Ким Жон Ун: БНХАУ-тай шинэ төвшинд харилцах нь манай стратегийн зорилго

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийлээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин Хятад улсад анх удаагаа айлчилсан Ким Жон Унд баяр хүргэжээ. Мөн Хятад улсын дарга Ким Жон Уны айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хороо хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаад талархал дэвшүүлсэн байна. Умард Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ир 2000 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Зянь Земинтэй уулзсанаас хойш хоёр орны төрийн тэргүүн биечлэн уулзаж байгаагүй юм. Ши Жиньпин, Ким Жон Ун нар олон улсын болон Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцсон тухай эх сурвалж онцоллоо. БНХАУ-ын Коммунист нам, Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, ирээдүйн хөгжлийн бодлогодоо БНХАУ-ын бодлогыг тусгана гэж Ким Жон Ун уулзалтын үеэр мэдэгджээ. Ким Жон Ун өөрийн дэглэмийн гол ивээн тэтгэгч Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж, байр сууриа нэгтгэлээ хэмээн шүүмжлэх хэсэг ч гарч байна.

Уулзалтын үеэр Ким Жон Ун “Хятадын Коммунист намын ХIX хурал амжилттай болж, Ши Жиньпин дарга ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээж Хятад улсын удирдагч, Цэргийн төв зөвлөлийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэе. Хоёр орны найрсаг харилцааг эрхэмлэн танд биечлэн баяр хүргэх нь зүйтэй. БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийг үргэлжлүүлэх болно. Хятадын талтай гадаад харилцаагаа шинэ төвшинд хөгжүүлэх нь манай улсын стратегийн зорилго юм. Коммунист намын ХIХ их хурлын дараа Ши Жиньпин дарга намын дотоод журмаа чангатгасан. Энэ жишгээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам хүнд суртал, авлига, хээл хахуультай хатуу тэмцэж байна. Хятад улс чинээлэг нийгмийг байгуулж, орчин үеийн хүчирхэг, социалист улс байгуулах зорилгод амжилт хүсье. Солонгосын хойгийн байдал эерэг хандлагатай болж эхэллээ. Бид хурцадмал байдлыг намжаах арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, хэлэлцээр хийх санал гаргасан юм. Манай улсын их удирдагч агсан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын гэрээслэлийн дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь манай улсын зорилго. Сөүл, Пхеньяны тусгаарласан байдлыг эвлэрэл нэгдэл, хамтын ажиллагааны харилцаа болгон өөрчилж, хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт, АНУ-тай хэлэлцээр хийхээр ярилцаж байна.

Би АНУ-ын төрийн тэргүүнтэй биечлэн уулзахад бэлэн байна. Өмнөд Солонгос, АНУ-ын тал бидний гаргасан хүчин зүтгэлийг сайшааж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн. Энэхүү үйл явцын хүрээнд Хятад улстай стратегийн харилцаагаа эрчимжүүлж, хэлэлцээр хийж, тус хойгийн тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн” гэдгээ цохон тэмдэглэлээ. Харин Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүс нутгийн энхтайван тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр улс стратегийн хэлхээ холбоогоо үргэлжлүүлнэ. БНАСАУ-ын улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж, ард олон аз жаргалтай байхыг Хятадын тал хүсч байна. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодлогыг дэмжих болно. Энэ жил Солонгосын хойгийн байдалд эерэг өөрчлөлт гарлаа. Умард Солонгосын тал бүс нутгийн хямралыг энхтайвны замаар шийдвэрлэх хүчин чармайлт гаргасныг Хятадын тал сайшааж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах зорилтыг манай улс дэмжих болно. Тиймээс хоёр Солонгосын Засгийн газар харилцаагаа сайжруулах хэрэгтэй” хэмээлээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)