аас энэ онд 7.1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас 500 мянган тунг эхний ээлжид хүлээн авч зориулалтын тээврийн хэрэгслээр вакцин яаралтай хэрэгтэй байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймагт хүргүүлжээ. Үлдэгдэл вакциныг ирэх сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газарт нь хуваарилан хүргүүлэх юм байна. Түүнчлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдгийг зогсоож цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгын ажлыг 4-10 сарын хооронд бүрэн хийж дуусгах төлөвлөгөөг ХХААХҮЯ-наас гаргажээ. Энэ он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхийгээр өвчилж, 3268 толгой малыг зориуд устгалд оруулжээ.

Шүлхий хүнд халдварлах тохиолдол бий

Шүлхий олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг бөгөөд маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин аж. Адуунаас бусад буюу салаа туурайтай мал, зэрлэг амьтад шүлхийгээр өвчилдөг байна. Энэхүү өвчин малын тодотголтой ч хүнд халдварласан тохиолдол бий. Нөгөө талаас хүн өөрөө шүлхийн вирусийг мал амьтанд дамжуулан тараагч болдог аж. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараажээ. Шүлхийн вирус хүний хувцсанд гурван долоо хоног амьд байдаг учраас энэ хугацаанд малд халдаах эрсдэлтэй. Тиймээс энэ төрлийн вирусийн судалгаа хийдэг мэргэжилтнийг, мал аж ахуй эрхэлдэг газраар очихыг тодорхой хугацаагаар хориглодог журамтай аж.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)