Тусламж нэртэй өвс, тэжээлийг мөнгөө төлсөн малчид л хүртэж байна

Монгол орны бүх нутгаар өнгөрсөн зун газрын гарц муу, зуншлага тааруу байсан нь мал тарга хүч дутуу авч, өвөлжилт, хаваржилт хүндрээд буй. 

Нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаа бөгөөд цасны зузаан 0-40 см хүрч хатуурсан нь мал бэлчихэд ихэд бэрхшээл учруулж байгаа юм.

Мал бүү хэл, машин ч явахгүй газар байгаа гэдгийг Төв аймгийн Баянжаргалан суманд манай сурвалжлах багийнхан очиход олон малчин хэлсэн юм. Бид өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баян, Баянжаргалан сумаар өвөлжилт, хаваржилт ямар байгааг, олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулсан, цэцэрлэг, сургуулийн сурагчдаас малчдад зориулан цуглуулсан хандив тусламж зорилтот хүмүүстээ хүрсэн, эсэхийг газар дээрээс нь сурвалжиллаа.

ТУСЛАМЖИЙГ МӨНГӨӨР ОЛГОЖЭЭ

Хаврын урь орж, энд тэнд цас тарлаж эхэлсэн хэдий ч хүйтний эрч харих болоогүй, замд үе үе ширүүн салхилж шуурч байлаа. Нүцгэн уулс, толгод цайвартаж, энгэр ээвэр газартаа зузаан цас ханзрах болоогүйгээ илэрхийлэх мэт мөс болон гялалзана. Замгүй хэсгээр нь давхихад төмөр хүлгийн дугуйн аясаар мөс цөмөрч, туулах чадвар муутай машин суучих гээд явахад бэрхтэй.

Шувтарч буй хэдий ч эрчээ алдаагүй байгаа хахир өвөл мал, малчдад ямархуу “бэлэг” барьсныг илтгэх тэмдэгтэй зам дагуу байнга учирч явлаа. Төв аймгийн Баян сумаас Баянжаргалан руу салдаг уулзвар өнгөрөөд төд удалгүй хээр морины сэгтэй таарав. Үзвээс өлдөж, эцсийн хүчээ шавхан босохоор тэмцсэн нь илэрхий. Эрүүгээрээ хөлдүү газарт тулан, хойд хөл дээрээ өндийх гээд чадаагүй бололтой.

Тэр чигээрээ үрэгдсэнийг уншигч та зургаас харж буй биз ээ. Хээрийн амьтан, нохой шувууд үхсэн адууны сэрвээнээс нь эхлэн идэж, далных нь ясыг гартал зулгаасан байлаа. Иймэрхүү сэг зэмтэй Баянжаргалан сум ортол нэлээд олон таарав. Зарим айл үхсэн малынхаа адсага, турсагыг хуулан аваад, гарсан улайг нь хээр 5-10-аар нь овоолон хаясан байхтай ч тааралдана. Эндээс Төв аймгийн зүүн урд талын сумд ямархан нөхцөлд өвлийг давсныг төсөөлж болох биз ээ.

Бид явсаар Номт гэх газар өвөлжиж буй малчин Л.Отгонбатынд очлоо. Тэднийх адуу, үхрээ овъёос, хивгээр тэжээж, нэлээд хэсгийг нь нэмнэжээ. Гэрийн эзэн, эзэгтэй нар “Энэ жил бусдаас онцгой, гойд хүйтэн жил байлаа. Өмнөх жилүүдэд зуд болно гэж анхааруулдаг, 100 жилд тохиогоогүйгээр хүйтэрнэ гэж мэдээлж байсан ч энэ жилийнх шиг ингэж тачигнаагүй. Ялангуяа нэгдүгээр сарын 17-ноос хойш орон даяар их хүйтэрсэн. Тэр үед манай энд тасралтгүй 10 хоног шуурлаа.

Тэр шуурганаар мөн ч олон мал хорогдсон доо. Шуурганд хүн малгүй л уруудчих гээд, адуу, хонио ээлжээр манаж машиндаа хонож байсан. Адуугаа шөнө нь манасан нэг маань гэртээ ирэхэд зөрөөд сумын төв орж, шатахууны саваа дүүртэл бензин аваад шөнөжингөө асаалттай хоноод маргааш нь дахиад л саваа дүүргэнэ. Ийм маягаар олон хоносон. Тэжээл, бензинд л их мөнгө зарж байна. Ойролцоогоор 5-6 сая төгрөг зарцуулчихаад байгаа шүү. Манайх гаднаа өнөөдөр 20 гаруй адуу, 40 орчим үхэр тэжээж байгаа.

Үргэлжлэлийг эндээс 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)