Л.Жаргалсайхан: Дэлхий нийтээр хогийг "баялаг" гэж ойлгон ашигладаг

 Улаанбаатар хотын хүн ам нэг саяас аль эрт давж, метрополис төвшинд очсон боловч хог боловсруулах нэг ч үйлдвэргүйн улмаас хаягдлаа газарт булж устгаснаар хөрс, гүний ус бохирдох явдал хавтгайрчээ. Үүнтэй холбогдуулан Хятадын Жансу мужийн “China Tianуing” компанийнхан нийслэлд хог боловсруулах цахилгаан станц барих талаар ШУА-ийн эрдэмтэн, судлаачидтай санал солилцож, төслөө танилцууллаа.

Тэдний хэлж байгаагаар тус үйлдвэр нь хоногт 50-100 тн хог боловсруулж, дунджаар 10 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм. Мөн өөрийн хөрөнгөөр барьсан үйлдвэрээс гарах эрчим хүчийг тодорхой хугацаанд худалдан авах шаардлагыг тавих бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлж өгөхийг санал болгосон байна. Энэ талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Л.ЖАРГАЛСАЙХАНТАЙ ярилцлаа. 

-Нийслэлийн хувьд агаарын бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлийн нэг нь хог хаягдал. Энэ талаарх менежмент, хууль эрх зүйн орчин ямар төвшинд байна вэ?

-Манай улсад хог хаягдлын талаарх хууль, эрх зүйн орчин хангалттай бий. Тухайлбал, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар хэмжээг багасгахад чиглэсэн Хог хаягдлын тухай хуулийг батлан гаргасан. Одоогоор улсын хэмжээнд жилдээ хоёр сая гаруй тонн хог хаягдал бий болдгийн тэн хагасыг нийслэлд “үйлдвэрлэж” байна. Тэдгээрийг дэлхий дахинд хамгийн муу гэж үзэн булж устгах аргаар зайлуулдаг. Улсын хэмжээнд хог хуримтлуулах 370 орчим цэг ажилладаг юм. Ахуйн хог хаягдлыг хаяж устгах технологид хамгийн дөхсөн нь Нарангийн энгэр дэх хогийн цэг юм. Бусад газарт энгийн болон аюултай хог хаягдлыг нэг дор, ил задгай асгаж хуримтлуулж байна. Тэнд байнгын шаталт явж, утаа униар болж хажууд нь хүн амьдарч, мал нь бэлчсэн иймэрхүү л дүр зурагтай байгаа юм. Улмаар бороо хур орж, бохир ус урсч бэлчээр болон хөрсийг бохирдуулж байна.

-Энэ бүхнийг зогсоох, ядаж багасгахын тулд юу хийх ёстой вэ. Уг нь орон сууц, гэр хорооллын зарим газарт хогийг ангилан ялгаж тусгай саванд хийдэг болсон?

-Цогц шийдэх нь чухал. Хэдийгээр иргэд хог хаягдлаа ангилан ялгадаг байлаа ч яг тэр байдлаар нь хүлээж авдаг газар байхгүй бол ямар ч хэрэггүй. Тиймээс ангилж ялгаснаар нь хүлээж аваад боловсруулдаг, дахин сэргээж ашигладаг газар зайлшгүй чухал. Уг нь дэлхий нийтээр хогийг баялаг гэж ойлгодог, ашигладаг болсон. Тиймээс хог хаягдлыг орон гэргүй, ядуу зүдүү хүмүүс л түүдэг гэх сэтгэлгээнээс салж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тодорхой тооны ажлын байр бий болгож болохоор санагддаг. Улмаар төр, засгийн зүгээс татварын бодлогоор дэмжих зэргээр дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад санхүүгийн асуудлыг шийдэж өгмөөр байна. Учир нь, байгалийн юмуу малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс энэ нь хамаагүй өөр, хүнд хөдөлмөр шүү дээ.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хог хаягдлыг дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих талаар тусгасан. Үүнд манай эрдэмтэн судлаачдын санал санаачилга хэр оролцоотой байдаг юм бол?

-Хог гэхээр зөвхөн айл өрхөөс гарч байгаа хаягдлыг ойлгож болохгүй. Үйлдвэрлэлийн болон бусад хог хаягдал ч үүнд багтана. Эдгээрийн гол менежмент нь “Зеро весть” буюу хоггүй технологийг бий болгох явдал юм. Энэ талаар судалгаа шинжилгээ хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж туршсан ажил цөөнгүй. Тухайлбал, манай хүрээлэнгийн хувьд малын гаралтай дайвар бүтээгдэхүүн болох шилийг боловсруулж, үнэ цэнэтэй каллоген, уурагт бүтээгдэхүүн, нойр булчирхайнаас чухал фермент гаргаж авах судалгааны ажил хийж байна. Харин ахуйн хэрэглээний хог хаягдлын тухайд хийсэн судалгаа шинжилгээ байдаггүй юм. Цаашдаа илүү анхаарч судлах шаардлагатай зүйл бол байна. Жишээ нь, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хог хаягдал байдаг. Гар утасны 26 хувь нь үнэт металл зэс, алт, мөнгө зэрэг газрын ховор элементээс бүрддэг. Телевизор, хөргөгч, цахилгаан халаагуур гээд олон л юмыг хаяж байна. Тэдгээрийг олон улсад “хотын уурхай” гэж нэрлээд деталь, эд ширхэг бүрийг нь ашиглаж байна шүү дээ. Бид иймэрхүү сайн технологиос суралцах хэрэгтэй байна.

-Хятадын “China tianying” компани хог боловсруулах цахилгаан станцын төслөө танилцууллаа. Ийм үйлдвэрлэл манайд нутагших боломж хэр байна?

-Хог хаягдлыг дахин боловсруулахаас гадна шатамхай хэсгийг сэргээн ашигладаг болсны нэг жишээ нь энэ төсөл юм. Төслийн багийнхан нийслэлд судалгаа хийсний үндсэн дээр сэргээн ашигласан хог хаягдлаас эрчим хүч гарган авахаар тооцоолжээ. Гэхдээ Улаанбаатар хот жилдээ нэг сая тонн гаруй хог хаягдал үүсгэж байгаагийн 20 орчим хувийг сэргээн ашиглахаар тооцсон нь боломжийн санагдаж байна.

-Манай зарим компани хуванцар сав, материалыг дахин боловсруулж, гудамж талбайд байрлуулах хогийн сав, сандал, траншейны таг хийсэн байхыг үзсэн. Ийм үйлдвэрлэл эрхлэх нь хэр хортой юм бэ?

-Хогийг буруу технологиор дахин боловсруулбал нүдэнд харагдаж байгаагаасаа ч илүү хор хөнөөлтэй болдог. Тухайлбал, тэдгээрийг шатаах юмуу хайлуулахад диоксидфран гэдэг хорт хий ялгардаг нь хавдар үүсгэж, генд нөлөөлдөг байх жишээтэй. Цианитаас 10 мянган дахин хоруу чанартай болохыг эрдэмтэд тогтоосон. Тиймээс хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэр байгуулах, ийм төрлийн үйлдвэрлэл эрхлэх бол эхнээс нь маш чанга хатуу шаардлага тавьж, стандартыг чанд мөрдөн ажиллах нь чухал. Айл өрх ч үүнийг анхаарч байх ёстой. Бидний тооцоолсноор нэг айл өрхөөс дунджаар 450 кг хог хаягдал гардаг. Гэтэл өвлийн улиралд үнснээс өөр юм гарахаа больчихдог нь манайхан юу таарснаа шатаачихдагтай холбоотой. Түүний дотор гялгар уут, хуванцар сав, жимс ногооны хальс гээд юу эс байх вэ. Энэ бүхэн нөгөө л хорт бодис ялгаруулж байгаа гэдгийг мартаж болохгүй. Айлын хашаанд, гудамжинд хогоо шатаагаад орхичихсон байдгийг бид олонтаа хардаг. Энэ байдлаас татгалзвал наанадаж өөрсдөө хордохгүй, цаашилбал хотын агаарын бохирдлыг багасгахад бага ч болов тус дэм болно гэдгийг бодолцох хэрэгтэй юм.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (119.40.99.2)

    2018-03-08

    хэ, хэ

  • (202.70.42.154)

    2018-03-07

    MONGOLOOS BUSAD ORON INGEJ SHIIDBERLEJ BN.TA YARSAN ZUILEE TORIIN TOM DARGA NART HELNE UU.

  • (202.70.42.154)

    2018-03-07

    sain bn. tani i helsen zuiliig demjij bn. hevee high yum be hurdan hiihgui bol utandas iluu boloh geed bn. Tanie amjilt husey.