Европын холбоо Ирландын асуудлаар Лондонтой тохиролцоно

Их Британи Европын холбооноос гарах тухай шинэ ээлжийн хэлэлцээр Брюссель хотод болж өндөрлөлөө. Хэлэлцээрийн дараа Европын холбооны ерөнхий төлөөлөгч Мишель Барнье, Их Британийн талын тусгай элч Девид Дэвис нар сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Энэ үеэр БРЕКСИТ-ийн шилжилтийн хугацааны асуудлаар Их Британи, Европын холбоо хоёр тохиролцоонд хүрснийг албан ёсоор зарлажээ. Түүнчлэн БРЕКСИТ-ийн шилжилтийн хугацааны нөхцөлүүдийг харилцан тохирч Их Британи Европын холбооноос гарах үйл явцыг 21 сараар сунгасан байна. Энэ удаагийн хэлэлцээрийн талаар Девид Дэвис “БРЕКСИТ- ийн асуудлаар эхний шатны зөвшилцөлд хүрсэн. Энэ зөвшилцлийг Европын холбооноос гарах хэлэлцээрийн нөхцөлөөр тусгаж байна.

Бид санхүүгийн өр төлбөр, иргэдийн эрхийн заалтыг эцэслэхэд онцгой анхаарал хандуулж байна. Тиймээс бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын шийдвэр, төлөвлөгөөгөө хойшлуулах шаардлагагүй. Харин ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн байна. Их Британи улс Европын холбооноос гарах тухай хуулийн төслийн зонхилох агуулгын тухай хоёр тал тохиролцоонд хүрсэн ч Ирландын хилийн заагийн асуудлаар дахин хэлэлцээр хийхээр болжээ. Хилийн маргааны талаар Европын холбооны ахлах төлөөлөгч Мишель Барнье “Ирландын хилийн асуудалд хамтын шийдэлд хүрэх хэрэгтэй. БРЕКСИТ-ийн хэлэлцээрийг баталгаажуулахаас гадна Бүгд Найрамдах Ирланд улс болон Их Британийн харьяа Умард Ирландын хилийн асуудлыг анхааралдаа авна. Тиймээс хилийн хатуу хяналт тогтоохоос татгалзаж, Умард болон Өмнөд Ирландын хамтын ажиллагааг хангахад илүү боломжит шийдэлд хүрэх нь маш чухал юм” гэж мэдэгдлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)