Хятадын технологийн салбарт АНУ хориг тавина

Дональд Трампын Засаг захиргаа АНУ-ын технологийн салбар дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын Сангийн яам БНХАУ-ын компаниудын технологийн салбарын хөрөнгө оруулалтад хориг тавихаар ажиллаж байгаа аж. Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр, энэ шийдвэр хагас дамжуулагч үйлдвэрлэгч болон 5G технологийн харилцаа холбооны компаниудыг хамарч магадгүй гэнэ. АНУ- ын Худалдааны сайд Уилбур Росс “Гадаадын хөрөнгө оруулалтад хязгаарлалт тогтооно” гэдгийг мэдэгджээ. Харин БНХАУ АНУ-ын худалдааны бодлогын хариуд маргаан, санал зөрөлдөөнтэй байдлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр сууриа дахин нэг удаа бататгажээ. Үүнээс гадна БНХАУ зах зээлээ илүү нээлттэй болгоход чиглэсэн шинэчлэлээ өргөжүүлнэ гэдгийг тус улсын Гадаад хэргийн яам онцолсон байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь “Яриа хэлэлцээ хийх, зөвлөлдөх үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Гэхдээ хэлэлцээ нь аль нэг тал шаардлагаа хэт өндөрсгөж, нөгөө талд саад учруулахаар байх ёсгүйг энд онцолмоор байна. Тиймээс яриа хэлэлцээ талуудын ашиг сонирхлыг хангасан, харилцан эрх тэгш байх ёстой гэж бид үзсэн. Ингэснээр аль аль талдаа харилцан ашигтай үр дүнд хүрэх болно” гэж мэдэгдсэн байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)