АНУ Японд хэрэгжүүлсэн "дарамтлах" бодлогоо Хятадад тулгалаа

 "301 тоот шалгалт"-ын үр дүнгийн дагуу Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ. Цагаан ордны шийдвэрийг эдийн засгийн шинжээчид олон талын байр сууринаас тайлбарлаж байгаа юм. АНУ-ын эдийн засагч, Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Хэнк “АНУ- ын худалдааны алдагдал Вашингтоны буруу бодлогоос үүдэлтэй учир Хятадтай ямар ч хамаагүй” гэв. Стив Хэнк нь Рональд Рейганы Засгийн газрын үед Цагаан ордны эдийн засгийн зөвлөлийг тэргүүлж байсан юм. Тэрбээр “Д.Трампын Засгийн газар Хятад, Америк хоорондын худалдааны асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй. Харин Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хуулийн дагуу маргаанаа зохицуулах ёстой. Үндсэн зарчмын хувьд, Дональд Трампын Засгийн газраас Хятадад хэрэгжүүлж буй худалдааны бодлого буруу юм. Дональд Трамп урт хугацааны турш алдагдалтай байсан АНУ- ын худалдааны үзүүлэлтэд Хятадын талыг буруутгасаар ирсэн. Цагаан ордон, Засгийн газрын албан хаагч, мөн эдийн засгийн зөвлөхүүд нь хүртэл олон улсын худалдааны явц дахь эдийн засгийн дүрмийг андуу ойлгож, Америкийн худалдааны алдагдлын шалтгааныг буруу тайлбарласан. Олон улсын худалдааны наад захын жам хууль, тоо томьёог мэддэггүйд Дональд Трампын Засгийн газрын гол асуудал оршино. Мэдээж энэ нь зөвхөн Америкийн Засгийн газрын асуудал биш. Америкийн худалдааны алдагдалтай үзүүлэлт бол Вашингтоны дотоод асуудал юм.

Гадны улс орноос бурууг хайх хэрэггүй. Тиймээс худалдааны асуудлаа олон улсыг хамруулж, эдийн засгийн дайн дэгдээлгүй шийдвэрлэх хэрэгтэй. АНУ-ын гадаад худалдааны алдагдал 1975 оноос эхлэлтэй. Энэ нь гадаад орнуудтай хамааралгүй, Америкийн Засгийн газар, аж ахуйн нэгж, хувь хүний хадгаламж нь хүрэлцээгүйгээс болсон юм. Бидний хөрөнгө оруулалт хадгаламжаас хол давсан, манай улсын Засгийн газрын төсөв жил бүр алдагдалтай гардаг. Хөрөнгө оруулалт, хадгаламжийн хоорондын энэ зөрүү нь бидний худалдааны алдагдлын ерөнхий хэмжээг тогтоодог” хэмээн мэдэгдлээ. Дональд Трампын Засгийн газрын Хятадад явуулж буй худалдааны бодлого нь өнгөрсөн зууны 80-аад онд АНУ-ын Японд явуулсан бодлоготой төстэй байгааг зарим шинжээч онцолж байгаа. Тухайн үед АНУ- ын Японтой хийж байсан худалдааны алдагдал нийт гадаад худалдааны алдагдлын 60 хувьтай тэнцэж байв. Иймээс Вашингтоны эрх баригчид Японд “дарамтлах” бодлого хэрэгжүүлж, албадлагын гэрээ байгуулах замаар иений үнийг өсгөж, сайн дураараа экспортоо хязгаарлахыг шаарджээ. Ийнхүү Японы Засгийн газрыг албадан Америктай хийж буй худалдааны ашгийг нь хүчээр бууруулж чадсан юм. Харин одоо Д.Трамп “Хятад, Америкийн худалдаанд шударга бус байдал оршиж байна” хэмээсэн нь АНУ-ын Засгийн газар Японыг дарамталсан шигээ Хятадыг дарамтлах гэсэн бодлого бололтой. АНУ-ын энэхүү бодлогыг олон орон эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Хятадаас импортлох бараанд гаалийн татвар ногдуулах нь Америкийн худалдааны алдагдлыг зохицуулж чадахгүй гэдгийг онцоллоо.

БНХАУ-д тулган шаардах замаар АНУ-ын худалдааны алдагдлыг 100 тэрбум ам.доллароор бууруулах нь Д.Трампын зорилго юм. Энэ удаагийн худалдааны алдагдлын ерөнхий хэмжээ нь урьдын хэмжээтэй ойролцоо байна. Цагаан ордны захиргааны шийдвэрийн хариуд Хятадын Гадаад хэргийн яамнаас “АНУ- ын Засгийн газар худалдааны асуудлаа шийдвэрлэхдээ улстөржүүлэхээ зогсоо. Мөн дотоодын улс төрийн шаардлагаас болж Хятадын бараа, бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэх нь зохисгүй юм. Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг баримтлах хэрэгтэй. Үүнээс гадна гэрээ шийдвэрийг олон улсын хуулийн хүрээнд батлах ёстой. АНУ-ын тал Парисын Олон улсын худалдааны танхим, Дэлхийн банк, холбогдох арбитрын байгууллагын тогтоолыг зөрчсөнд харамсаж байна. АНУ-ын Засгийн газар энэ асуудлыг эрх зүйн болон худалдааны аргаар дахин шийдвэрлэвэл зохино” хэмээн мэдэгдсэн юм.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)