Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэжээ
- 2018-03-31
- Байгаль орчин
- 0
Манай улсын хэмжээнд 2007 оны усны тооллогоор 5,128 гол горхи урсдаг байснаас 852 нь, 9,306 булаг шандын 2,277 нь, 7,474 нуур цөөрмийн 1,181 нь, 429 рашаан усны 60 нь ширгэж үгүй болсон байна. Гүний усны түвшин 3-5 метр доошилсон бол Мөнх цаст уулын 40 хувь нь хайлжээ. Өөрөөр хэлбэл нийт гол мөрний 16 хувь, булаг шандын 21.8 хувь, нуур тойрмын 28 хувь нь ширгэж үгүй болсон гэсэн мэдээ байна.
Нарны хурц тусгал нь далай, тэнгисийн усыг халааж ууршуулдаг. Уур нь агаар мандалд дэгдэж, эргээд цас бороо болж байгаль дэлхийг усалдаг. Үүнийг усны мөчлөг буюу усны эргэлт гэдэг. Усны эргэлт алдагдсанаар байгаль экологийн тэнцвэргүй байдал үүсэж олон сөрөг үзэгдлүүд гарч байна Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгалийн баялаг ой мод байсан газар хожуул болж, ой түймэрт өртөн шатсаар байна. Ингэж байгалийг сүйтгэсний улмаас хуурайшилт ихсэж, гол, горхи усны эх тасардаг. Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд хуваарилах, тунадсыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг.
Гэтэл том хэмжээний усан онгоцноос хаягдаж буй хаягдлууд болох бактери, эмнэлгийн хог хаягдал, тос, хүнд метал, угаалгын нунтаг зэрэг нь усан дахь амьдралыг хордуулах гол шалтгаан болж байна. Мөн химийн үйлдвэрүүдийн утаа нь агаарт дэгдсэнээр 'агаар мандалд'' байгаа ус нь тодорхой химийн бодисууд /нүүрс хүчлийн хий, хүхэрлэг хий гэх мэт/-тай холилдоход маш хүчиллэг нэгдлүүд үүсдэг.
Гол мөрөнд ус, ундааны сав, хаяснаас жилд 1 сая гаруй шувуу болон хөхтөн амьтан пластик хог хаягдлын нөлөөнд өртөж, устаж үгүй болж байна. Цөлжилт, хуурайшилт, элсний нүүдэл, Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хэт халалт усны хомсдол үүсгэх шалтгаан болдог.
Мэдээж хотжилт, үйлдвэржилт, хүн амын эрчимтэй өсөлтөөс шалтгаалж агаарын болон хөрсний бохирдол үүсгэдэг. Хөдөө орон нутагт ч уул уурхайн олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийдэггүй.
Гадаргын болон гүний усны тэжээгдлийн мужид хууль бус ашигт малтмал, хайрга олборлох, гол горхи болон гадарган усыг ахуйн бохирдлоор бохирдуулж буй үйлдлүүд юм. Иймд усаа хайрлаж, гамнаж, зөв зохистой ашиглаж байхаар 2018 оныг дэлхий нийтээрээ “Ус ба байгаль” уриатай зарлажээ. Харин манайд гурван сарын аян зохиогдож эхэллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл (0)