М.Цукерберг 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар тайлбар өгөхийг хүсчээ

Одоогоос хоёр жилийн өмнө болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулахад “Кэмбриж Аналитика” пүүс голлох үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээлэл сенсаци тариад байна. Их Британид төвтэй тус пүүс Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг ашигласан аж. Тухайлбал, тус сүлжээний 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр авч, сонгуулийн үеэр ашигласан гэх мэдээлэл цацагдсаны дараа Фэйсбүүкийн хувьцаа долоон хувиар буурч, 69.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн даваа гаригийн биржийн арилжаагаар компанийн хувьцааны үнэ 37 тэрбум ам.доллараар унажээ. М.Цукерберг Фэйсбүүк компанийн хувьцааны 16 хувийг эзэмшдэг аж. Тус байгууллагын хуулийн зөвлөхийн орлогч Пол Грюэл болсон хэрэг явдлыг “залилан ба хөөрөгдөл” гэж онцлоод байна. Алдагдсан мэдээллүүд бүрэн устгагдсан гэдгийн төлөө бид ажиллаж байна гэж тэрээр нэмж хэлжээ. Дашрамд дурдахад, 2015 онд Кембрижийн Их сургуулийн профессор А.Коган гэгч “Таны дижитал амьдрал” хэмээх Фэйсбүүкт зориулж “сонжоо” маягийн аппликэйшн гаргасан байдаг. Тус аппликэйшнийг 270 мянга гаруй хэрэглэгч ашиглаж мэдээллээ хуваалцаж байжээ.

М.Цукерберг дээрх дуулиантай холбогдуулан өчигдөр албан ёсоор мэдэгдэл хийж, хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна. Тэрбээр “Фэйсбүүк компани бүх шатны үйл ажиллагаандаа аудитын бүрэн шалгалт оруулахаар төлөвлөж байгаа” хэмээн “Wired”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мөн Конгрессын өмнө дээрх асуудлаар тайлбар өгөхөд бэлэн буйгаа мэдэгдэхдээ “Товчоор бол би зөв зүйл хийхдээ баяртай байх болно. Бид “Фэйсбүүк”-ээс энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүнийг Конгресс руу явуулна. Хэрвээ тэр нь би юм бол, явахад бэлэн байна” гэжээ. Өнгөрсөн хугацаанд М.Цукерберг хэзээ ч өөрийн биеэр Конгрессын өмнө тайлбар өгч байгаагүй. Тиймээс АНУ-ын эрх баригчид түүний амнаас үг сонсохыг хичээцгээж байна. Мөн “Блүүмбэрг”-ийн мэдээлснээр АНУ-ын Холбооны худалдааны хорооноос “Кембриж Аналитика” пүүстэй холбоотойгоор шалгалт хийж эхэлсэн гэв. Америкийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үүрэгтэй тус байгууллага нь хэрэв ямар нэгэн зөрчил илрүүлбэл тодорхой хэмжээний торгууль ногдуулна. Гэвч “Фэйсбүүк”-ийн хувьд торгууль тийм ч том асуудал биш. Учир нь асар их хэмжээний мөнгөтэй учраас энэ нь түрхэн зуурын асуудал. Гэвч уг асуудал цааш даамжирвал энэ нь компанийн бодлогод нөлөөлж, хэрэглэгчдийн тухай асар их мэдээлэл цуглуулдаг бизнест нь сөргөөр нөлөөлж магадгүй гэж онцолж байна.

Үүнтэй зэрэгцэн Их Британийн парламентын комисс “Фэйсбүүк”-ийг үндэслэгч М.Цукербергт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар тайлбар өгөхийг хүсчээ. Түүнд бичсэн захидалд дурдсанаар “Хэрэглэгчийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд “Фэйсбүүк” компани урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ авсныг мэдэх нь хэрэглэгчдийн хувьд их чухал. Тиймээс тус компанийн өндөр албан тушаалтан энэ тухай тайлбар өгөх нь хичнээн чухал болохыг ойлгоно гэдэгт итгэж байна” гэв. Их Британийн парламентын комисс М.Цукербергт бичсэн захианы хариуг ирэх даваа гариг хүртэл хүлээнэ гэдгээ мэдэгджээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.11.108)

    2018-03-26

    Цакербэргээс тайлбар өгөхийг хүссэн юм биш үү?