И Мён Бак ард түмнээсээ уучлал гуйв
- 2018-03-27
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийг авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж байгаа ажлын хэсгийн үзэж байгаагаар И Мён Бак улсынхаа Үндэсний тагнуулын алба болон бусад байгууллага, нөлөө бүхий компаниас авлига авч, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байжээ. Сөүл хотын Төвийн тойргийн шүүх улсынхаа Прокурорын Ерөнхий байгууллагаас тавьсан хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч асан 76 настай И Мён Бакийг түр саатуулжээ. Эх сурвалжуудын уламжилж байгаагаар мөрдөн шалгах хэсгийнхэн И Мён Бакаас гадна түүний гэр бүлийн гишүүд, зөвлөхөөр ажиллаж байсан улстөрчид, “Самсунг” группийн ТУЗ-ийн гишүүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. И Мён Бак “Ариранг” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, ард түмнээсээ уучлал гуйн “Прокурорын байгууллагаас тулгаж буй хэрэгт би хамааралгүй” гэдгийг онцолсон байна. Өмнөд Солонгосын өмнөх төрийн тэргүүн эрх мэдлээ урвуулан ашиглаж, Үндэсний тагнуулын алба болон хэд хэдэн бизнесийн байгууллагаас авлига авсан, “DAS” компаниараа дамжуулан мөнгө угааж, хувийн сандаа 30 тэрбум вон төвлөрүүлсэн хэргээр ял тулгаж байгаа юм. Түүний хувийн санг И Мён Бакийн төрсөн ах нь тэргүүлж байжээ. Гэхдээ И Мён Бакийг саатуулснаар энэ улсын Прокурорын ерөнхий газар хуулийн дагуу 20 хоногийн хугацаанд багтаан хэрэг тулгах албан ёсны эрхтэй болсон юм. И Мён Бак Өмнөд Солонгос улсыг 2008-2013 онд тэргүүлж байжээ. Тэрбээр эрүүгийн хэрэгт нь холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Өмнөд Солонгосын тав дахь төрийн тэргүүн болж байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)