Кемеровод бослого болж, В.Путинийг огцрохыг шаардаж байна
- 2018-03-28
- Дэлхий
- 0
Оросын Кемерово мужид бослого болж байна. Мужийн захиргааны байрны өмнө өнөө өглөө иргэд цугларч удирдлагууд болон хямдхан, шатдаг материалаар барилга барьсан хүмүүст хариуцлага тооцох асуудлаар хэлэлцэх байжээ. Харин уг уулзалт бослого үймээн болж хувираад байна. Иргэд өнөөдөр Кемерово мужид газардсан Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахыг хүсэж байгаа аж. Түүнчлэн мөнгөний төлөө бүх зөрчлийг нүдээ анин өнгөрүүлсэн холбогдох албаныханд хариуцлага тооцохыг шаарджээ.
Путин Кемеровод газардсан ч албаныхан болон цөөн хэдэн иргэнтэй уулзсан гэх мэдээлэл байгаа аж. Харин Оросын зарим хэвлэлүүд Ерөнхийлөгч Путин иргэдийн төлөөлөлтэй уулзаж, жагсагчид дээр очсон гэж мэдээлжээ.
Кемеровогийн иргэд “Барууны аль нэг оронд хүмүүс нас барсан бол Ерөнхийлөгч Путин шөнө байсан ч босож утсаар ярьж эмгэнэл илэрхийлнэ. Харин энд хоёр дахь өдрөө чимээгүй байна” гэж бухимдлаа илэрхийлсэн байна. Жагсаал Москва орчимд болон Кемеровод болж байгаа аж.
“Зимняя вишня” худалдааны төвд болсон түймрээр амиа алдсан хүмүүсийн тоог буруу зарласан гэж иргэд үзэж байна. Мөн аврагч нарыг цөөн тоогоор ажиллуулж, нас барсан хүмүүсийн жинхэнэ тоог хэлэхгүй байхыг тэдэнд үүрэгдсэн гэж Кемеровогийнхон хардаж байгаа аж. Түймрээр амиа алдсан хүний тоо 67 боллоо гэж хамгийн сүүлд мэдээлсэн ч нэгэн эмэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан захидалдаа 130 хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Цугларсан хүмүүсийн өмнө Кемерово мужийн дэд захирагч Сергей Цивилев гарч ирэхэд иргэд “Үнэнийг шаардаж байна”, “Огцор”, “Алуурчид” гэж хашгиралдсаар угтжээ. Тэд Ерөнхийлөгч Владимир Путинийг олны өмнө гарч ирэхийг шаардсан байна. “Путин амиа бодож сууна. Бид түүнийг сонгоогүй” гэж иргэд хашхиралджээ.
“Зимняя вишня” худалдааны төвийн галын дохиолол энэ сарын 19-нөөс эхлэн ажиллаагүй байхад хэн ч засч янзлаагүй байсан талаар Оросын мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин мэдэгдсэн байна.
Түүнчлэн зарим иргэний цахим хуудсандаа бичиж байгаагаар 400 гаруй хүн амиа алдсаныг албаныхан нуун дарагдуулж байна гэжээ. Ийнхүү иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Кемерово мужийн удирдлагууд болон Ерөнхийлөгч Владимир Путинийг огцрохыг шаардаж байгаа аж.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)