Д.Трамп: Шударга бус худалдааг цэгцэлнэ
- 2018-03-26
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “301 тоот” шалгалтын дүнг үндэслэн БНХАУ-аас импортолж буй барааны гаалийн татварыг нэмэх, Хятад улсын аж ахуйн нэгж АНУ-д хөрөнгө оруулахыг хязгаарлах гэрээнд гарын үсэг зурлаа. БНХАУ- ын импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэрийн дагуу нийт 60 тэрбум ам.доллараар хэмжигдэх бараа, бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах юм. АНУ- ын Худалдааны яам импортын татвар ногдуулах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлж, 15 хоногт багтаан олон нийтийн саналыг авахаар төлөвлөжээ. Харин БНХАУ- ын тал хариу арга хэмжээ болгон АНУ- ын гурван тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар төлөвлөсөн талаар мэдээлэв. ТАСС агентлагийн мэдээлж буйгаар АНУ-ын ган, хөнгөн цагаан, гахайн мах, жимс, дарс зэрэг бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан юм. Энэ хариу арга хэмжээ Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн суурь зарчим, зохицуулалтыг зөрчихгүй гэдгийг БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдлээ. БНХАУ-ын Засгийн газар Дональд Трампын энэ шийдвэрийг хүчтэй шүүмжилж, эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ анхааруулсан байна. Хэдий тийм боловч худалдааны маргааныг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг АНУ-д хандан уриалжээ. Эхний ээлжид гурван тэрбум ам.долларын татвар ногдуулахаар төлөвлөсөн ч БНХАУ цаашид АНУ-ын технологийн компаниудын эсрэг худалдааны арга хэмжээ авч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Үүнээс өмнө АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трамп оюуны өмчийн хулгай, БНХАУ-ын компаниудаас АНУ-ын бизнесийнхэнд үзүүлж буй шахалтуудтай холбоотойгоор энэ арга хэмжээг авч байгаагаа тайлбарлажээ. Мөн тэрбээр "Энэ шийдвэр шударга бус худалдааны эсрэг авч байгаа анхны алхам" гэж онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ- ын Худалдааны тунхагийн 301 дүгээр зүйлд үндэслэн бид БНХАУ-ын эсрэг худалдааны хариу арга хэмжээ авч байна. Энэ шийдвэр ойролцоогоор 60 тэрбум ам.доллараар хэмжигдэх БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд хамаарна. Миний бие БНХАУ-ын дарга болон бусад өндөр дээд албан тушаалтнуудтай ярилцаж, худалдааны алдагдлыг 100 тэрбум ам.доллараар бууруулах хүсэлт тавьсан. Энэ бол маш өндөр дүн. АНУ дэлхийн улс орнуудтай хийж буй худалдаанаас 800 тэрбум ам.долларын худалдааны алдагдал хүлээж байна. Зарим хүн БНХАУ-тай хийж буй худалдаанаас хүлээж байгаа алдагдал 375 тэрбум ам.доллар гэж мэдээлж байна. Үнэндээ энэ хэмжээ 500 тэрбум ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын нийт худалдааны алдагдлын талаас илүү гэсэн үг.
Энэ бол дэлхийн түүхэнд аль ч улсад байгаагүй худалдааны хамгийн их алдагдал. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авах ёстой. Энэ арга хэмжээ биднийг илүү хүчирхэг, илүү чинээлэг болгох болно" гэж мэдэгдсэн байна. Одоогоор БНХАУ-ын 1300 гаруй нэр төрлийн буюу 50 тэрбум ам.доллартай тэнцэх бараа, бүтээгдэхүүнийг жагсаалтдаа багтаасан талаар Цагаан ордон мэдээлсэн юм. Гэвч Дональд Трамп Сангийн сайд Стивен Мнучин болон бусад холбогдох албан тушаалтнуудад жагсаалтад нэмэх бараа, бүтээгдэхүүний талаар чиг үүрэг өгсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна. БНХАУ-д татвар ногдуулах Дональд Трампын дээрх шийдвэрийн дараа хөрөнгийн зах зээлийн арилжаа уналтын бүсэд шилжжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)