С.Рябков: Оросын эсрэг улс төр, мэдээллийн дайнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байна
- 2018-03-27
- Дэлхий
- 0
ЗХУ-ын тагнуулч асан С.Скрипалийн амь насанд халдсан хэрэг Лондонд гарсан. Улмаар Европын орнууд Москва дахь Элчин сайдын яамаа түр хугацаагаар хаах, ОХУ-ын дипломат ажилтнуудыг нутаг буцаах шийдвэр гаргасан билээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд С.Рябков ТАСС агентлагт ярилцлага өгчээ.
-Европын холбоо Москва дахь суурин төлөөлөгчөө эгүүлэн татсан шалтгаанаа С.Скрипалийн хэрэгтэй холбон тайлбарласан. Зарим орон энэ хэрэгт ОХУ- ыг буруутгаж, дипломат ажилтнуудыг олноор нь нутаг буцахыг шаардаж эхэллээ. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Европын зөвлөлийн хурлаар хоёр үзүүртэй шийдвэр гаргасан. Хэдийгээр Европын улсууд дотоод асуудлаа бие даан шийдвэрлэх эрхтэй ч үр дагавраа тооцоолох хэрэгтэй. Европын холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүлэгчид Маркус Эдерерийг Москвагаас түр хугацаагаар эгүүлэн татахаар шийдвэрлэсэн. Европын холбооны Москва дахь Элчин сайд Маркус Эдерер өнөөдөр / өчигдөр/ нутаг буцаж байгаа. Бид энэ хэрэгт буруугүй гэдгээ олон удаа мэдэгдсэн. Гэвч Европын орнууд манай улсын байр суурийг үл тоомсорлож, Их Британийн уриалгыг дэмжиж буй нь илэрхий боллоо. Лондоны зохиомол хэргийг Европын 20 орны Засгийн газар дэмжсэн нь барууны ертөнцөд Орос улсын байр суурийг харгалзан үздэггүйн баталгаа болж байна.
-Их Британийн тал Солсберид болсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Орос улстай хамтран ажиллахаас татгалзсан шалтгаан нь юу вэ?
-Бид Лондоны талтай холбоо тогтоох гэж үзсэн. Харамсалтай нь англичууд хамтарсан мөрдлөг, хэлэлцээр хийхээс татгалзсан. Манай улсыг ямар баримт нотолгоогоор хэрэгт буруутгаж байгаагаа тайлбарлахыг бид шаардсан. Харин Английн Засгийн газар бодит тайлбар бус Москвагийн эсрэг гүтгэлгээ хуулийн дагуу журамлахыг хичээж эхэллээ. Тэд улс төрийн гаргалгаандаа “Магнитскийн жагсаалт” гээчийг чадварлаг ашиглаж Оросын эсрэг хориг тавьсан. Бид тэдний арга зүйг мэдэж байгаа ч дипломат ёс зүйг эрхэмлэн асуулга хүргүүлсэн. Ямар хариу өгөхийг нь ч таамаглаж байна. Солсберид гарсан хэргийн тухай тодорхой мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Ийнхүү нууцалж буй нь олон улсыг хуурах гэсэн оролдлого юм. Гэхдээ бид Англи тэргүүтэй Оросын эсрэг үзэлт орнуудын ёс бус үйл ажиллагаа улс төр, мэдээллийн дайнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа.
-Сергей Скрипаль болон түүний охины биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн үү?
-Английн Засгийн газрын зүгээс ямар ч мэдээлэл өгөөгүй. Энэ сэдвээр Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдээ л байна. Гэхдээ сонин хэвлэл, ертөнцөөр цацагдаж байгаа мэдээ, Засгийн газраас өгсөн мэдээлэл хоёр тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Өнгөрсөн өдрүүдэд Их Британийн албан тушаалтнууд тайлбараас татгалзаж, мэдээллийн хэрэгслүүд цуу яриа төдийхөнд тулгуурлаж мэдээ дамжууллаа. Тиймээс Их Британийн хэвлэлийн мэдээнд итгэх хэрэггүй.
-Мөрдөн байцаалтын хүрээнд Химийн зэвсгийг хориглох байгууллагатай хамтран ажиллаж байгаа юу?
-Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа. Гэхдээ бид энэ байгууллагыг бодит дүгнэлт гаргана гэдэгт эргэлзэж байна. Товчхондоо Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Английн талд үйлчлэх магадлалтай.
-Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Новичок" гэх хорыг эхлээд ЗХУ дараа нь Оросын тал үйлдвэрлэж, ашиглаж байсан гэж мэдээлсэн. Энэ мэдээлэл хэр үнэний ортой вэ?
-Химийн зэвсэг үл дэлгэрүүлэх конвенцийг манай улс хатуу чанд баримталдаг. Английн химийн зэвсгийн шинжээчид ямар шалтгаанаар “А234” хорыг “Новичок” гэж нэрлэснийг мэдэхгүй. Гэхдээ баруунд сүүлийн арав гаруй жил уг хорт бодисыг энэ нэршлээр нь нэрлэж байна. “Новичок” химийн бодис ашиглан олон хүний амь хөнөөж буй тухай Их Британийн олон ангит кинонд өгүүлдэг. Мөн Сирид гарсан химийн зэвсгийн халдлага ОХУ-тай холбоотой гэсэн АНУ-ын тараасан цуу яриа үндэс баримтгүй юм. Энэ мэт цуу яриа тарааж байгаа нь АНУ өдөөн хатгасан үйлдэл юм. “Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэж байна” гэсэн үндэс баримтгүй гүтгэлгээ АНУ баримталж байна. Сирийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус дэм үзүүлэх улс төрийн арга хэмжээ авах үед АНУ үргэлж хуурамч мэдээлэл тараах буюу арга хэмжээ зохион байгуулж химийн зэвсгийн мөрдөн байцаах ажилтай холбоогүй сэдвийг хөнддөг уламжлалтай. Эдгээр үйл ажиллагаа нь Оросыг чиглэсэн байдаг.
-Москва дахь Их Британийн Элчин сайдын яамнаас ОХУ-д суугаа гадаадын дипломат төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулсан. Тэр уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч оролцсон уу?
-Их Британийн Элчин сайд манай яамны төлөөлөгчийг уулзалтандаа уриагүй. Энэ бол Оросын эсрэг үзэл баримтлалын нотолгоо юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)